“Монголын малчдын хамтын хариуцлагын холбоо” байгуулагджээ. Энэ талаар тус холбооны удирдлага болон гишүүд нь өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус холбооны тэргүүн Э.Ганбаатар “Монгол үндэстний оршин тогтнохын ул үндэс болсон нүүдлийн соёлыг хамгаалах, хөгжүүлэх, энэ цаг үед тохиож буй сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулж, Монгол түмнээрээ төвшин сайханд хүрэхийн төлөө малчид эвлэлдэн нэгдэж, Монголын малчдын хамтын хариуцлагын холбоог байгуулсан” гэдгийг дуулгав.
Холбооныхны зүгээс гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа аж. Газар нутаг, бэлчээр усаа хамтаар хариуцан хамгаалах, мал сүргээ хамтаар хариуцан ахуй амьдралаа чадавхжуулах, өв уламжлал, соёлоо хамтаар хариуцан өвлүүлэн дамжуулах чиглэлээр ажил өрнүүлэх гэнэ. Хэвлэлийн бага хурлын үеэр ахмад малчид нүүдлийн соёл иргэншил алдагдаж байна. Энэ нь залуу малчид цөөрч байгаатай холбоотой. Эртний сайхан өв уламжлалыг өвлүүлэх залуучууд цөөрсөөр байгаа учраас бодлогоор залуу малчдын тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байгааг хэлэв. Хүссэн хүсээгүй газар нутгаа хамгаалж байгаа хүмүүс бол малчид. Тиймээс Монголыг Монголоор нь харагдуулдаг, нүүдэлчин соёлыг авч явдаг малчдынхаа залгамж халааг бэлдэх зайлшгүй шаардлага тулгарч байна” гэлээ.