-Д.ДАШЦОГЗОЛ:
СҮҮЛДЭЭ ХАДГАЛАМЖИНДАА МӨНГӨ ХИЙХГҮЙ Л БОЛ ТАЙВШРАХАА БОЛЬЧИХДОГ ЮМ БИЛЭЭ-
Нарантуул дээр тэрэг түрээд гүйж явсан залуу мөнгөө хураагаад амины
хоёр ч байшин, портер машин, сарын сая гаруй төгрөгийн орлоготой товхийтэл амьдарч
байна. Дашцогзол 1997 онд Завханаас Улаанбаатарт шилжиж иржээ. Мэргэжил боловсролгүй
хорь хүрч яваа залууд Нарантуул зах дээр тэрэг түрэх ажил л олдож. Өдөрт олсон хэдээсээ
өл залгах хоолны мөнгө авч үлдээд бусдыг нь хамаатныхаа хүнд хадгалуулж эхэлжээ.
Гэр хол ч унаанд мөнгө зарахгүйн тулд зах руу ирж, буцахдаа алхана. Өдөрт хадгалуулдаг
мөнгө нь дээд талдаа хорин мянга, ер нь бол арван мянган төгрөгөөс буухгүй. Тэр
үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 9800 төгрөг байсан гэхээр овоо мөнгө.
Дашцогзолыг Нарантуулынхан Доржоо гэдэг нэрээр нь анддаггүй юм билээ.
Тэрэг түрж хураасан мөнгөөрөө барилгын материал увуу цувуугаар авч ахынхаа хашаанд
хураасаар байгаад байшинтай болчихож. 6х8-ын харьцаатай тохьтой, дулаахан сууцаа
Доржоо өөрөө барьжээ. Орон гэрээ бэлдээд авсан залуу хураасан мөнгөөрөө эксель худалдаж
авч таксинд явж эхэлж.
Таксинд явж олсон мөнгөө хүү авах давуу талтайг нь бодоод хамаатныхаа
хүнд биш банкинд хадгалуулдаг болжээ. Олсон мөнгөнийхөө 80 хувийг хадгална гэж өөртөө
амласнаа ярив. “Зарим өдөр бензинийхээ мөнгийг хасаад ганц, хоёрхон мянгыг олно.
Юуг нь хадгалах вэ дээ гээд үрчихье гэж бодож байгаагүй. Залуу хүн л юм чинь наргиа
цэнгээн, аялал зугаалгад мөнгө үрмээр санагдана. Гэхдээ эхлээд зорилгодоо хүрээдхэе
гэж зүтгэсэн. Мөнгөө хадгалаад байхаар сүүлдээ хадгаламжиндаа мөнгө хийхгүй л бол
тайвшрахгүй болчихдог юм билээ” гэж Доржоо ярьж байсан. Портероор ачаа бараа зөөх
нь илүү ашигтайг олж харсан залуу будаг нь ханхалсан шинэ портер худалдаж авчээ.
Мэдээж такси барьж хуримтлуулсан мөнгөөрөө. Доржоо одоо ч портероороо ачаа зөөдөг.
Зуун айл дээр зогсч ачаа зөөгөөд долоон хоногт 300-350 мянган төгрөг өлхөн олчихдог
юм байна. Олсон мөнгөнийхөө 60-70 хувийг хадгаламжиндаа хийдэг.
Доржоо “Би долоо хоног болгон банкинд очиж мөнгөө хийдэг. Бэлэн мөнгөтэй
явахаар хэрэггүй зүйлд үрчих гээд байдаг юм. Гэртээ хадгалах бас дэмий. Увуу цувуугаар
авсаар дуусгачихдаг. Дараа нь бодохоор энэ гээд хэлчихээр хэрэгтэй юм аваагүй байдаг.
Мөнгөө хадгалаад сурчихаар хүн хэрэггүй зүйл авахаа больчихдог юм билээ. Найзуудаа
хараад байхад хүссэн зүйлээ авч мөнгөө үрээд байгаа анзаарагддаг. Хүний хүсэл барагдахгүй
шүү дээ. Хүсэл хэрэгцээ хоёроо ялгах нь чухал гэж нэг хүн зурагтаар ярьж байсан.
Үнэхээр үнэн үг. Хүмүүс хадгалахаар их цалин авч байгаа биш, юуг нь хадгалах юм
гэж ярьдаг. Олсон мөнгө болгоныхоо тодорхой хувийг хадгалаад жил өнгөрөхөд л хадгаламж
ямар хэрэгтэйг ойлгоно доо” гэж ярив. Залуу гурван жилийн өмнө Дарь-Эхэд хашаа худалдан
авч мансардтай, 9х9-ийн харьцаатай амины сууц барьжээ. Мөн л хуримтлуулсан мөнгөөрөө.
“Зуун айл удахгүй газарт орно. Хэзээ хөөгдөх бол гэж түгшиж амьдрах хэцүү. Тэгээд
ч миний хашаа биш болохоор өөрийн гэсэн орох оронтой болъё гэж бодсон” гэж байна.
Мөнгөө хураагаад аятайхан амьдарсан ийм энгийн түүхээс гадна дэлхийд гэж яригддаг
тэрбумтнууд дунд ч хуримтлуулсаныхаа ачаар бизнесээ цэцэглүүлсэн түүх цөөнгүй дуулддаг.
Хөрөнгө мөнгө нь Опрагаас 800 сая ам.доллараар илүү Хятадын тэрбумтан Жан Шин гэхэд
л ядуу тарчиг амьдралд өссөн гэдэг. Бээжингийн охин мөнгө олохын тулд ээжтэйгээ
Хонгконгийг зорьж, таван жил мөнгөө цуглуулсан байдаг. Лондонд очиж англи хэлний
курст сурах гэж. Ингээд л амжилтанд хүрэх тийзээ олоод авч.
IKEA-гийн босс Ингвар Кампрадын бизнес ч хуримтлуулсан мөнгөнөөс
эхэлсэн юм билээ. Сурагч байхаасаа харандаа үзүүрлэгч, шүдэнз гэх мэт жижиг сажиг
барааг бөөний үнээр авч борлуулдаг байсан хүү хураасан мөнгөн дээрээ ааваасаа багахан
мөнгө нэмж зээлээд бизнесээ эхэлж байж. 15 настайдаа.
Манай улсад 820 мянга орчим айл байдгаас 760 мянга нь ямар ч хуримтлалгүй
гэсэн статистик бий. Хадгаламжтай монголчуудын 83 хувь нь нэг сая хүрэхгүй төгрөг
хуримтлуулсан гэж эдийн засагчид онцолдог. Ганцхан хувь нь л тавин сая төгрөгөөс
дээш хуримтлалтай. Монголчууд бултаараа мөнгө хуримтлуулж сураагүй гэсэн үг. Их,
бага хуримтлалтай 60 мянган айлын нэг нь Д.Дашцогзолынх. Уг нь гурван өрх тутмын
нэг нь сард 50 мянган төгрөг хадгалуулаад байхад л арван жилийн дараа айл бүр
13 сая төгрөгтэй болох юм билээ. Улсаараа гэж яривал 3.3 их наяд төгрөг эдийн засагт
эргэлдэх нь.
Хадгаламж ихсэх хэрээр банкууд компаниудад өгөх зээлээ нэмнэ, бизнесийн
төслүүд мөнгөөр дутахын зовлонгүй болоод ирэхээр ажлын байр нэмэгдэж, төсөвт цуглах
татвар өснө. Ажилгүй, мөнгөгүйн зовлон ард үлдэж улсаараа аятайхан амьдрах боломж
мөнгөө хадгалуулах гэсэн энгийн зүйлээс эхэлдэг. Иргэд нь мөнгөө хуримтлуулаад заншчихсан
улсуудыг харахаар хөгжлөөрөө цойлсон орнууд байдаг нь цаанаа ийм учиртай.