Categories
мэдээ нийгэм

“Утааны эсрэг аав ээжүүд”, ҮАБЗ-ийн Зөвлөмжийг яаралтай хэрэгжүүлэхийг шаардана

“Утааны эсрэг аав ээжүүд” ТББ-аас энэ сарын 28-нд Д.Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж, төрийн өндөрлөгүүдэд агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-өөс гаргасан Зөвлөмжийг яаралтай хэрэгжүүлэх чиглэлээр шаардлага хүргүүлэхээр болов.

Энэ талаар өнөөдөр тус ТББ-ын Тэргүүн Ц.Пүрэвхүү, судлаач Р.Мөнхзул нар мэдээлэв. Өнгөрсөн сарын 26-нд “Утааны эсрэг аав ээжүүд” ТББ анхны жагсаалаа хийж, төрийн өндөрлөгүүдэд хэд хэдэн шаардлага хүргүүлжээ. Энэ сарын 10-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн өргөтгөсөн хуралдаан болж, агаар, орчны бохирдлын эсрэг авах арга хэмжээний талаар зөвлөмж боловсруулсан нь анхны жагсаалын үр дүн хэмээн үзэж буйгаа мэдээллийнхээ эхэнд онцлов. Гэхдээ төрийн байгууллагууд агаарын бохирдлыг бууруулах анхны төлөвлөгөөг ирэх сарын 20-нд батлахаар төлөвлөсөн нь хэтэрхий удаашралтай байна хэмээн үзэж байгаа аж.

Ц.Пүрэвхүү, “Анхны жагсаалын үеэр агаарын бохирдлыг бууруулах чиглэлд бодит алхам хийхэд анхаарч ажиллах хүсэлтийг УИХ-ын өргөдлийн байнгын хороонд хүргүүлсэн. Энэ өргөдөлд цахим болон цаасан хэлбэрээр 10 мянга гаруй хүн гарын үсэг зурсан. Мөн жагсаалын үеэр төрийн өндөрлөгүүдэд хүргүүлсэн хэд хэдэн шаардлагыг биелүүлээгүй байгаа. Тухайлбал, Засгийн газрын ээлжит хуралдаанаа агаарын бохирдол ихтэй Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд хийхийг шаардсан. Мөн агаарын бохирдлын сүүлийн 15 жилийн хугацаанд хийсэн ажлын тайланг энэ сарын 15-ны дотор нийтэд мэдээлэх, утааг 2018 оны нэгдүгээр сарын 01-нээс өмнө 80 хувь бууруулах төлөвлөгөө боловсруулж, танилцуулах, хүүхдийн өвчлөл, нас баралтын статистик мэдээллийг долоо хоног тутамд олон нийтэд хүргэх шаардлага тавьсан ч одоогоор хариу ирээгүй байна” гэлээ.

Олон улсад агаарын бохирдлын улмаас хохирсон иргэдэд нөхөн олговор өгдөг жишиг байдаг аж. Түүнчлэн агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн тохиолдол бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүдийг голомтоос гаргах арга хэмжээ ч авдаг байна. Монгол улсын 0-5 настай хүүхдийн эндэгдлийн 33 хувь нь агаарын бохирдолтой холбоотой гэдгийг эрдэмтэд тогтоосон. Тиймээс агаарын бохирдлын голомтоос гаргах арга хэмжээг хэрэгжүүлж эхлэхийг зөвлөв. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэг, сургуулиудад агаар цэвэршүүлэгч тавихыг шаардлаа.

Монгол Улс “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үндэсний хөтөлбөр”-ийг 2011 онд баталсан.

Уг хөтөлбөрийг 2011-2016, 2017-2021 он гэсэн хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аж. Энэ хүрээнд нийт 30 гаруй агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хууль, тогтоол, журам, төсөл баталжээ. Түүнчлэн энэ сард болсон ҮАБЗ-ийн дагуу Засгийн газар 6, УИХ, 4, НИТХ 4 ажил хийхээр төлөвлөжээ. Эдгээр хууль, тогтоолуудад давхардсан заалт олон байгаа тул нэгтгэж, бодлогын нэг баримт бичигтэй болох хэрэгтэй гэдгийг судлаач Р.Мөнхзул хэллээ. Мөн үер ус, газар хөдлөлт зэргийг гамшиг гэж үзнэ хэмээн Гамшгийн тухай хуульд заажээ. Харин агаарын бохирдлыг талаар тодорхой заалт байхгүй юм. Тиймээс Гамшгийн тухай хуульд агаарын бохирдлын асуудлыг нэмж тусгах нь зүйтэй гэсэн санал хэллээ.

Энэ сарын 28-нд зохион байгуулах жагсаалаар ҮАБЗ-ийн Зөвлөмжийг нэн яаралтай хэрэгжүүлэхийг шаардах аж. Зохион байгуулагчдын зүгээс иргэдийг уг жагсаалд идэвхтэй оролцохыг уриаллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *