УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан боллоо. Уг хуралдаанаар Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 28-нд өргөн мэдүүлсэн Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж, дэмжлээ. Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, дэд сайд Ц.Батбаяр, тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн Л.Жаргалсайхан, МХЕГ-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр нар оролцсон.
Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-ын 2016 оны тавдугаар сарын 19-ний хуралдаанаар батлагдсан боловч УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу уг хуулийн эцсийн найруулгыг УИХ-д танилцуулж, ёсчлох, “Төрийн мэдээлэл” эмхтгэлд хэвлэн нийтлэх ажиллагаанууд хийгдээгүй аж. Иймд УИХ-ын арваннэгдүгээр сарын 16-ны хуралдаанаар буцаасан тул дахин өргөн мэдүүлж, хэлэлцүүлж байгаа юм байна. “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Ногоон хөгжлийн бодлого”-ын баримт бичгүүдэд 2030 он гэхэд хог хаягдлыг дахин боловсруулах хэмжээг 40 хувьд хүргэж, байгальд булж устгах хаягдлын хэмжээг 40 хувь бууруулах зорилтыг тавьсан байна.