Categories
мэдээ соёл-урлаг

Улаан номд орсон “Цагаан Арслан”-гийн тоглолт үргэлжилж байна

Монголын үндэсний Аса циркийн урилгаар ОХУ-ын алдарт Демидовын шоу цирк үзэгчдийг байлдан дагуулж байна.
Тэдний бусад циркээс ялгарах гол онцлог бол “шоу” хэлбэр. Мэдээж тоглолтын тухайд нэг бүрчлэн тоочино гэвэл тэр гайхамшгийг танд бүрэн мэдрүүлж чадахгүй, уншигч таны цаг завыг үрсэн, харамсалтай хэрэг болох буй за. Тоглолтын завсарлагын үеэр жүжигчид болон алиалагчтай зургаа авахуулах бүрэн боломжтой юм байна. Мөн тус циркийн бар, арслан саяхан томоохон худалдааны төвүүдээр айлчлан олныг хөгжөөгөөд байгаа юм. Саяхан хамгийн залуу бар Мах Маll худалдааны төвөөр зочилж нийслэлчүүдийн нэгээхэн хэсэгтэй танилцуулсан бол дараагийн удаад Khunnu mall, Улаанбаатар их дэлгүүр, Номин их дэлгүүр, Shangri La Mall зэрэг газруудад айлчлал хийхээр зэхээд байгаа гэнэ.

Циркийн үзүүлбэрийг хамгийн хөгжөөнтэй болгодог зүйл бол алиалагч билээ. Тэгвэл алиалагч Генрих хүн инээлгэх хүндхэн урлагт хөл тавиад 10 жил болж байгаа юм байна.
Тэрээр Герман улсад болсон олон улсын циркийн тэмцээнээс “Алтан алиалагч”, “Цагаан маск” шагналыг пантомимийн наадмаас авсан. Прагт болсон гудамжны алиалагчдын тэмцээний шагнал гээд олон шагнал авч байжээ. Тэрээр одоо Монте Карлод очиж “Алтан алиалагч” шагнал авахыг мөрөөдөж байгаа гэнэ.
Үүнээс гадна хутга шидэгч, тэнцвэрт нугарагч, элдэв йогийн үзүүлбэрээр зогсохгүй харахаас ч цэрвэм аймшигт үзүүлбэр гээд дурьдвал олон гайхамшиг энд цогцолсон байна. Эдгээрээс онцлон сонирхуулахад, төмөр торон бөмбөрцөг доторх экстремийг бид цэнхэр дэлгэцээр л харж байсан. Тэгвэл эр зоригийн шалгуур болсон энэ аюулт үзүүлбэрийг зургаан мотоцикльтой залуус тун мэдрэмжтэйгээр гүйцэтгэж байгааг бодитоор, дэргэдээс нь үзэхэд ямар сэтгэгдэл төрснийг онож хэлэхэд бэрх юм. Нийт арваад төрлийн үзүүлбэр 3 цаг орчим үргэлжилнэ.

Бусад үзүүлбэрүүдийг танилцуулбал, олсон дээр наадагчид гэхэд та бидний өмнө нь үзэж байснаас илүү сонирхолтой бөгөөд үзүүлбэр нь улам хүндэрсээр, үзэгчдийн сэтгэл хөдлөл тэр хэрээр нэмэгдсээр байсан юм. Тэд яг л газар зогсоод товшлуур бүжиж буй мэт наадаж, сандал тавин тухлан сууж, сандалтайгаа ч бүжиглэж, цаашлаад дээр дээрээсээ давхралдан алхах, толгой дээрээ тогтох зэргээр гайхуулан бишрүүлж байлаа.
Үүний нэгэн адил нүд алдам тоглолт бол дэлхийд алдартай Үхлийн цагаригийн гадуур, дотуур ямар ч хамгаалалтын хэрэгсэлгүйгээр гүйлдэн наадах Латин америкаас ирсэн хоёр жүжигчний үзүүлбэр.

Тэр ч бүү хэл хурдлан эргэлдэх цагариг дээр дээс тоглож, нүдээ боон эргэлдэх нь үзэгч олныг уулга алдуулж байв.
Үзэгч багачуудын төдийгүй томчуудын хамгийн их сонирхдог, хүсэн хүлээдэг хэсэг бол амьтад. Энэ удаад эх оронд маань дэлхийд нэн ховордсон, Улаанномд орсон цагаан арслан /2/, цагаан бар /4/, шар бар /2/ хүрэлцэн ирсэнээрээ онцлог болж байна. Тэд хоорондоо тун эв найрамдалтай, эелдэг дотно гэдэг нь хамтын үзүүлбэрээс нь илхэн харагдана. Тэдний дотны анд, сурган хүмүүжүүлэгч нь дэлхийд хамгийн залуу амьтан сургагч аж. Тэрээр сүрлэг биетэй, асар том муужгайнуудтайгаа маш сайн ойлголцох юм.
Арслан, барс хэдийд хаана, ямар байрлалд зогсохоо сайтар ойлгохоос гадна алга таших зэргээр тус бүрдээ өөрийн гэсэн үүргээ маш сайн мэддэг. Тиймээс ч үзүүлбэр нь төгс байж чаддаг биз ээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *