Categories
мэдээ нийгэм

Цахилгаан халаагууртай иргэд шөнөдөө 1500 квт.ц хэрэглэнэ гэж тооцоолжээ

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын цахилгааны шөнийн тарифийг тэглэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон. Үүнтэй холбоотой өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлэл хийлээ. Уг урамшуулал нь нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний хооронд үргэлжилнэ. Ингэхдээ зөвхөн ахуйн хэрэглээний цахилгааны тарифыг тэглэнэ гэдгийг санууллаа.

Энэ хөнгөлөлт бол зөвхөн ахуйн хэрэглээнд, оршин суугаа байраа цахилгаанаар хангахад зориулсан. Түүнээс биш гэр хороололд үйлдвэрлэл явуулдаг газрын тогийг тэглэхгүй. Гэр хороололд үйлдвэрлэл явуулдаг бол ахуйн биш үйлчилгээний зориулалтаар гэрээ хийсэн байдаг. Тиймээс үйлдвэрүүд хамрагдахгүйг тодотголоо.

Гол нь энэ удаад цахилгаан эрчим хүчний дээд хязгаарыг 220В-ын хэрэглэгчид 700 квт.ц, 380В-ын хэрэглэгчид 1500 квт.ц байхаар тогтоосон байна. Энэ нь шөнөөр халаагуур залгаж хоноход хүрэлцэхүйц хангалттай хэмжээ аж.

220В-ын хэрэглэгчид 2.5 квт-ын чадалтай халаагуурыг шөнийн турш залгахад 700 квт.ц-ийн эрчим хүчийг сард хэрэглэнэ. Харин 380В-ын хэрэглэгчид тав орчим квт халаагуур залгах боломжтой. Одоогийн 1500 квт.ц нь дундаж хэрэглээ юм. Цахилгаан халаагууртай иргэд шөнөдөө 1500 квт.ц хэрэглэнэ гэх судалгаа гарчээ. 220В-ын хэрэглэгчдийн хувьд тэдний аюулгүй байдал, цахилгаан шугам сүлжээний дамжуулах чадвартай уялдуулан 700 квт.ц-ийг тогтоож өгсөн аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *