Categories
мэдээ цаг-үе

Утааны голомтод өнжсөн нь

Утаан дундаас Улаанбаатар харагдахгүй байна. 2016.01.07-ны 10:00 цаг.

Манай сонины “Танайд өнжье” булангийн багийнхан энэ удаа аль нэгэн айлыг онцолсонгүй. Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэндэд хамгийн том аюул болоод буй утаан дундаас сурвалжлагаа бэлтгэлээ. 2011 оноос хойш утааны эсрэг 200 гаруй тэрбум төгрөг зарцуулаад байгаа ч өнөөдөр ямар нэгэн эерэг үр дүн гараагүй байна. Бямба гаригийн өглөөний найман цагт Таваншараас Толгойтын урд замаар өгслөө. Орбитын замаас гэрлээ асаасан машинууд Толгойт руу орж ирнэ. Утаан дунд машиныхаа гэрлийг асаахгүй явна гэдэг тулаанд гар нүцгэн орохтой ижил юм. Толгойтын зам гэж там юм аа. Утаан дундаас урд замаа харалгүй энхэл донхол руу давхиад орчих жолооч хэд хэд таарав. Саарал верна аксент унасан Пүүжээ хэмээх ахын машины дугуй хагарчээ. Өөрөө ч нэрээ хэлээгүй юм, гар утсаар л “Пүүжээ байна аа, Орбитын салдгийн энд дугуй хагарчихлаа” гээд хэн нэгэнд дугуй захиж байв. Утааны талаар яриа өдөх санаатай яваад очтол манийг ч тоох юм алгаа. “Энэ муу нүүгэлтсэн утаанаас болж л зам харагдахгүй дугуйгаа хагалж байхгүй юу” гээд цааргалах янзтай. Толгойтын айл бүрийн яндангаас хар хөх утаа суусаглана. “Содмонгол” бензин түгээгүүрийн доохно талд нүүрс зардаг хүмүүс ойр зуурыг ярилцан байх. Таксины жолоочтой мэнд ус мэдэлцэн утааны талаар сурвалжлага бэлтгэж яваагаа дуулгахад “Өнөөдөр утаагүй л байна ш дээ. Яг утаатай өдөр нь ирсэн бол чи бид хоёр бие биенийгээ харахгүй дээ” гээд зураг хөрөг авахгүй шүү гэснээ машиндаа суучихлаа. Харин Сонгинохайрхан дүүргийн хорьдугаар хорооны иргэн Д.Дашзэгвэ гуай бидний ярилцахыг сонсож зогссоноо “Би Толгойтод 10 гаруй жил амьдарч байна. Анх нүүж ирэхэд утаа гайгүй байсан. Одоо бол гамшиг аа, гамшиг. Утаа улам нэмэгдээд хэцүү л байна. Энэ дарга нар нь утаа багасгана гэж их мөнгө авсан гэж дуулсан. Юу хийдэг юм бүү мэд. Манайх төслийн “Хас” зуухтай. Утаа бага гаргана гээд хоёр жилийн өмнө өгсөн. Нэмэр алга л байна. Нүүрс түлж байгаа үед мянган утаагүй зуух тараагаад нэмэргүй гэдгийг нь харцгаалаа. Борлогдохгүй байгаа тэр байрнуудаа хямд үнээр иргэдэд өгчихвөл л утаа багасна байх. Ерөнхий сайд тогны үнийг тэглэнэ гэсэн, тэр үр дүн хэр байхыг мэдэхгүй. Тэтгэврийн ганц бие хөгшин би гэхэд тэр үнэтэй халаалтыг нь лав гэртээ тавьж чадахгүй. Аль ч нам нь гарсан, энэ утаа байх л юм байна шүү дээ. Утаагаа алга болго гэж Бат-Үүлд хэлээрэй” гэв. “Э.Бат-Үүл хотын дарга биш шүү дээ” гэтэл “Ямар хүн болсон юм” гээд асууж байлаа. Толгойтоос Эх нялхас руу шууд явлаа. Өглөөний есөн цаг өнгөрч нар хөөрчихсөн байсан ч Эх нялхас, Зурагт хавь битүү манантай мэт утаандаа сааралтана. “Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн” монголчууд нүүрсний угаарт ийнхүү аж төрсөөр л байна. Нүүрс зарж буй хүнтэй хууч хөөрөх гэсэн боловч “Өөрөө нүүрс зарж байж утааг буруутгах нь хаашаа юм” гэснээс өөр зүйлийг ярьсангүй. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас ирсэн малчин Д.Пүрэвдорж “Хотын утаа аймаар байна. Чанга юм байна. Телевизээр утаа их байна гээд байсан чинь хотод ирсэн бүр аймаар байдаг юм байна. Дарга нар нь идэж уудгаа болиод ажлаа хийвэл утаа багасах юм болов уу. Маскийг нь олж авч чадаагүй, аргаа бараад ороолтоороо амаа таглаад явж байхав дээ. Энэ хотынхон чинь утаа их байна гэчихээд эндээ л шигдээд байх юм. Нэг дэхэд бушуухан Түмэнцогт руугаа явах минь л гэж бодож байна. Хотын утаа чинь дэлхийд нэгт орж байгаа гээ биз дээ. Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд нь та нартай адилхан утаагаар амьсгалдаг байлгүй дээ. Тэр хүмүүс над шиг үр хүүхэдтэй байлгүй дээ. Яагаад Монголын ирээдүйг ингэж баллах гээд зүгээр суугаад байгаа юм бол” гэсээр ороолтоороо амаа битүү ороож аваад цааш алхлаа. Амралтын өдөр болоод ч тэр үү, айлуудын яндангаас утаа цоролзож эхэллээ. Энэ олон яндангаас олгойдон хөөрөх энэ утаа бидний уушгиар дамжин бүх эрхтэнд муугаар нөлөөлж байгаа даа гэж бодохын зуур хэнд ч юм гомдох сэтгэл төрнө. Бид Чингэлтэй дүүргийн долдугаар хороо буюу Баянхошууны колонк дээр ирлээ. “Зэрэглээнд төөрсөн янзага шиг чи минь хаашаа одов доо” гэдэг шиг ганц хоёр зураг авчихаад ирье гэсэн зурагчин маань машинаас буугаад л харагдахаа байлаа. Хоолой хорсгом утаа, замын халтиргаа хоёр тэнд өөрийн ноёрхлоо тогтоожээ. Хэдэн км-ийн цаанаас ирж байгаа мэт ёлтойсон гэрэлтэй машинууд давхилдах нь биднээс хэдхэн алхмын цаана болж байх жишээтэй. Тэр хавиас хотын төвийг харна гэдэг амаргүй. Угаасаа харагдах ч үгүй юм билээ. Долдугаар хорооны иргэн Нэгдүгээр эмнэлгийн асрагч Н.Эрдэнэчимэг “Утаа ер нь л хэцүү шүү. Өнөөдөр харин ч гайгүй байна. Зарим өглөө бие биенийхээ нүүрийг ч харж чадахгүй шүү. Жаахан хүүхэд аваад гарах ямар ч боломж алга, үнэхээр нэмэр алга байна шүү дээ, миний дүү. Утааг багасгахын тулд манай ийшээ халуун, дулааны шугам л татаад өгчих. Төр засгаас өөр хүсэх зүйл алга. Ингэхгүйгээр энэ утаа арилна гэж байхгүй ээ. Манайх 2005 оноос хойш энд амьдарч байгаа. Анх ирэхэд утаа байдаггүй байсан ч сүүлийн зургаан жил утаа эрс нэмэгдсэн. Энэ зам руу гарч ирэх гэж утаанд бөгшүүлж ханиалган гурван удаа замдаа амарч байна үү дээ. Амьдрахад үнэхээр хэцүү байна. Нас ч тавь гарчихлаа. Тэтгэвэрт гараа л бол утаанаас зугтаж холхон амьдаръя л гэсэн бодолтой байна. Ач, зээ нар маань Улаанбаатарт амьдрах үнэн хүнд байна. Утаа багасгана гээд төслөөр хөнгөлөлттэй зуух өгсөн. Одоо ч манайд байж л байна. Тэгж их мөнгө зарцуулчихаад утаа багассан зүйл алга. Ээжийнх “Өлзий”, манайх “Дөл”, хүүгийнх маань “Хас” зуухыг нь авсан. Гардаг утаа нь гарсаар л байна. “Хүрд” компанийн утаагүй зуух гээд байхаар нь авсан чинь ялгаагүй утаа гарч л байна. Яндангаас утаа гарч байгаа бол агаарын бохирдол байсаар л байна гэсэн үг. Зуух, утаагүй түлш, нүүрсээр утааг шийднэ гэж байхгүй. Манай Нэгдүгээр эмнэлгийн Уушгины тасаг хөл гишгэх зайгүй байна. Утаанаас болоод ханиад хүрээд шууд хатгаа болж байна. Утааны өвчлөл маш их байгаа болохоор эмнэлэг ачаалал ихтэй байгаа. Өвөлдөө утаатай, зундаа шарилжтай ер нь л хэцүү байна шүү. Хүүхдүүд маань ач, зээ нарыг салхинд гаргана гээд манайд аваад ирдэг юм. Би ирэхээр нь гаргадаггүй. Ийм утаанд яаж салхилуулах юм бэ. Төр засаг юугаа харж, юу хийгээд байгаа юм бэ. Дарга нарын хийж бүтээж байгаа зүйлс иргэдийн амьдралд тус болж байгаа зүйл алга” гэсээр ажилдаа явсан юм. Тэр их утаан дунд ирж байгаа хүн битгий хэл автобус ч харагдахгүй түвэгтэй байлаа. Тэндээсээ “Далан давхар”-ын замаар Дэнжийн мянга руу явлаа. Зурагчин маань ганц хоёр кадр буулгах санаатай чимээгүй хотын захад машинаа тавиад өгсөв. Өндөрлөг газар ирэнгүүт утаа арай л бага байх юм. Харин зуны цагт хот алган дээр тавьсан мэт харагддаг газрууд битүү утаатай байсан тул “Энэ газар хэзээ ч хот байгаагүй” гэсэн мэт нүдэнд өртөх ганц ч орон сууц харагдсангүй. Буцаад уруудах замд гэр хорооллын айлууд гудамжиндаа угаадсаа цацаж, үнс нурмаа ил задгай хаа сайгүй хаядаг нь нэн тодхон байв. Гэрийнх нь үүднээс хоёр алхаад хашааных нь хаалга байх. Харин тэр хаалганаасаа нэг алхам ч хүрэхгүй зайд үнс, угаадас нь холилдон үнэр танар ч гэж хэцүүхэн байх юм. Өндөрлөг газраас хотынхоо барааг харж чадаагүйдээ сэтгэл жаахан гундуухан Дэнжийн мянгын баруун талаас нь орлоо. Тэр уулын бэлээр байгаа айлууд хашаандаа машины дугуйнуудыг ундуй сундуй болгочихсон зарим нь галын түлээ шиг өржээ. Гэрээс гарч ирсэн залуугийн гэрийн яндангаас үл мэдэгхэн утаа суунаглах бөгөөд нэг дугуй барьсаар орлоо. “Лав гал түлэх биз” гэх бодол төрсөн юм.

