Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газрын тогтоол гарч, холбогдох сайд нар, бүх шатны Засаг дарга нарт даалгавар өгсөн.
Энэ дагуу:
– Өрхийн эрүүл мэндийн төвүүд 2017 оны нэгдүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны гуравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл Бямба гараг бүр ажиллах
– Дээрх хугацаанд амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, мөн гэрээрээ 3-5 хоног асарч байгаа эх, эцэг /асран хамгаалагч нар/-т мөн хугацааны цалинтай чөлөө олгохыг ажил олгогч нарт даалгав.
Мөн амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэхээр болов.
Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллах, шаардлагатай зардал, санхүүжилтийг шийдэхийг холбогдох сайд нарт даалгалаа.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг мөн доорх уриалгыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт мөн хүргүүлсэн юм.
Бага насны хүүхдийн дунд томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварын тохиолдол ихэсч, ялангуяа агаарын бохирдол ихтэй аймаг, дүүргүүдэд уг өвчний улмаас хүндэрч, эмнэлэгт хэвтэх хүүхдийн тоо нэмэгдэж, эмнэлгийн орны ачаалал 2-3 дахин нэмэгдээд байна.
Нийслэлийн эмнэлгүүд хүүхдийн өвчнийг эмчлэх 789 ортой боловч өнөөдрийн байдлаар 1613 хүүхэд хэвтэн эмчлүүлж, 623 орыг нэмэлтээр дэлгэн ажиллуулж байна. Гэвч эмнэлгийн орны ачаалал 12.5%-аар хэтэрч, эмнэлгийн тусламж, үйлчилгээний горим алдагдаж байна.
Хүүхдүүд эмнэлэгт хэт олноороо хэвтэх нь амьсгалын замын халдвар эмчлэгдэхгүй удах, дахин халдвар авах эрсдэлийг эрс нэмэгдүүлж байна.
Иймд байгууллагын нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн, тав хүртэлх насны амьсгалын замын халдварт өвчтэй хүүхэдтэй ээж (асран хамгаалагч)-д 2-3 хоногийн цалинтай чөлөө олгохыг уриалж байна гэжээ.