“Өдрийн сонин”-ы 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны №301(5566) дугаараас авч тавив.
УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн Д.Арвинтай ярилцлаа.
-Таны хувьд дөрвөн удаа парламентын гишүүнээр сонгогдон 16 жил төр түшилцсэн эмэгтэй хүн, тэр бүү хэл эрэгтэй хүмүүст ч тэр бүр тохиодоггүй нэг талаасаа хувь заяаны эзэн. Одоо бол харин иргэн Д.Арвиныхаа хувиар ажиллаж, амьдарч байна. 16 жил төр түшилцэж явж ирсэн Д.Арвин, өнөөдрийн Д.Арвин хоёрын хооронд хэр ялгаа гарч байна вэ?
-Хааны алба хүртэл халаатай гэдгийг үргэлж санаж явах ёстой. Ямар ч хүн насаараа дарга, Их хурлын гишүүн байдаггүй. Анх гишүүн болохоосоо өмнө ч гэсэн үүнийг ухамсарлан явж ирсэн юм. Харин амьдралын хэв маягт өөрчлөлт гарсан уу гэвэл би тийм л гэж хэлнэ. Тэр утгаараа гишүүн болно, гишүүнээс бууна гэдэг бол байх л ёстой асуудлыг нэг. УИХ-ын гишүүн Д.Арвинаас илүү “Их өргөө” компанийн захирал Д.Арвин байсан нь надад илүү сэтгэл ханамжийг өгдөг байсан. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө өөрийнхөөрөө чөлөөтэй сэтгэж, хараат бусаар олон ажил амжуулж энэ хэрээрээ хэмжээлшгүй сайхан амьдралыг цогцлоож байсан цаг үе минь “Их өргөө” компанийн захирал байсан цаг хугацаа. Намайг чинь Их хурлын гишүүн болохоос өмнө “Их өргөө”-гийн Арвин л гэдэг байсан шүү дээ.
УИХ-ын гишүүн болсноос хойш алба, амины бүх зүйл хумигдсан. Эрх дураараа юмаа хийж явсан цаг үе шигээ байхаа больсон. Өөрийн дураар хийе гэснээ хийгээд явах эрх нэг талаасаа байхгүй болсон. 2000 онд анх Их хурлын гишүүн болчихоод өмнөх Д.Арвин биш болсноо анзаарч “Энэ юу болчихов оо” хэмээн гайхаж, түүнд дасах гэж багагүй цаг хугацааг зарцуулсан. Зарим үед Төрийн ордноос гарч хотын гудмаар алхахдаа жирийн иргэн Арвин шүү дээ хэмээн Их хурлын гишүүнээ мартан алхдаг байлаа. Их хурлын гишүүн болоод эрх дураараа хийж болох зүйлсээ хийхгүй байхаас эхлээд олон зүйл минь хумигдаж байсан бол өнөөдөр тэр бүхэн эсрэгээрээ болсон. Үүнд л ялгаа бий байх.
-Одоо та юу хийж байна вэ?
-16 жил цалгардуулсан хувийн компанийн ажилдаа ханцуй шуун орж байна. “Их өргөө” компани маань Баянзүрх дүүргийн Сансар хотхонд Гэр хорооллын дахин төлөвлөлтөд батламж аваад орж байсан ч Хятадын талын хөрөнгө оруулагчид маань улс төрийн бодлогоор хөрөнгөө татаад гараад явсан. Энэ ажлаа цаашид үргэлжлүүлэхийн тулд дотоод, гадаадын хөрөнгө оруулагч хайх ажлыг л маш эрчимтэй хийж байна даа.
-Зарим хүмүүс чинь сонгуулийн ялагдлын шокноосоо одоо болтол гараагүй яваа юм биш үү…
-Хүн бүрийн онцлог байдаг байх. Миний хувьд тийм зүйл байгаагүй. Харин ч эрх чөлөөтэй болсон гэж дээр хэлсэн дээ. Би Их хурлын гишүүн байхдаа Баянзүрх дүүрэг болоод Нийслэлийн газар хөдлөлтийн бүст багтсан, акт тавигдсан 100 гаруй байшингийн судалгаа хийж “Хуучин байрыг шинэ орон сууцаар” гэдэг хөтөлбөр гарган Монгол Улсын хэмжээнд эхлүүлсэн. Энэ ажлаа үргэлжлүүлэн хийх бодолтой байгаа.
-Гэр хорооллын дахин төлөвлөлт зогсчихоод байгаа. Танай компани шиг хөрөнгө оруулалт нь зогссон компаниуд цаашид яавал үр дүнтэй байх бол?
-Өнгөрсөн дөрвөн жилд Э.Бат-Үүл нийслэлд Гэр хорооллын дахин төлөвлөлтийг санаачлан эхлүүлсэн гавьяатай. Баянзүрх дүүрэгт гэхэд 5-6 хэсэгт хуучны орон сууцанд маш хүндрэлтэй амьдардаг өрх олон байсан. Энэ хүмүүс надад санал тавьснаар хуучин байшин шинэ байраар солих хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавьсан. Үүнийг нийслэлээс дэмжсэн юм. Гэтэл саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэгчлэн 10 газарт тендер зарлан маш олон компаниуд орсон. Хамгийн гол нь нийслэлээс хөнгөлөлттэй зээл олгоно гэсэн л дээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд үүнийгээ олгоогүй. Үүнээс болж зогссон юм. Зарим нь хүлээж ядаад Хятадын компанитай хамтарсан компани байгуулан орсон ч хятадууд нь ажлаа орхиод явчихсан.
-Яагаад орхиод явсан юм бол?
-Бид ажлаа эхлүүлэн айлын байшинг буулгуулж орон сууцны суурийг нь ухаад эхэлчихсэн байсан юм. “Их өргөө” компани маань Хятадын компанитай хамтран ажиллаж байтал хөрөнгө оруулалтаа татаад явчихсан тул маш хүнд байдалтай бид ажлаа хийх гээд зүтгэж явна. Гэр хорооллын дахин төлөвлөлт гэж ийм том ажлыг эхлүүлчихээд зээл олгоогүй нь олон компанид дарамт болсон. Барилгынхан ямар зүгээр мөнгө авъя гэсэн биш хөнгөлөлттэй зээл л авах гэж байсан юм. Тэд өөрсдөө өгнө гэж байсандаа өгсөн бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байлаа. Монгол мэргэжилтэн, тоног төхөөрөмж нь бүгд л бэлэн байна. Үүнд л харамсч байна.
-Улс орны эдийн засаг хүнд байна. Зээл тусламж, Стэнд бай хөтөлбөр гээд ярьж байна. Таны байр суурь ямар байна вэ?
-Би бодлогын хэмжээний том зүйл ярихгүй. Өнөөдөр миний өмнө тулгамдсан асуудал бол иргэд маань байшингаа буулгуулсан иргэдийг л орон сууцтай болгох.
-Ер нь энэ 16 жилийн хугацаанд цохон хэлэхэд ямар ажлуудыг амжуулсан бол. 16 жил гэдэг бага хугацаа биш шүү дээ?
-Их хурлын гишүүн байна гэдэг чинь тийм ч амар ажил биш. Иргэдийн зүгээс ийм, тийм зүйл хэрэгтэй байна гэдэг. Биднийг болохоор төрийн бодлого тодорхойлж, хууль эрх зүйн орчинд ажиллах ёстой гэнэ. Иргэд болохоор тийм зүйл хийсэнгүй гэх жишээтэй. Хэнтий аймгаас гурван удаа сонгогдсон маань тэнд бүтээн байгуулалтын ажлыг хурдан хугацаанд хийсэнтэй холбоотой гэж ойлгодог. 2000-2003 онд гэхэд Хэрлэнгийн гүүрээ засч, сургууль, цэцэрлэг шинээр барьж, авто замтай холбосон байх жишээтэй. Бүх сумдаа цахилгаантай, дэд бүтэцтэй болгосон. Хөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөрийг дөрвөн аймагт хэрэгжүүлэхэд Хэнтий аймагт түүнд нь багтаж байх жишээтэй. Хэнтий аймгийг замтай болгохын тулд зүүн аймгуудаас сонгогдсон гишүүд нэг баг болж ажиллан, даргыг нь сонгохдоо Дорнодын Баатарзориг, Ч.Улаан нарыг сонгож байсан. Дорнод, Сүхбаатар замтай холбоно гэдэг чинь Хэнтий замтай болно гэсэн үг. Тиймээс тэр хэдийгээ хурдлаарай гээд бүгд ажиллаж байсан гээд ярих зүйл их бий. Ер нь их хөөцөлдлөгөө шаарддаг юм.
Баянзүрх дүүрэг маш олон хүн амтай. Улсын төсвийн хөрөнгөөр Амгалан төрөхийг бариулсан. Үүнийг хөөцөлдөөгүй бол ямар байдалтай байх байсан бол. Зураг төслөөс нь эхлээд бүх зүйлийг нь гардан хийлгэсэн болохоор Баянзүрхийнхэн талархалтай ханддаг. Дүүрэгтээ мөн хог боловсруулах үйлдвэр байгуулах гэж өнгөрсөн дөрвөн жил зураг төслийг нь хийлгэсэн. Хоёрдугаарт, “Хуучин байрыг шинэ орон сууц”-аар гэдэг төслөө дуусгах хэрэгтэй байна. Миний энэ ажлууд дуусаагүй байгаа тул үүнийхээ ард гарахын тулд ажиллах болно.
-Улс төрд эргэн ирнэ гэсэн үг үү. Улс төрд орж байж л ажил явдаг нэг тийм жишиг тогтчихлоо?
-Би чинь улс төрөөс холдоогүй. АН-ын ҮЗХ-ны гишүүнээр ажиллаж байна. Тэр утгаараа улс төрд байгаа гэж ойлгож яваа. Хог боловсруулах үйлдвэр, “Хуучин байрыг шинэ орон сууц”-аар хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд заавал улс төрд орох шаардлага байгаа юм уу. Энэ чинь төрийн бодлогоор хийгдэж эхэлсэн хөтөлбөрүүд. Гэхдээ улс төрийнхнөө түшиж байж энэ ажлын ард гарах байх.
-Ардчилсан намын даргын сунгаа эхэлчихлээ. Намын даргын сунгааны тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Намын даргыг сунгаагаар тодруулна гээд Их хурлаас шийдсэн болохоор үүгээр явах нь зөв.
-Гэхдээ Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан МоАХ, “Шонхор” фракцийн хариуцлагын асуудлыг ярьсаар байна. Тухайн үед Засгийн газрыг огцруулаагүй байсан бол өнөөдөр байдал ямар байх байсан бэ. Таныг гэхэд л эс үйлдлээрээ Засгийн газрыг огцруулсан гэдэг?
-Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан асуудал маш удаан яригдаж байна. Их хурлын сонгуулиар хүртэл үүнийг ярьж, ҮЗХ-ны хурлаар гэхэд “Шонхор”, МоАХ руу дайрч л байна лээ. Одоо болтол энэ зуулт үргэлжилж байгаа нь мэдрэгддэг. Ардчилсан нам цаашаа явахын тулд өнгөрсөн зүйлээ ул дол болтол ухаж гаргаж ирэх биш ирээдүйгээ харж, зөв замдаа орон урагшлах ёстой. МАН-ынхан хүчтэй шүүмжилж байсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын бүтцийн өөрчлөлт хийхээр яригдаж эхэлсэн нь ганхах эхний алхам болсон. Засгийн газрыг огцруулахад зарим гишүүд ирээгүй ч огцруулах санал дээр нэмэгдээд явсан гэж үздэг. Засгийн газрыг огцруулах асуудлыг Их хурлаар оруулахын урд өдөр Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр зохион байгуулж байна гэдгийг худлаа хэлэхээргүй хүний амнаас сонссон. Би Засгийн газрыг огцруулахын эсрэг байсан. Манай бүлгийн шийдвэр ч гэсэн огцруулахгүй гээд гарчихсан байсан. Гэтэл Засгийн газар огцрох нь гарцаагүй боллоо гэхээр нь “Би ийм асуудалд оролцохгүй” гээд яваад өгсөн юм. Зарим гишүүд тэр өдөр мөн ирээгүй юм билээ. Ийм л зүйл болсон. Хэрэв Засгийн газрыг унагах гээд байсан юм бол “Шонхор”-оос Г.Баярсайхан, Д.Ганхуяг ч юм уу хэн нэгэн нь Ерөнхий сайд болчихсон бол тэгж хардаж болноо доо. Хэн нь ч Ерөнхий сайд болоогүй. Сүүлдээ биднийг намаас хөөх асуудал яригдахад хөөгдвөл хөөгдчихье гэсэн бодол байсан. Нуугаад яахав.
Аль аль намд байж үзсэн болохоор хөөгдөөд байхад эмзэглээд байх зүйл байгаагүй. Сүүлд нь МоАХ-ын дарга Х.Баттулгаас “Та нар яагаад Засгийн газрыг огцруулахад дэмжээд кноп дарчихсан юм бэ” гэтэл “Ерөнхийлөгч давхар дээлтэй байж болохгүй. Нэг гишүүн, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахаар ажил цалгардаад байна гэдэг байсан. Өрөөндөө хүртэл дуудаж уулзаад хэлдэг байсан юм. Нэг хүн хоёр албан тушаалтай байж байхаар мэргэжлийн хүнийг нь сайдаар ажиллуул гэсэн юм. Тэгэхээр нь би Засгийн газрын хуралдаан дээр давхар дээлээ тайлъя гэтэл зориглох хүн гараагүй. Тэгэхээр нь би зориглоод сайдаа өгөөд гарсан. Уг нь миний араас гарах сайд нар байгаа гэж бодсон. Даанч гараагүй. Тийм болохоор Засгийн газрыг огцруулах нэг шалтгаан тэр болсон” гэж байсан. Гэтэл үүнээс болоод биднийг буруутгаад байх юм. Энэ яриагаа одоо зогсоох хэрэгтэй. Засгийн газар огцорч, дараагийнх нь байгуулагдаж л байдаг. Тиймээс хэн нэгнийг буруутгахаасаа илүүтэй урагшаа харж алхах нь зөв гээд байгаа юм.
-Ардчилсан намын гол асуудлыг фракц шийдээд байгаа л даа. Засгийн газрыг огцруулахаас эхлээд асуудал бий. З.Энхболд дарга фракцгүй Ардчилсан намыг бий болгоно гэж байсан ч өнөөдөр бахь байдгаараа л байна…
-Ардчилсан нам фракцтай байхыг би дэмждэг. З.Энхболд дарга намын дарга болоод “Фракцаа татан буулга” гэж бүлэг дээр ярьсан юм. Бүгд л эв нэгдэлтэй байна гээд за гээд л гарцгаасан. Ардчилсан намыг фракцгүйгээр төсөөлж болохгүй юм билээ. Ингэж хэл амаа ололцчихоод нөгөөдөр нь л фракциуд уулзаж байх жишээтэй. Фракцийг ямар түвшинд байлгах ёстой вэ гэдэг асуудал ярихаас биш автоматаар татан буулгана гэдэг зүйл байхгүй. Шинэ намын даргатай болсны дараа фракциудыг намын дүрэм, бодлогын хэмжээнд тодорхой тодорхойлж, хязгаар тавих ёстой. Фракциуд нь нийлж намын эсрэг зүйл хийхгүй шүү гэдэг шалгуур тавьж өгөх хэрэгтэй. Улсынхаа сайн сайхны төлөө, хөгжлийн төлөө үзэл бодлоо уралдуулах хэмжээнд фракциудыг байлгах ёстой. Намын дүрмэндээ албан ёсоор оруулаад явах нь зөв.
-Ардчилсан намын дараагийн дарга ямар хүн байх ёстой вэ. Нэр дэвшигчдээс та хэнийг гэж харж байна вэ?
-Ёстой мэдэхгүй байна. Намын гишүүдээс хэн хамгийн их санал авсан хүн нь л дарга болох ёстой. Би намын дотоод асуудалд оролцохгүй байгаа.