Дэнжийн мянгад амьдардаг Д.Нанжид гуай “Улаанбаатар хотын иргэдийг бүгдийг нь орон сууцанд оруулж байж л утаа багасна. Түүнээс биш гал түлж, энэ олон машин явж байгаа үед утаа арилна гэж байхгүй ээ. Ямар ч дарга гарч ирсэн үр дүн гарахгүй байна. Эзэнгүй олон байрандаа бага төлбөрөөр иргэдийг оруулдаг юм уу, яадаг юм. Энэ утаа тийм амархан арганд орчих эд биш. Утаа зун л арилна. Түүнээс нааш арилахгүй. Манай Дэнжийн мянгын бараг бүх айл л утаагүй зуух авсан байх. Нүүрсээ түлж байгаа юм чинь хортой угаар гарна л гэсэн үг. Манайх хоёр утаагүй зуух авсан. Хоёулаа л утаа гарч байна. Би 1982 оноос хойш Дэнжийн мянгад амьдарч байгаа. Би 20 жил нүүрс түлж байгаа. Гэхдээ ноднин, уржнан, энэ жилийнх шиг их утаатай байсныг санахгүй юм. Орой бол хамар амаар утаа саагах нь холгүй байдаг. Манай Дэнжийн мянгаар утаа их гаргадаг машинуудыг бага явуулмаар байна. Энэ төрийн түшээд чинь дээшээ гарахаараа амаа үдүүлчих юм. Утаанаас гадна замын халтиргаа гэж айхтар байна. Би л гэхэд автобусны буудал руу ирэх замдаа хоёр удаа өнхөрч ойчиж байж ирлээ. Энэ хувцас харахгүй юу. Гар хөлөө хугалчих гээд маш хэцүү. Цас ч яахав, байгалиас орсон юмыг яая гэхэв. Энэ утааг л хүмүүс өөрсдөө бий болгоод байгаа болохоор өөрсдөө л арга хэмжээ авах хэрэгтэй” гэсээр “Дэнжийн мянга-Зайсан” чиглэлийн автобусанд суулаа. Дэнжийн мянгаас Баянбүрдийн тойрог руу явахад утаа арай л бага байв. Нарны тусгал ч илүү тод. Иргэн Л.Борчулуун “Улсын төсвөөс их хэмжээний мөнгө аваад ажил хийнэ гэсэн хүмүүс нь дорвитой ажиллахгүй байна. Төсөвлөсөн мөнгийг нь цааш нь зувчуулаад байдаг юм биш үү. Утаагүй зуух ч гэж юу байхав дээ. Утаа гаргаж л таараа. Утаагүй зуух авч тавьсан нүүрсэнд жаахан хэмнэлттэй л юм билээ. Гэхдээ л утаа гарч байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат цахилгааны шөнийн тарифыг тэглэнэ гээд байна лээ. Энэ нь хэрэгждэг бол сайн л байна. Гэхдээ цахилгааны хүчдэл нь дийлэхгүй. Тэрнээсээ ч олон сөрөг үр дагавартай. Цахилгаан халаагуур залгангуут хэдэн цаг болоод хүчдэл нь дийлэхгүй унтарчихдаг. Улаанбаатарынхаа иргэдийг орон сууцжуулах хэрэгтэй. Ард түмэндээ янз бүрийн гох дэгээ тавилгүй өгчихөж болдоггүй юм уу. Арилжааны банкуудтайгаа ярих хэрэгтэй шүү дээ. Гэр хороолол руу дэд бүтэц татна гэж хэдэн жил үлгэр ярилаа. Ер нь утаагаар бизнес хийдгээ л больчих” гэхэд гэргий М.Оюунчимэг нь “Хөгшин бид хоёр Налайхад амьдарч байгаад тэтгэвэртээ гараад сургуульд сурч байгаа хүүхдүүдээ бараадан хот руу ирсэн юм. Хотод 2001 оноос хойш амьдарч байгаа. Утаа үнэхээр гамшгийн хэмжээнд хүрчихлээ. Төр засаг иргэдээ аюулгүй, утаагүй орчинд амьдруулъя гэж байгаа бол орон сууцжуулах хэрэгтэй. Бид хоёр гэхэд л нэгнийхээ тэтгэврийг байрныхаа лизингэд өгөөд миний тэтгэврээр амьдарч болж л байна. Тэгэхгүй бол хэцүү” гэлээ. Бидний мэдэхээр 32-ын тойргийн авто засваруудаар орлоо. Учир нь засварын газруудын яндангаар хар утаа олгойдон байсан тул “Приус машины батарей” хэдээр солих вэ хэмээн асуух зуураа танай засвар халаалтаа юугаар шийдсэн бэ гэхэд “Ажилласан маслоор энэ зуух ажилладаг юм. Тогонд залгахад болоо. Нүүрс хийнэ гэхгүй амар” гэж байв. Тэр хавийн хэд хэдэн газар иймэрхүү байдлаар халаалтаа шийджээ. Ажилласан маслоор халаалтаа шийдсэн нь маш дулаан орчныг бүрдүүлдэг ч тэнд удаан байхын эцэсгүй өмхий үнэртэнэ. Өнөө маслоных нь үнэр гэж байсан юм. Тэндээсээ шууд Баянхошуу руу явлаа. Замаараа гэр рүүгээ машины дугуй бариад орж байсан айлын урдуур гарахад гэрийнх нь яндангаас хар утаа олгойдон байсан нь хаймар түлж байгаа нь үнэн болохыг батлав. Баянхошууны 76 дугаар сургуулийн нэрээ хэлэхийг хүсээгүй багш “Энэ утаа үнэхээр эмгэнэл болчихоод байна. Болдог бол хэдэн хүүхдээ аваад хотоос гарч хичээл заах юмсан” гээд яваад өглөө. Харин Зүүнсалаа, Баруунсалаа, Баянхошууны тойрог руу дөхөх тусам үүлэн дундуур давхиж явна уу гэлтэй замаар яваа явган зорчигч ч харагдахгүй өтгөн утаа руу яваад орчихлоо. Уулзварын гэрлэн дохио батарей нь суусан гэрэл шиг бүдэг бадагхан сүүмэлзэнэ. Машинд явахад ч утаа үнэртээд үнэндээ хэцүү. “Хилчин” хотхонд амьдардаг Н.Алтанзул “Би гурван хүүхэдтэй. Гурван хүүхдээ утаанд байлгах хэцүү байна. Ямар сайндаа маргааш (бямба гаригт) хүүхдүүдээ хөдөө явуулах гээд байж байна л даа. Хоёр жилийн өмнө “Хилчин” хотхоны энэ хавь гайгүй байсан. Энэ жил бүр аймаар болчихлоо. Ялангуяа өглөө, оройдоо зам ч харагдахгүй хэцүү. Утааны эсрэг хорооноос явуулж буй арга хэмжээнд оролцдог. Гоё гоё юм яриад хэрэгжихгүй л байна” гэсэн юм. Тэндээс Таван шар руу уруудах замаараа Содон, Орчлон хороолол руу явлаа. Хэдэн орон сууцаа тойроод гэр хороолол байх тул нэлэнхүйдээ утаатай. Үнэндээ хэдэн давхар орон сууц болохыг тоолох гэж хичээсэн ч барсангүй. Дээр хэлсэн үнс нурам, угаадсаа гудамжиндаа асгасан дүр зураг дээр дурдсан бүх газарт хамгийн түгээмэл байсныг хэлэх нь зөв байх. Өдөр явсан маршрутаараа орой 20 цагаас 23 цаг хүртэл явлаа. Хамгийн их утаатай нь Дэнжийн мянга, Баянхошуу, Зурагт, Эх нялхас байлаа. Бүх машин холын гэрлээ асаасан явах бөгөөд ихдээ л 30-40 км цагийн хурдтай явахгүй бол юу ч мөргөж мэднэ. Үзэгдэх орчин шөнийн харанхуйдаа бус утаан хөшигнөөс болж ийн хязгаарлагдаж байсан юм. Чингис хаан дэлхийн талыг эзлэхдээ утаан хөшиг хэрэглэж байсан талаар түүхэнд бичсэн байдаг. Өнөө цагт харин үр хойч нь өөрсдийнхөө утаан хөшгөн дунд өөрсдийгөө мөхөөсөөр байна.

Уулан дээрээс авсан Дарь-Эх, Долоонбуудал, Чингэлтэй орчмын зураг. 12:00 цаг

Одоо хотын зүүн хэсгийн сурвалжлагыг хүргэе. Өглөөний 08:00 цагийн орчимд “Сансар”-ын арын дэнж дээрээс хотын төв талбайн зүг харвал юу юугүй асгах гэж буй аадрын бараан үүл шиг өтгөн хар утаа багшран чихэлдэж, үзэгдэх орчны байдал хоёр, гурван зуун метрээр хязгаарлагдаж байв. Учир нь энэ дэнж, уулын хэвгий, гуу жалга ихтэй тул айл амьтан ч багатайн дээр өндрийн салхи утаа униарыг хуралдахын завдалгүй хийсгэн сарниачих аж. Дэнж уруудан буух тусам үзэгдэх орчны хүрээ улам хумигдаад, илт нүүрс үнэртэн, хоолой ам гашуу оргиулна. Яг л нуурын эргээс гүн рүү нь алгуурхан урагшлах тусам хөл алдам их усан мөр даваад ирэх шиг амьсгал давчдуулж байв. Гэвч бид ийм усан дунд, биш ээ утаан дунд аж төрсөөр байгаа нь хачирхалтай хэрэг юм.

