Categories
мэдээ нийгэм

Маргааш Сүхбаатарын талбай дээр ном солилцох өдөрлөгтэй

Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчид номоор нөхөрлөх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Номоо солилцъё” өдөрлөгийг Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж оролцох аж. Мөн ном солилцсон эхний 100 хүнд Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн уншигчийн үнэмлэх нээлгэх эрхийн бичиг бэлэглэх гэнэ.

Дашрамд дуулгахад солилцох номын тоонд тодорхой хязгаар заагаагүй бөгөөд иргэд хэдэн ч номтой ирж, хэнтэй ч солилцох боломжтой юм. Түүнчлэн “Номоо солилцъё” өдөрлөгийг цаашид сар бүрийн эхний 7 хоногийн Бямба гарагт, Д.Сүхбаатарын талбайд 12:00-13:00 цагийн хооронд зохион байгуулах бөгөөд 2017 оны 1-р сарын 7-ны Бямба гарагт анхны ном солилцох өдөрлөг болно.

Анхны “Номоо солилцъё” өдөрлөгийг Монголын Зохиолчдын Эвлэл, Монголын Чөлөөт зохиолчдын холбоо, www.bookish.mn цахим хуудас зэрэг байгууллага дэмжин ажиллаж байна.

“Номоо солилцъё” өдөрлөгийн ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Соёл, урлагийн газар, хамтран зохион байгуулагчаар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан ажиллаж байгаа юм байна.

Уг арга хэмжээ сар бүр уламжлал болгон зохион байгуулагдах юм. Ингэснээр алслагдсан дүүргийн иргэд номын хангамжтай болох боломж бүрдэх бөгөөд иргэд хадгалж байсан номоо, мөн өөрийн бичиж хэвлүүлсэн бүтээлийг номын сангуудад хандивлах боломжтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *