Categories
мэдээ нийгэм

“Тамирын жавар” Заяын хүрээний наадам болно

Архангай аймгийн Цэцэрлэг хотод “Тамирын жавар” Заяын хүрээний наадмыг энэ сарын 21-нд зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээний хүрээнд өдөр нь урд Тамирын голын мөсөн дээр мөсний шагай наадам, орой нь Цэцэрлэг хотын зүрхэн тушаа дүнхийх Булган уулнаа зул өргөх ёслол болно. Дэлхийд зул өргөдөг, зултайгаа мөнхөрсөн хоёрхон уул байдгийн нэг нь Булган уул. Сансар огторгуйн бум түмэн одод газарт буугаад ирэх нь энэ үү гэлтэй мянга мянган зул бадамлуулах энэхүү өвөрмөц зан үйл жуулчдын нүдийг хужирлах нь лавтай. Түүнчлэн Архангайчуудын нэгэн бахархал болсон анхдугаар Зая гэгээн Лувсанпрэнлэй мөсний шагайн харвааг 350 жилийн тэртээ зохиож байсан түүхтэй. Нутгийн энэхүү хоёр брэндийг хослуулан “Тамирын жавар” Заяын хүрээний наадмаа зохион байгуулж буй нь энэ юм.

Тус арга хэмжээг аймгийн БОАЖГ санаачлан, аймгийн ЗДТГ болон агентлагууд дэмжин оролцож байгаа юм. “Тамирын жавар” наадмыг жил бүр уламжлал болгон явуулах бөгөөд энэ арга хэмжээг жилээс жилд өргөжүүлэн зөвхөн энэ наадмыг зорин ирдэг гадаад дотоодын жуулчидтай болох, цаашлаад нутаг орноо дэлхийн хэмжээнд таниулах томоохон зорилготой аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *