Categories
мэдээ улс-төр

АСЕМ-ын үеэр Шинзо Абэтай ярьсан ажлууд эхнээсээ биелэлээ олж байгаад баяртай байна гэв

Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхлаа. Оны өмнө томилогдож ирсэн тэрээр энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгааг онцлоод энэ хүрээнд олон чухал ажил хийгдэхээр төлөвлөгдсөн байгаа гэлээ.

Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд хүрч, харилцан айлчлалын давтамж нэмэгдсэн, улс төрийн итгэлцэл улам гүнзгийрсэн, өндөр түвшний харилцааны эрчийг бууруулалгүй, цаашид Стратегийн түншлэлийг дараагийн шатанд дэвшүүлэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг гүнзгийрүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад Япон Улсын дэмжлэг, зээл, тусламж, төсөл, хөтөлбөрүүд онцгой чухал үүрэгтэй байсан гэдгийг хэллээ.

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэтай уулзаж ярьж тохирсон ажлууд эхнээсээ биелэлээ олж байгаад баяртай байгаагаа Ерөнхий сайд хэлээд Элчин сайдыг энэ чиглэлд анхаарч хамтран ажиллахыг хүслээ.

Энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа бөгөөд Гадаад харилцааны сайдаар ахлуулан зохион байгуулах хороог байгуулсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *