Михаил Сергеевич Горбачев нь Зөвлөлт Холбоот Улс, Орост төдийгүй дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн улстөрч. ЗСБНХУ-ын анхны бөгөөд сүүлчийн Ерөнхийлөгч тэрээр дэлхийн улс төрийн түүхэнд маш том өөрчлөлт гаргахад чухал үүрэг гүйцэтгэсэн.
Бүгд хүйтэн дайны аюулын тухай ярьж, дэлхийн улс орнууд хоёр хэсэгт хуваагдсан тэр үед М.Горбачев хэмээх харьцангуй залуу улстөрч Зөвлөлтийн Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон юм. Тухайн үедээ эрч хүч дүүрэн, улс төр дэх залуу үеийн төлөөлөл улс орноо удирдахаар болсон нь дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаж байжээ. Улс оронд нь томоохон өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай гэдгийг ч тэрээр мэдэрсэн. Ялангуяа улс төр, эдийн засгийн салбар мухардалд орсон тул ингэхээс өөр арга байгаагүй. М.Горбачев зоригтойгоор өөрчлөн байгуулалтыг эхлүүлсэн юм.
ЗСБНХУ болон барууны харилцаа мухардалд орж дэлхийн гуравдугаар дайн хэзээ ч эхэлж магадгүй гэж байхад баруун, зүүнийг заагласан төмөр ханыг нурааж харилцааны шинэ үеийг эхлүүлэхэд М.Горбачев чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүний ачаар дэлхийн улс төрийн уур амьсгал дулаарсан билээ.
М.Горбачев улс орноо удирдаж эхэлсэнээс хойш буюу 1985-1989 оны хооронд Америк, Зөвлөлтийн эрх баригчид дөрвөн удаа уулзаж томоохон хэлэлцээ хийсэн. Энэ нь ч үр дүнгээ өгсөн. 1979 онд Зөвлөлтийн удирдагч Л.Брежнев, Америкийн төрийн тэргүүн Р.Никсон нар уулзсанаас хойш харилцаа мухардалд орчихоод байсан үе. Ингээд 1985 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр Женев хотноо болсон М.Горбачев, Р.Рейган нарын уулзалт тухайн үедээ дэлхий нийтийг анхаарлыг хамгийн ихээр татсан үйл явдал болж байлаа. Харилцан итгэлцэл үндсэндээ алдарсан байсан тул Москвад юм уу, Вашингтонд уулзах талаар яриад ч нэмэргүй гэдгийг аль аль тал нь мэдэж байсан. Тиймээс төвийг сахьдаг Швейцарьт уулзахаар тохиролцжээ. Анхын хэлэлцээний үеэр уур амьсгал нэлээд хүнд байсан тухай гэрчүүд дурсан бичсэн байдаг. АНУ-ын Ерөнхийлөгч Р.Рейган Зөвлөлтийн удирдагчид сургаал айлдаад эхэлсэн гэнэ. М.Горбачев нэлээд сонсож байснаа “Ноён Ерөнхийлөгчөө, би сурагч биш, та багш биш, бидний ард дэлхий байна” хэмээн хэлсэн гэдэг. Амаргүй байсан ч талууд эхний уулзалтаар “Цөмийн дайн гаргахгүй байх тухай тунхаг бичиг”-т гарын үсэг зурсан. Хамгийн гол нь М.Горбачев, Р.Рейган хоёр найзууд болж энэ нь хожим стратегийн болон довтолгооны зэвсгийг хязгаарлах тухай гэрээ байгуулахад маш их тус дэм болсон гэдэг. Ингэснээр хүйтэн дайныг зогсоох үндэс суурь тавигдсан. 1988 онд Ерөнхийлөгч Р.Рейган М.Горбачевын урилгаар Москвад төрийн айлчлал хийсэн нь хоёр улсын төрийн тэргүүнүүд ямар найзууд болсны нэгэн илэрхийлэл юм. М.Горбачев ЗСБНХУ-ын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргын албыг зургаан жил хашихдаа АНУ-ын Ерөнхийлөгчтэй 11 удаа уулзсан байдаг.
Улстөрч М.Горбачевын тухай ярихад Герман, тэрдундаа Берлиний ханыг дурдахгүй байхын аргагүй. Баруун, зүүн хоёрыг зааглаж байсан Берлиний ханыг нурааж, хоёр Германыг дахин нэгдэхэд энэ хүний оруулсан хувь нэмэр маш их. Тиймээс ч түүнийг германчууд ихэд хүндлэн, дээдэлдэг. Жил бүрийн аравдугаар сард улс орон нь эргэн нэгдсэнийг тэмдэглэхдээ германчууд М.Горбачевыг заавал дурддаг юм. Тэрээр хоёр Герман нэгдэх явцыг хурдасгахыг тууштай дэмжиж байсныг Их Британийн Ерөнхий сайд М.Тэтчер, Францын Ерөнхийлөгч Ф.Миттеран нар төдийлөн дэмжихгүй байсан гэдэг. Учир нь Герман улс Европт дахин хүчээ авна хэмээн болгоомжилж байжээ.
М.Горбачев католик шашны төв гэгддэг Ватиканд албан ёсоор айлчилсан Зөвлөлтийн нам, төрийн анхны удирдагч. 1989 оны арванхоёрдугаар сарын нэгний өдөр Ромын хамба лам Иоанн Павел II түүнтэй өргөөндөө уулзжээ. Үүний дараахан Зөвлөлтөд шашны баяр гэгддэг Зул сарын баярыг албан ёсоор тэмдэглэж байхаар болсон. М.Горбачевын үед Зөвлөлт Ватикантай анх удаагаа дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
ЗСБНХУ-ын Ерөнхийлөгч барууны орнуудад айлчлахдаа дагалдан яваа сэтгүүлч, эрдэмтэд нартаа зориулан “нөхөрсөг оройн зоог” зохион байгуулдаг байсан гэдэг. Түүн дээр янз бүрийн асуудлаар санал бодлоо илэн далангуй солилцдог байжээ. Ингэхдээ ямар ч хамаагүй сэдвээр чөлөөтэй ярилцана.
Англи хэл мэддэггүй байснаас ялангуяа барууны орнуудын удирдагчтай шууд харилцаж, ойлголцоход маш их саад болж байсан хэмээн хожим нь дурсан ярьсан байдаг. Түүний гэргий Раиса Максимовна гэхэд Их Британийн Ерөнхий сайд М.Тэтчертэй англиар ярилцдагийг дурсан ярьжээ. Тухайн үед Зөвлөлтийн нам, төрийн удирдах байгууллагуудад ажиллаж байсан хүмүүсээс гадаад хэл, тэр дундаа англи хэл мэддэг хүн байгаагүй гэдэг.
М.Горбачевын эхлүүлсэн өөрчлөн байгуулалтын улмаас социалист гэгдэж байсан орнуудыг нэгтгэдэг Варшавын гэрээ, ЭЗХТЗ буюу СЭВ зэрэг байгууллагууд үгүй болсон юм. Энэ нь социалистууд орнуудад томоохон шинэчлэлийг эхлүүлэхэд хүргэсэн. Зөвлөлт нь Афганистан болон социалист гэгдэж байсан орнуудаас цэргээ гаргасан юм. Эдгээр орнуудын нэг нь Монгол Улс. Дашрамд дурдахад М.Горбачев нь манай улсад ч нэг бус удаа ажлаар ирсэн байсан юм.
Зөвлөлтийн анхны бөгөөд сүүлийн Ерөнхийлөгч тэрбээр Ставрополь хязгаарт тариачны гэр бүлд төрсөн юм. Аав Горбачев Сергей Андреевич нь орос, ээж Гопкало Мария Пантелеевна нь украин аж. Хоёр өвөө нь хоёулаа 1930-аад оны үед хэлмэгдсэн. Миша Горбачев нь 13 настайгаасаа сурахын хажуугаар хамтралд ажиллажээ. 1949 онд сурагч байхдаа ургац хураах ажилд маш сайн оролцсон хэмээн Хөдөлмөрийн улаан тугийн одонгоор шагнуулж байсан. 19 настайдаа Коммунист намд элсэн дунд сургуулиа амжилттай төгсч Москвагийн их сургуульд урилгаар орж хуульч мэргэжлээр суралцсан юм. Их сургуулиа төгсөөд Ставрополь хязгаартаа очиж залуучуудын байгууллагад удирдах ажил хийсэн. Ийнхүү ирээдүйтэй боловсон хүчин гэгдэж намын ажил эрхэлсэн байна.
М.Горбачевын талаар өгүүлэхэд түүний эхнэр Раиса Максимовнаг дурдахгүй байхын аргагүй. Зөвлөлтийн удирдагчаас анх удаа гэргийгээ олны өмнө гаргасан улстөрч бол мөн л М.Горбачев. Нөхрийнх нь нэр хүндийг өргөхөд Оросын үлгэр жишээ тэргүүн хатагтай Р.Максимовна чухал үүрэг гүйцэтгэсэн. Зөвлөлтийн түүхэнд өмнө нь тэргүүн хатагтай нь ийнхүү олонд танил байсан тохиолдол үгүй. 1999 онд Раиса Максимовна нь хорт хавдрын улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нь М.Горбачевын хувьд маш том цохилт болсон. М.Горбачев улс төрийн өндөрлөгт чимээгүйхэн гарч ирсэн шигээ чимээгүй, гунигтайгаар явсан. Өдгөө “М.Горбачев сан”-гийн тэргүүнээр ажиллаж, дэлхийн улс орнуудад уригдан очиж лекц уншиж, олон түмэнтэй санал бодлоо хуваалцсаар.
М.Горбачевын талаар ялангуяа оросууд янз бүрээр ярьдаг. Зөвлөлтийг тараан бутаргаж, эмх замбараагүй байдал үүсгэсэн хэмээн түүнийг буруутгадаг хүмүүс ч цөөнгүй. Гэсэн хэдий ч М.Горбачев бол дэлхийн түүхэнд өөрийн хувь нэмрийг оруулсан улстөрийн зүтгэлтэн юм. Тиймээс ч түүний зүтгэлийг өндрөөр үнэлж 1990 онд Нобелийн энхтайваны шагнал олгосон байна. Зөвлөлт, Оросын улстөрчдөөс энэ нэр хүндтэй шагналыг авсан хүн түүнээс өөр үгүй билээ.