Categories
мэдээ цаг-үе

Х.Нямбаатар: Гишүүдийн хэлээд байгаагаар оффшорын хуулийг баталбал Үндсэн хууль зөрчинө

УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа. Тэрбээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай буюу бидний яриад байгаагаар Оффшорын хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа юм.


-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэзээ батлах юм бол. Байнгын хороон дээр хойшилчихлоо. Уг нь олон хүний анхаарлын төвд байгаа хууль биз дээ?

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар нийтийн албанд ажиллаж байгаа тодорхой албан тушаалтнуудыг гадаадад өөрийн нэр дээр хувийн харилцах данс, хадгаламж, хувьцаа эзэмшихийг хориглосон хуулийн төсөл оруулж ирсэн юм. Энэ хууль нэлээд маргаан дагуулж байгаа нь үнэн. Ард түмний хувьд шударга ёсны хүсэмжлэлийг шаардан нэр бүхий улстөрчдийг төрөөс идэж уусан мөнгөө гадаадад нууж, байршуулсан хүмүүсийн нэр дурдагдаж, хардлага төрүүлээд байна. Би ажлын хэсгийг ахалж байгаа. Яагаад энэ ажил удаашраад байна вэ гэхээр Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төсөл байнгын хорооны анхны хурал дээр уначихсан л даа. Тухайн долоо хоногийнхоо чуулганы хуралдаанаар ороод байнгын хорооны дэмжээгүй саналыг чуулганы гишүүд дэмжээгүй тул боссон юм. Боссон гэдэг нь хэлэлцэхээр болсон гэсэн үг. Ажлын хэсэг маш олон удаа хуралдсан. Оффшор бүс, оффшор бүст компани байгуулах, хөрөнгө эзэмшихтэй холбоотой харилцааг гадаад улсад хэрхэн зохицуулдаг талаар судалгаа хийлгэсэн. Оффшортой холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас эрх зүйн зохицуулалт, оффшорын өөрийнх нь үндсэн шинж чанарын талаар танилцуулга хийсэн.

-Яг гол асуудал нь юу юм бэ?

-Эсрэг байр суурьтай гишүүд нэгдүгээрт, гэр бүлийнхээ гишүүдийн нэр дээр оффшор данс эзэмшихийг бүр мөсөн хориглооч ээ гэж байгаа. Хоёрдугаарт, гадаад гэж хэт өргөн хүрээг хамруулж байна. Тиймээс зөвхөн оффшор бүсээ тоочин, нэр дурдах ёстой гэсэн. Гуравдугаарт, бие даасан хууль гаргаач гэж байгаа л даа. Дөрөвдүгээрт, оффшортой холбоотой Өршөөл үзүүлэх тухай хууль гаргах ёстой гэсэн шаардлага тавиад байгаа юм.

-Энэ дөрвөн шаардлагыг биелүүлэх боломж байгаа юм уу?

-Энэ тухай танд дэлгэрэнгүй ярих ёстой байх. Нэгдүгээрт, бие даасан хууль гаргана гэхээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль нь өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой харилцааг зохицуулж байгаа. Үүнтэй зэрэгцүүлэн адил төрлийн харилцааг зохицуулсан бие даасан хууль гаргах нь хууль эрх зүйн системийн хувьд зөв зүйтэй биш л дээ. Тэр утгаараа бие даасан хууль батлан гаргах нь зохимжгүй гэдгийг ажлын хэсгээс бусад хүмүүст хэлээд байгаа юм. Тэр байтугай төрийн албан хаагчийн ах дүү, хамаатан саданг гадаадад данс эзэмшихийг хоригло гээд хууль гаргах нь 1966 оны эдийн засгийн соёлын эрхийн факт, Үндсэн хууль, бусад хүний эрхийн тухай баримт бичгүүдэд заасан жам ёсны эрхийг зөрчинө гэж үзэж байгаа.

-Ер нь бол гишүүдийн хэлээд байгаа саналыг оруулах юм бол Үндсэн хууль зөрчих юм байна, тийм үү?

-Тэгнэ. Манай Үндсэн хуулинд иргэн бүр аж ахуй эрхлэх эрхтэй гэж заасан. Мөн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авч эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах эрх нь үндэсний болон олон улсын эрх зүйн баримт бичгүүдэд заачихаад байхад хүний эрхийг зөрчиж болохгүй. Бид хуулиндаа ямар санаа оруулж байгаа вэ гэхээр гадаадад бусад хүмүүс аж ахуй эрхэлж болно. Гагцхүү хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ данс, дансны үлдэгдлээ тайлагнаад яв гэж байгаа юм.

-Гишүүдийн хэлээд байгаа өөр нэг зүйл нь оффшор бүсүүдийг зарла гээд байгаа. Та ч дээр ярилаа. Хэрэв зарлалаа гэхэд олон улс талаасаа бүдүүлэг алхам болох уу?

-Гишүүд оффшор бүсийн 60 орныг зарлаад энэ улсад данс эзэмшиж болохгүй гээд хуулиндаа зааж өгөх ёстой гэдэг асуудал яриад байна. Гадаад харилцааны яам олон улсын харилцаа, дипломат ёсны хувьд энэ энэ нь сайн улс, эдгээр нь муу улс гэсэн томъёолол оруулах нь зохимжгүй гэдэг байр суурь илэрхийлсэн. Өнгөрөгч арваннэгдүгээр сард гэхэд Германд төрийн өндөр дээд албан тушаалтнууд гадаад улсад хадгаламж эзэмшихийг хориглосон зохицуулалтыг хуулиндаа оруулж ирсэн. Анзаарч байвал оффшор гээгүй гадаад улсад гэж байгаа биз. АНУ-д энэ төрлийн хууль өргөн баригдах асуудал яригдаж байгаа юм билээ.

-Өөр нэг зүйл нь өршөөл үзүүлэх ёстой гэдэг байр суурийг гишүүд гаргасан гэсэн. Ийм боломж байгаа юм уу?

-Гадаадад данс эзэмшиж байгаа хүмүүст уучлал үзүүлэх хугацаа зарлаж хөрөнгө мөнгөө Монголд оруулж ирэх Өршөөлийн хууль гаргаач ээ гээд байна л даа. Өнгөрсөн 2014 онд Их хурал Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, Өршөөл үзүүлэх тухай хуулиудыг батлан гаргасан байдаг. Төрөөс хулгай хийсэн, татвараас зайлсхийсэн хүмүүсийг жил бүр өршөөгөөд байна гэсэн чинь юу гэсэн үг вэ. Хэрэв ингээд Өршөөлийн хууль гаргачих юм бол жинхэнэ утгаараа УИХ ашиг сонирхлын зөрчилтэй харагдана гэж ажлын хэсгийн даргын хувьд үзэж байгаа. Харин одоогийн хуулиар гурван сарын дотор гадаадад эзэмшиж буй бүх дансаа хаан харилцаагаа дуусгавар болгоод тодорхойлолтоо аваад ир гэж байгаа юм. Гэр бүлийн гишүүд, эхнэр, нөхөр, ах дүү, хамаатан садан нь гадаадад данс эзэмшдэг бол тэрийг нь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тайлагнаад явахаар туссан. Гадаадад данс эзэмшиж, мөнгө байршуулсан хүмүүс энэ хууль батлагдсаны дараа хуулиар халхавчлаад өршөөгдөх гэж байна гэсэн шүүмжлэл байгаа.

-Нээрээ тийм зүйл яригдаж байсан. Үнэн юм уу?

-Тийм зүйл огт байхгүй. Эрүүгийн хуулинд хууль бусаар хөрөнгөжих, татвараас зайлсхийх, нуун дарагдуулах, албан тушаалаа урвуулан ашиглах гээд олон төрлийн гэмт хэргийн зохицуулалтууд бий. Гадаадад үнэхээр их хэмжээний мөнгө төгрөгтэй байсан нь илэрсэн тохиолдолд хууль хяналтын байгууллага шалгаад холбогдох процессын ажиллагаа явуулаад ял шийтгэл ноогдуулах эрх зүйн орчин хэвээрээ байгаа.

-Гэхдээ манайхны хувьд оффшор гэдэг зүйл чинь муу муухай бүхний үүр уурхай мэт ярих юм л даа. Буруу ойлголт нийгэмд давамгайлчихлаа?

-Янз бүрийн ойлголтууд байна. Хууль бусаар олсон мөнгөө татвараас нуун байршуулсан муу муухай газрыг оффшор хэмээн манайхан ойлгоод байгаа юм. Оффшор гэдэг чинь үг зүйн утгаараа эргийн гадна, хилийн чанадад, хилийн гадна гэсэн утгатай. Оффшор нь татварын таатай бүс, нэргүйгээр бизнес эрхлэх, валютын хязгаарлалтгүй, компани бүртгүүлэхэд тавигдах шаардлага хялбар, хувьцаа эзэмшигчдийн хурал, санхүүгийн тайлан нь маш энгийн, банкны мэдээлэл нь маш нууцлаг гэсэн үндсэн шинжүүдийг агуулдаг.

Европ, Хойд америк, Карибын бүс, Номхон далайн бүст хуваадаг бөгөөд 60 гаруй газар оффшор бүсийн статустай байдаг. Манайхан энэ хүмүүс оффшор бүст мөнгө байршуулсан гээд байгаа. Тэдний хувьд тухайн хүмүүсээ хууль хяналтын байгууллагад өгөөд шалгуулах эрх нь нээлттэй.

-Оффшорчдыг дэмжсэн хууль гаргах гэж байна гэсэн шуугиан дэгдээд байгаа шүү дээ?

-Энэ хууль ямар нэгэн оффшор данс эзэмшиж байгаа хүнд боломж олгож байгаа юм биш. Ингэж мушгиж болохгүй.

-Зарим гишүүдийн зүгээс оруулж ирсэн хуулийн төсөл дээр хариуцлага оногдуулсан зүйл алга гээд байгаа. Хувийн хэвшлийнхнийг хүртэл хамруулах ёстой гэдгийг зарим гишүүд хэлээд байх юм. Бусад хуулиудад шингэчихсэн заалтыг заавал оруулах ёстой юу?

-Нэгдүгээрт, хувийн хэвшлийнхнийг оффшор бүст данс эзэмшихийг хориглож, хязгаарлана гэдэг бол хүний эрхийн түгээмэл тунхаглал, дээр дурдсан НҮБ-аас батлан гаргасан Эдийн засаг, соёлын тухай факт, 1992 онд батлагдсан Үндсэн хуулийг бүгдийг нь зөрчинө.

Хоёрдугаарт, хариуцлагын тал дээр энэ хуулинд хориглосон зохицуулалт бий. Хориглосон бол энэ хүн нийтийн албанд ажиллах боломжгүй гэсэн үг. Тухайн мөнгөнийхөө эх үүсвэрийн нотолж чадахгүй бол хууль бусаар хөрөнгөжсөн, татвараас зайлсхийсэн гэдэг зүйл заалтаараа эрүүгийн хариуцлага хүлээнэ. Хамгийн том хариуцлага чинь эрүүгийн хариуцлага биз дээ.

-Гэхдээ яг ямар хүмүүс энэ хуульд хамаарах вэ гэдэг дээр шийдлээ олсон уу. Нэлээд маргаантай байгаа сураг байсан?

-Маргаантай байгаа нь үнэн. Хуулийн төслийн эхний оруулж ирснээр хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөж байгаа 38 мянган хүнийг хамруулъя гэсэн байсан. Жагсаалтыг Хууль зүйн байнгын хороо баталдаг. Энэ тоо нүсэр байсан тул ажлын хэсэг дээр би тусгай санал хураалгасан. Франц улс гэхэд долоон мянган хүнийг л энэ хуулийн хүрээнд хамруулж байхад Монгол Улс 38 мянган хүнийг хамруулна гэж байгаа юм.

-Тэгээд хэд байх нь зөв гэж?

-Миний хувьд 17 мянга 300 орчим хүнийг хамруулъя гэдэг саналаа хүргүүлчихээд байна. Энэ хууль гарах нь юу юунаас илүү чухал. Бид ямар ч хориглосон зохицуулалтгүй Монгол Улс дахь мөнгөний урсгал гадагшаа гардгийг тодорхой хэмжээнд хязгаарлая гэдэг хуулийн үзэл баримтлал бий.

-Хууль яг хэзээ гарах юм. Ингээд хойшлуулаад байх юм уу?

-Ирэх долоо хоногт иргэний нийгмийн ажилтан, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулна. Бид аль болох оффшорын асуудлаа хурдан шийдэх ёстой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *