Монголын Үндэсний Олимпийн Хорооны 2012 оны чуулган хууль бус болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулж “Олимпизмийг аврах хөдөлгөөн” ТББ-аас мэдээлэл хийлээ.
2016 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарч “Монголын Олимпийн Чуулганы 2012 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 07 дугаартай “Монголын Үндэсний Олимпийн Хорооны гишүүдийг батлах тухай” тогтоолыг хүчингүй болгохоор тогтов” гэсэн шийдвэр гаргажээ.
Ингэснээр МҮОХ-ны бүтэц, үйл ажиллагааг хууль бус болохыг “Олимпизмыг аврах хөдөлгөөн” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, спортын сэтгүүлч Н.Тамир хэллээ.
Тэдний зүгээс хэд хэдэн шалтгааныг үндэслэн шүүхэд хандахаар шийджээ. Үүнд,
- МҮОХ-ны өнөөгийн ерөнхийлөгч гэгдэх Д.Загдсүрэн нь МҮОХ-г хохироосон эрүүгийн гэмт хэргийн улмаас 2014 онд Монгол Улсын шүүхээс гурван жилийн хорих ял авсан нь Олон улсын олимпийн хорооны Олимпийн Харти, МҮОХ-ны өөрийн дүрмийг зөрчиж байгаа тул нэн даруй огцрох нь зүйтэй гэж үзэж, удаа дараа шаардлага тавьсан.
- Гэвч хууль дүрэм зөрчин 2012 оны Олимпийн чуулганаар МҮОХ-г бүрдүүлсэн бүрэлдэхүүн 2014 оны гишүүдийн хурлаар эрүүгийн гэмт хэрэгт шийтгэгдсэн Д.Загдсүрэнд 97 хувийн итгэл үзүүлсэн юм.
- Ийм учраас 2012 оны Олимпийн чуулганаар бүрдсэн МҮОХ-ны бүтцийн асуудлыг цэгцлэхээс нааш МҮОХ-ны удирдлагын гэмт хэрэг, хууль бус үйл ажиллагаа зогсохгүй юм байна гэж үзэн бүрэлдэхүүний асуудлаар шүүхэд хандсан юм.
- Олимпийн хороо гэдэг бол олимпийн спорт, олимпийн наадмыг төлөөлсөн байгууллага байх ёстой. Ийм ч учраас Олон улсын олимпийн хорооны Олимпийн Харти, МҮОХ-ны дүрмэнд Олимпийн хорооны бүрэлдэхүүнд олимпийн спорт зонхилох ёстойг заасан байдаг. Маш энгийн ойлголт юм. Гэтэл манай МҮОХ ямар бүтэцтэй байгааг хавсралтаас харж болно.