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дарь-Эхийн гэр хорооллоор хэсэг алхав. Хашаа хороогоо тэлж томсгосоор хоёр машин зөрөхтэй үгүйтэй болсон нь машины дугуйнд зүлгэгдсээр мөсөн коток шиг болчихжээ. Хий эргэчихмээр газарт хэн нэгэн айлын хүн үнсээ гарган хээвнэг асгах нь харин ч буянтай үйлс мэт. Хашааны булан тохойд хөлдүүс болсон гөлөг, няц дайрагдсан муур хэвтэж байх нь өвөл цагийн хахир хүйтэн байдлыг улам ч тодосгох шиг. Эвгүйхэн гишгэвэл халтирч унаад бэртэх, эсвэл өөд уруугүй давхих машины дугуйн доогуур орчихоо байг гэхэд үнс нурамтай холилдож мэдэх замаар хашааны ёроол даган гэлдрэх хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүдийн хөл тасрахгүй. Гэтэл бас ярдаг ноход нь хашааны цаанаас гэнэт хуцан, тасар татчих гээд уушги зүрх амаар гаргах шахна. Өнөөгийн манай нийслэл хот, гэр хорооллын өнгө төрх нэг иймэрхүү л байна. Дээр нь бас энэ утаа униар нэмэгдчихээр юу болдог гэж санана. Үүнд хэн бүхэн санаа зовж, сэтгэл нь түгшиж байгаа ч яах учраа олохгүй байна. Ингээд, БЗД-ийн II хорооны иргэн Б. Шүрэнцэцэгтэй уулзаж ярилцсанаа хүргэе.

УТААНЫ ЭСРЭГ ЖАГСААЛД НИЙСЛЭЛИЙН БҮХ ИРГЭНОРОЛЦОХ ХЭРЭГТЭЙ

-Танай энэ хавь их утаатай юм байна. Ер нь байнга ийм байдаг уу?

-Хүйтрэх тусам улам л утаатай болоод байна. Уг нь манай энэ хэсэг чинь Сэлбийн хонхрыг бодвол гайгүй өндөрлөг газар. Гэвч сүүлийн үед утаа нь салхинд туугдахаа больчихсон юм уу. Эсвэл салхи салхилахаа больчихсон юм уу, бүү мэд. Нэг л бүүдгэр саарал орчинд амьдрах боллоо. Хүүхэд, хөгшид их мэдрэмтгий юм. Жаахан даарч хөрвөл л ханиад хүрчих гээд, дархлаа нь илт доройтойж байгаа. Ээж маань манай хашаанд амьдардаг юм л даа.

-Та хэдэн хүүхэдтэй вэ. Энэ өвөл ханиад томуу хүрэх нь ямар байна, цэцэрлэг сургуульд явж байна уу?

-Би гурван хүүхэдтэй. Том нь дөрөвдүгээр анги, дундах маань цэцэрлэгт явдаг. Багыгаа би гэртээ хардаг. Хоёр томыгоо зун хөдөө явуулчихдаг юм. Хөдөө айраг цагаан дээр нэлээд борогшоод ирдэг болохоор энэ өвөл бас харьцангуй гайгүй л байна. Харин бага маань өнгөрсөн жилээс хойш хоёр, гурван ч удаа хатгаа туссан. Амьсгалж буй агаар, амьдарч буй орчин нь ийм болохоор арга ч үгүй юм болов уу даа. Сүүлийн үед гэрээр, хөрвүү аргаар эмчилж байна. Тэгэхгүй бол энэ эмнэлгүүд чинь битүү л байгаа сурагтай. Тэгээд ч олон хүнтэй газар эргэж ханиад хүрээд байх юм билээ.

-Танайх халаалт, дулаанаа яаж шийдэж байна. Гэрт амьдарч байна уу, байшинд уу?

-Манайх өнгөрсөн намар байшин барьж орсон. Ханан пийшингээр халаадаг. Гэрт амьдардаг байхад дулаан маш их алддаг байж. Шөнө босч галдаа нүүрс нэмэхгүй бол өглөө их хүйтэн байдаг байсан. Харин одоо өглөө, оройд л пийшингээ галлаж байгаа.

-Ерөнхий сайд, цахилгааны шөнийн тарифийг тэглэх шийдвэр гаргасан. Халаалт, дулаанаа цахилгаанаар шийдэх боломж танайд бий юү?

-Уг нь нөхөр маань шалны халаалт тавина гэж байсан ч энэ өвөл амжаагүй. Тиймээс одоо ханан пийшингээс өөр шийдэл алга.

-Агаарын бохирдол, гамшгийн хэмжээнд хүрээд буй энэ байдалд танайх ч мөн хувь нэмэр оруулж байгаа юм байна шүү дээ?

-Мэдэж байгаа. Гэвч одоо яалтай билээ. Өөрсдөө осгочихгүйн тулд галлах, нүүрс түлэхээс өөр арга алга. Санаагаар болдог бол газраа байраар солимоор л байна. Манайх ч бас дулаахан, тохилог амьдрахыг хүсч л байна шүү дээ. Уг нь манай газрыг гурван өрөө байр болох юм байна гэж үнэлсэн. Гэтэл тэр гэр хорооллын дахин төлөвлөлт нь одоо хаана ч яваа юм бүү мэд. Ямар сайндаа л өөрсдөө арай тохилог дулаахан амьдаръя гэж энэ жил байшин барьж ороод байна гэв.

Эндээсээ зүүн тийш уруудан явсаар “Монел”-ийн бөөн хар утаа руу урьдын адил, усанд хөл алдах шиг явж орчихов. “Цагаан даваа”-ны энгэр алсад харагдана. Ундуй сундуй, энд тэнд овоолсон шороон дундуур хэсэг явав. Газраас юу ч юм түүгээд байгаа хэсэг хүмүүсийг чиглэн явсаар хүрч очив. Барилгын хог дээрээс түлш түүж байгаа нэгэн гэр бүлийнхэн аж. (Гурван хүүхэд, нэг том хүн, бас нэг хар нохой) Анхандаа би тэднийг барилгын хэв хашмалд ашигладаг хар панерын хамхархай түүгээд байгаа юм байна гэж ойлгож байв.

“Энэ юу гэдэг газар вэ” гэвэл “Монел” гэж байна. Та нар юу түүгээд байгаа юм бэ гэхэд гурван хүүхдийн арай том нь “Хар цаас” гэв. Хар цаасаар яах гэж байгаа юм гэж асуувал “Хайлуулах гэж байгаа юм” гэж ширэлдсэн урт үсээ ар шил дээрээ годойлгон боосон дээлтэй эр хариулав. Харин түүнтэй зэрэгцэн “Түлэх гэж байгаа юм” гэж мөнөөх жаал хэлсэн билээ. Тэгтэл мөнөөх эр над руу нэг муухай харчихаад “Юун зураг аваад байгаа юм бэ” хэмээв.

Эндээсээ мөн л “Долоон буудал”, “Хайлааст”-аар явж утааны гамшгийн талаар зарим иргэдийн санал бодлыг сонслоо.

Гэртээ гал түлэх хар цаас, дугуйны хаймараа түүгээд явцгааж байгаа нь. 2017.01.07

Чингэлтэй дүүргийн XVI хорооны иргэн Ч.Буян-Оршихтой уулзлаа.


-Нийслэлийн утаа гамшгийн хэмжээнд хүрчихээд буй. Танай энэ хавь яг л утааны голомтот газар байна?

-Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хааж боогдуулж байгаа олон хүчин зүйлийн нэг нь энэ утаа. Би энэ газар (Хайлааст) хүүхэд байхаасаа амьдарч байна. Сүүлийн тав, зургаан жилд утаа эрс нэмэгдэх болсон. Ингээд харахад уулын энгэр, хазгай хэвгий газар гэлтгүй жилээс жилд айлууд ирж буусаар л байна. Манай энд дандаа баруун аймгуудаас шилжин ирсэн айлууд сууршиж байна. Ах дүү, хамаатан саднаа бараадаж байгаа нь тэр. Арга ч үгүй биз дээ. Манай улсын нийт хүн амын бараг тал нь энд (нийслэлд) байдаг гээ биз дээ. Тэгэхээр утааг бууруулахын тулд хүн амын төвлөрлөө задлах ёстой. Үүнийг төр засаг хийх үүрэгтэй. Улаанбаатарын газар нутгийг Монгол Улсын нийт нутаг дэвсгэртэй харьцуулахад өчүүхэн жижиг шүү дээ. Гэтэл бид яагаад энэ алгын чинээхэн газраа шахцалдаад амьдраад байгаа юм бэ гэдэгт л хамаг учир байна.

-Та утааны эсрэг ард иргэдийн жагсаалыг дэмжих үү?

-Тэгэлгүй яах вэ. Оны өмнөхөн төв талбай дээр болсон цуглаанд би оролцсон. Ард иргэд өөрсдийн дуу хоолойг төрд хүргэхийн тулд бүр олуулаа жагсах хэрэгтэй. Тэгж байж тэдний дүлий чихэнд үгээ хүргэнэ. Дахиад жагсаал болох сураг байсан, би оролцоно. Харин энэ жагсаалд иргэд идэвхгүй байгаад гайхаж байна.

Г.ЛХАГВАДОРЖ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *