1911 онд болсон Монголын үндэсний хувьсгалын 105 жилийн ойг саяхан тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Энэ түүхэн үйл явдлын талаар ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, профессор О.Батсайхантай ярилцсаныг сонирхуулья.
-Хэдхэн хоногийн өмнө 1911 оны Монголын үндэсний хувьсгал 105 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ түүхэн үйл явдалд зориулсан эрдэм шинжилгээний хурал дээр та “Орчин үеийн Монголын төрийг үндэслэгч Богд хааны үзэл баримтлал” илтгэл тавьсан. Үндэсний хувьсгалд Богд хаан чухам ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?
-1911 оны үндэсний хувьсгал буюу Манжаас салж төр улсаа сэргээж, тусгаар тогтнолоо тунхагласны 105 жилийн ой саяхан тохиосон. Хүүхэд залуучууд маань түүхээс жаахан хөндийрсөн юм шиг байна. Ер нь бол түүх гэдэг бидний ой санамж учраас илүү сайн мэдлэгтэй болох нь бидэнд хэрэгтэй юм. Өөрөө өөрсдийгөө танихад ч чухал. 1911 оны үндэсний хувьсгалын удирдагч нь VIII Богд Жавзандамба хутагт байсан юм. Богд хааны удирдлагаар монголчууд маань Монголын төрийг сэргээж, эмхлэн байгуулахдаа Монгол төрийн уламжлалаа баримтлахын зэрэгцээ барууны төр засгаа эмхлэн байгуулдаг онолыг ашигласан байдаг. Тухайн үед Хэнри Вытоны “Түмэн улсын ердийн цаазыг” монгол хэлнээ хөрвүүлэн ашигласан баримт бий. Ингэж уламжлал болон барууны дэвшилтэт аргыг хослуулан ашигласан түүхтэй. Баруунд байдагтай адил төрийн яам, хил, гааль гээд улс орны бүтцэд ордог бүхнийг шинээр байгуулсан гэж хэлж болно. Ийнхүү засаг төрөө эмхлэн байгуулахдаа Богд хааны зарлигаар нийт монгол овогтныг хамруулахыг хичээсэн байдаг. Богд хаант Монгол Улсад Өмнөд Монголын хошуу, барга, урианхайн нийт 120 хошуу нэгдэн орох хүсэлтээ илэрхийлснийг нэр устай нь өгүүлсэн түүхэн бичиг баримт бий. Харамсалтай нь 1915 оны Хиагтын гэрээгээр үүнийг хязгаарласан бөгөөд өнөөгийн Монгол орны газар нутгийн хэмжээгээр тогтоосон. Ингэж Өмнөд Монгол хилийн гадна үлдсэн.
1911 онд сэргэн мандсан Монгол Улс нь Эзэн хаантай, төрийн бодлогыг хэлэлцдэг, зөвлөх эрх бүхийдээд, доод хуралтай, нийт Монгол орны төлөөллийг төр засагтаа оруулахыг хичээсэн байдаг. Лам нарын төлөөллийг хүртэл оруулсан. Энэ нь Монголын Засгийн газар тухайн үедээ монгол үндэстнийг эв нэгдэлтэй байлгах зарчмыг баримталж байсны илэрхийлэл юм. Үүний үр дүнд нэгдсэн хүчээр төр улсаа эмхлэн байгуулж чадсан. Алтан ургийн хүмүүс, ноёд, харц гаралтай ч гэсэн томоохон лам нар хүртэл төрийн хариуцлагатай албанд томилогдсон, тухайлбал Да лам Цэрэнчимэд Дотоод яамны тэргүүн сайд, алтан ургийн гаралтай Чагдаржав ноён Сангийн сайд, Сайн ноён Намнансүрэн Ерөнхий сайдаар томилогдож байв.
Богд хаан бол Орчин үеийн Монголын түүхэнд тодоор бичигдэх хувь нэмэр оруулсан нэгэн бөгөөд түүний гавьяагаар монгол эдүгээ тусгаар тогтносон, бие даасан улс оршиж буй. Орчин үеийн Монголын түүхийн эхлэлийг Богд хаан тавьсан гэдэгтэй маргах хэрэггүй биз ээ.
-Богд хаан Монгол улсыг эмхлэн байгуулахдаа нийт монгол овогтнуудыг хамруулахыг хичээсэн байдаг гэж та ярьсан. Ингэхдээ Өмнөд Монголд нэлээд анхаарал хандуулсан гэдэг.
-Богд хаанаас нийт монгол овогтон, түүний дотор Өмнөд Монголын ард олонд хандан зарлиг гаргасан байдаг. Түүндээ “Манай Монгол эвсэн нэг улс байгуулж шарын шашнаа хамгаалж бусдын эрх сүрээр дарах зовлонг амсахаас зайлсхийх хэрэгтэй. Нэгэн сэтгэлээр хүчээ хамтатгаж өөрийгөө хамгаалахаар хүчлэн чармайх хэрэгтэй” гэсэн байдаг. Мөн уг зарлигтаа тусгаар тогтнолоос өөр оршин тогтнох зам үгүй гэдгийг ч онцолсон. 1911 онд тусгаар улсаа зарлахад монгол овогтнууд бүгд баярлацгааж, дуу хоолойгоо нэгтгэсэн. Улс орноо төвхнөн байгуулахад оролцоно гэдгээ бүгд мэдэгдэж байлаа. Өмнөд Монголын 39 хошуунаас гэхэд 38 нь дагаар орно гэдгээ мэдэгдсэн. Манайхан Улаан-Удэд очиж мөргөөд байдаг Итгэлт хамба Дашдорж нь ХХ зууны эхээр буриадуудын бурхан шашны тэргүүн байсан хүн. 1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо зарлахад энэ хүн Богд эзэн хаанд баярын цахилгаан ирүүлсэн. Түүндээ нийт буриадууд болон Оросын нийт бурханы шашинтнуудын нэрийн өмнөөс баяр хүргэж байгаагаа бичжээ. Бидний цусан төрөл, махны тасархай харийн дарлалаас чөлөөлөгдсөнд баярлаж байгаагаа илэрхийлээд амжилт хүссэн буй. Үүний хариуд Богд хааны зарлигаар Итгэлт хамбад Эрдэнийн очир одон шагнасан байдаг.
-Энэ зарлиг одоо байдаг уу?
-Байдаг, Итгэлт хамбаас Богд хаанд ирүүлсэн баярын цахилгааны хуулбар Эрхүү хотын архивт, Богд хаанаас Итгэлт хамбыг шагнасан зарлигийн хуулбар Монгол Улсын архивт хадгалагдаж байдаг.
-Тусгаар тогтнолоо тунхаглан зарлах төрийн ёслолыг хийхдээ хүртэл нийт монгол үндэсний төлөөллийг оролцуулсан гэдэг. Энэ талаар та жаахан дэлгэрүүлээч?
-Төрийн ёслолыг 1911 оны 12 дугаарс арын 29-ний билигт сайн өдөр хийсэн байдаг. Энэ нь монгол үндэстний хувьд эв нэгдэл, тусгаар улс, үндэстэн улсын шинжийг илэрхийлж байлаа. Тиймээс ч Богд хаан төрийн ёслолд өмнөд, ар гээд нийт монгол овогтны төлөөллийг оролцуулахыг хичээсэн нь тодорхой байдаг. Тиймээс ч шинээр Засгийн газраа байгуулахдаа Өмнөд Монголын Удай ноён, Баргын манлай ван Дамдинсүрэн гээд төлөөллийг оруулсан юм. Өмнөд Монголын хошууд даган орвоос найман зүйлийн хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийг хүртэл гаргасан байгаа.
-Улс орноо сэргээн тунхагласны дараа төр улсаа бусад орнуудаар хүлээн зөвшөөрүүлэхэд нэлээд бэрхшээл тулгарч байсан гэдэг.
-Тийм шүү. Бид урд талаас салж байсан болохоор тусламж дэмжлэг хойд талаас эхний ээлжинд хүссэн юм. Үүний үр дүнд Орос Монголын хооронд 1912 онд гэрээ байгуулсан, бас 1913 онд Монгол, Түвд хоёр бие биеэ хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Үүний дараа Богдын Засгийн газраас тусгаар тогтнол, бие даасан байдлаа дэлхийн улсуудаар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө мятаршгүй тэмцсэн юм. Богдын Засгийн газраас Англи, Америк, Дани, Герман, Япон зэрэг дэлхийн 9 улсад хандан нот бичиг илгээж, Японы эзэн хаанд хүртэл хандаж байлаа.
Улмаар Хятад, Орос, Монгол гурван улсын Хиагтын 1915 оны гэрээгээр Өмнөд Монгол хилийн гадна үлдэж, Монголын газар нутгийг Халхын дөрвөн аймаг, Ховдын хязгаарын нутгаар хязгаарласан юм. Үүний мэдсэн Богд хаан монгол үндэстний хувь заяа, байдал хаашаа эргэж байгааг сайтар ухаарч 1914 оны 11 дүгээр сарын шинийн гурванд “Монгол овогтон нийтэд зориулсан ухуулах зарлиг” буулгасан байгаа. Түүндээ “Монгол овогтон нийтээр салж сарнихад хүрэв хэмээн зориг мохож хэрхэвч үл болно” гээд цааш нь Монгол язгууртны нэгэн хэсэг нь гал голомтоо авч хадгалж үлдэж чадвал хэзээ ч болов нэгдэж болох боломж нээгдэх нь дамжиггүй гэж айлдсан байдаг.
-Хэдийгээр VIII Богд хаан түвд гаралтай байсан хэдий ч үнэхээр Монголын төлөө гэсэн чин сэтгэлийг өвөрлөсөн байсан гэдэг нь 1911 оны үндэсний хувьсгалаар харагдсан тухай та ярьж байсан?
-Энэ хувьсгалыг удирдсан хамгийн гол хүн нь бол яахын аргагүй Богд хаан гэж үзэж байгаа. 1911 оноос өмнө Богд хаан бурхан шашны тэргүүн байв. 1874 онд таван настай Монголд заларснаас хойш бүхий л амьдралаа Монголд зориулсан хүн. Тэрээр нийт монголчуудад хүлээн зөвшөөрөгдсөн, сэргэлэн, номтой хүн байсан. 1911 оны үндэсний хувьсгалыг амжилттай удирдан зохион байгуулж тухайн үеийн ноёд, лам нарт хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч байсан тул Монгол Улсын эзэн хаанаар шууд өргөмжлөгдсөн юм. 1911 оноос 1924 оны 5 дугаар сарын 20-нд нас бартлаа Монгол Улсын хаан байсан эгэлгүй нэгэн удирдагч бол Богд хаан юм. Яагаад Богдыг бүх монголчууд хүлээн зөвшөөрсөн бэ гэвэл монголчууд бурханы шашинтай байсан учраас шашны тэргүүний хэлсэг үг бүгдэд хууль адил үйлчилж байсан гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл бурханы шашин монголчуудыг нэгтгэсэн хэрэг. Тиймээс монголчууд бурханы шашны тэргүүнээ тойрон хүрээлж, үндэсний үзлээрээ нэгдэн Монголынхоо гал голомтыг дахин бадрааж чадсан юм.