-УТААГ БАГАСГАХЫН ТУЛД ЭХНИЙ ЭЭЛЖИНД ЦАХИЛГААНААР ХАЛААДАГ АРГА ЗАМЫГ СУДАЛНА-
Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэлтэй ярилцлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Улаанбаатар хотын утааг бууруулах даалгаврыг тус академид үүрэг болгон өгчээ.
-Улаанбаатар хотын утаа гамшгийн хэмжээнд хүрээд удчихлаа. Өнгөрсөн жилүүдэд утааг бууруулах талаар нэлээд ажил хийж, мөнгө зарж байсан ч үр дүнд хүрсэнгүй. Тиймээс хотын утааны асуудлыг шийдвэрлэх том үүрэг хариуцлагыг Шинжлэх ухааны академид үүрэг болгосон юм байна. Энэхүү үүрэг чиглэлийн дагуу юунаас ажлаа эхлэх гэж байна вэ?
-Энэ сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ж.Батсуурь бид хоёрт хотын утааг бууруулах арга замыг олох даалгавар өглөө. Улаанбаатар хотын утааг эрс багасгах санааг олох ёстой гэсэн үг. Сайд бид хоёр энэ даалгаврыг баяртай хүлээж авсан боловч үүнийг хэрэгжүүлэх нь амаргүй ажил гэдгийг ухамсарлаж байгаа.
Ийм том даалгавар өгч байгаа нь бидэнд нэр төрийн хэрэг бөгөөд маш том хариуцлага боллоо. Мөн маш их итгэл хүлээлгэж байгаа юм байна гэж ойлголоо. Утаа бууруулах ажил 2009 оноос эхэлсэн байдаг. Гэвч энэ асуудалд олон арван тэрбум төгрөг зарцуулсан боловч ихэнх нь цаасан дээр бичигдсээр иржээ. Ер нь хэвлэл мэдээллээс утаанд зарцуулсан мөнгөн дүнг харахад улсын төсвөөс 100 гаруй тэрбум төгрөг гаргасан байна. Хувийн хэвшлээс болохоор 200-гаад тэрбум төгрөг гарчээ. Гэтэл утаа улам бүр ихсэж байна. Утааны хэмжээ, азотын давхар ислүүд тэдэн хувь байна гэж яриад ч хэрэггүй болсон.
Угаасаа хотын утаа зөвшөөрөгдөх хэмжээнээс хамгийн багадаа 10-20 дахин их буюу гамшгийн хэмжээнд хүрчихсэн байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд утааг бууруулах арга нь шал буруу байжээ. Олон зуух, шахмал түлш хийж үзсэн ч үр дүн гарсангүй. Тиймээс энэ удаа Ерөнхий сайд бидэнд энэ асуудлыг даалгаж байгаа нь утааг бууруулах ажлыг бизнесийн нүдээр биш, шинжлэх ухааны аргаар харж, шийдвэрлэх байх гэж итгэсэн юм болов уу. Бид хамгийн эхлээд утааг эрс бууруулах санал гаргаж, техникийн шийдлийн хамт боловсруулж танилцуулна. Тэгэхээр энэ нь нэлээд олон хүний хүч хөдөлмөр шаардах, багагүй хугацаа орох ажил. Бид сүүлийн хоёр өдөр хуралдаж, утааны асуудлыг яаж хурдан шийдэх вэ гэдэг асуудлаар санал солилцож байна. Энэ чиглэлийн томоохон эрдэмтдийг урьж ярилцлаа. Ямартай ч энэ ондоо багтаагаад зохион байгуулалтын ажлаа хийчихье гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Улаанбаатарын утааг бууруулах ямар арга байна. Шинжлэх ухааны академи ямар аргыг хэрэглэх гэж байна?
-Манайхтай төстэй, хөгжлийн түвшин харьцангуй буурай орнуудад үндсэндээ утааг бууруулах хоёр л арга байдаг. Нэгдүгээрт, орон сууцжуулах, хоёрдугаарт цахилгаан халаагуур ашиглах. Нэгдүгээр аргыг хэрэглэнэ гэхээр дааж давшгүй их хөрөнгө хэрэгтэй болно. Цахилгаан, усны нөөц нь хүрэх үү гэдэг асуудал гарна. Мөн хийн түлш хэрэглэх арга байдаг ч хугацаа шаардлагатай. Тиймээс бид цахилгаанаар халаадаг, арга зам руу судалгаагаа чиглүүлье гэж бодож байгаа юм. Бидний ерөнхий чиг энэ. Ерөнхий сайд ч мөн энэ чиглэлийн ажил байж болно гэсэн. Нэг шийдчихвэл энэ нь төгс шийдэл. Эхлээд суурь судалгааны ажлуудыг хийх хэрэгтэй байгаа. Ямар ч байсан манай шинжлэх ухааны академийн эрдэмтэд гэдэг нь ашиг сонирхлын зөрчилгүй санал боловсруулах хүмүүс. Монгол орныхоо хөгжлийн төлөө, улаанбаатарчуудын эрүүл мэндийн төлөө сэтгэл зүрхээ гаргаад харьцангуй хямд төсвөөр утааны асуудлыг шийдэх хүмүүс бол академийн эрдэмтэд байна.
-Академийн эрдэмтэд утааг бууруулах чиглэлээр хийсэн бэлэн судалгаа, технологи бий юу?
-Олон бий. Хамгийн наад зах нь таван ханатай гэр халаахад хэр хэмжээний цахилгаан зарцуулах вэ, гэр хаагуураа хэдэн хувийн дулаан алддаг юм гэх зэрэг судалгаанууд бий. Ядаж л гэрийн үүдэнд амбаар барих хэрэгтэй юм байна. Гэрийн бүрээсийг ямар материалаар яаж хийвэл дулаан алдалтыг багасгах вэ гэдэг судалгаа ч бий. Мөн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр тодорхой хэсгийг хангах боломжтой. Ер нь бид төсөл боловсруулах техникийн танилцуулгаа гэгээлгээр харж байна. Утаа бууруулах шийдлийг Шинжлэх ухааны академи харьцангуй богино хугацаанд гаргаж чадахгүй юм бол өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй.
-Хамгийн багадаа хэдий хугацаанд хотын утаа эрс буурах боломжтой бол. Ерөнхий сайд үүрэг даалгавар өгөхдөө хугацаа заасан уу?
-Ямар хугацаанд бууруулахыг ажлын хэсэг нэлээд судалж байж хэлнэ. Ерөнхий сайд ерөнхий чиглэл өгсөн, хугацаа нарийн заагаагүй. Хөх хот зэрэг хамгийн богино хугацаанд утаанаас салсан хотуудын туршлагыг судлах хэрэгтэй байна. Мөн хамгийн бага эрчим хүчээр хамгийн их дулаан ялгаруулдаг халаалтын төхөөрөмжийн загварууд дэлхийн хаана байна. Төхөөрөмжүүдийг авч, харьцуулж, задалж шинжилж үзнэ. Түүнээс биш хаана ч байдаг цахилгааны хэрэглээ асар өндөр үнэтэй тень хэрэггүй. Тэр дундаас хамгийн хямд загварыг бид сонгож авах ёстой гэх зэрэг олон ажил бий. Ер нь бид гурваас, дөрвөн жилд багтах асуудлыг л зохион байгуулна. Энэ бол байж болох маш богино хугацаа.
-Өнгөрсөн жилүүдэд манайхан төслийн зуух, утаа гаргадаггүй зуух гэж нэлээд хошуурлаа. Ер нь утаагүй зуух гэж байдаг, байх боломжтой юм уу?
-Нүүрс түлж байгаа л бол заавал утаа гарна. Ямар ч шаталт байсан шаталтаас утаа гарна шүү дээ. Нүүрс түлэхэд жижиг ширхэгтэй тоосонцор нь агаарт дэгдэж, том хэсэг нь хөрсөн дээр унадаг. Ингээд хүний амьсгалын хэмнэлээр уушги руу орно. Нүүрсний утаа хортой юу гэвэл үнэхээр хортой. Нүүрсний утаанд угаартсан хүн эргэж бараг сэргэдэггүй. Энэ утаанд азотын хийн хүхэрт бодис бий. Энэ нь нярай болон бага насны хүүхэд, өндөр настанд илүү сөргөөр нөлөөлдөг.
-Шинжлэх ухааны академийн эрдэмтэд өмнө нь утаа бууруулах ажилд оролцох боломж, нөхцөл байгаагүй юм уу?
-Утаа буруулах талаар манай дулаан, цахилгаан, эрчим хүчний чиглэлээр ажилладаг эрдэмтэд төр засагт маш олон санал, төсөл хүргүүлж байсан. Гэтэл шалгаруулдаг комисс нь авч үзэж байгаагүй. Хэн нэг хүний ширээн дотор л тэр материалууд байж байгаа. Угаасаа төр засаг шинжлэх ухаан руу харъя гэж боддоггүй. Одоо харж байгаад нь баяртай байна. Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэж үг бий.
-Агаарын бохирдлын 10-20 хувийг машины угаар эзэлж байна. Машины утааг бууруулах сайн технологи юу байна?
-Нэгдүгээрт ашиглах бензинийхээ чанарыг сайжруулах хэрэгтэй. Нэг нь катализатор тавих арга. Катализаторын хүчээр бензиний бүрэн шаталт явагддаг. Утааг бууруулах ажилд автомашины угаарын асуудал тусгагдсан байгаа.
-Утаанаас салахын тулд дулааны станц барихдаа байгальд ээлтэй технологи ашиглах ёстой байх. Тэр нь ямар арга байх вэ?
-Манай эрдэмтэд янз янзын санаачлага хэлдэг. Минийхээр атомын цахилгаан станц барих хэрэгтэй. Гэхдээ атомын цахилгаан станц цэвэр эрчим хүч үйлдвэрлэдэг. Үүнийг дэлбэрч сүйд болно гэж ойлгож болохгүй. Ашиглалт буруу болохгүй юм бол цөмийн цахилгаан станц дэлбэрэх магадлал маш бага. Манайх шиг нүүрсний асар их нөөцтэй улс нүүрс түлдэг дулааны станцаас бүрмөсөн сална гэхэд амаргүй. Тиймээс нүүрсээр ажилладаг станцуудыг хотоос зайдуу, хөдөө газар бариад, эрчим хүчээ гадны орнууд болон бусад хотууд руу борлуулдаг байх хэрэгтэй.
-Аливаа улс орон шинжлэх ухаанаа түшиглээд хөгжвөл илүү бодит үр дүнтэй байх болов уу. Академийн эрдэмтэд утаа бууруулахаас гадна эх орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах ямар, ямар ажил хийхэд бэлэн байна?
-Төр засаг төрийн захиргааны төв байгууллагууд орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд Шинжлэх ухааны академид захиалга өгвөл тэр захиалгыг шийдвэрлээд өгөх хүний нөөц, боломж бололцоо байна. Аливаа улс орон дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ нэг хувиас дээш төгрөгийг шинжлэх ухаанд зарцуулаад байвал улс орныхоо эдийн засгийг өсгөх, хөгжүүлэх бодит хүчин зүйл болдог. Академийн эрдэмтдийн бүтээл дэлхийд харьцангуй өндөр үнэлэгдэж байгаа. Монгол эрдэмтдийн гадаадад хэрэгжүүлж байгаа төсөл, инноваци Азид 19 дүгээр байрт орж байгаа юм. Гуравхан сая хүнтэй, 1500 орчим орон тооны эрдэм шинжилгээний ажилтантай улс гэхэд энэ өндөр амжилт. Манай мэргэжилтнүүдийн боловсруулчихсан технологи 200 орчим байна. Бүтээгдэхүүн болгоод аваад явах нь 100 орчим бий. Технологийг үйлдвэржилтэд нэвтрүүлдэг холбох гүүр, байгууллага манайд алга. Тиймээс шинжлэх ухааны парк байгуулах хэрэгтэй байна. Дэлхийн ихэнх улс шинжлэх ухааны парктай байдаг.
-Жишээлбэл үйлдвэрлэлд нэвтрүүлэх хэрэгтэй ямар, ямар технологи байна?
-Жишээлбэл, тосыг нь авчихсан шингэн сүү гэж байдаг. Тэр шингэн сүүнээс уургийг нь ялгаж аваад бүтцийг нь жаахан өөрчлөөд кофе шиг уусдаг болгочихдог. Энэ технологи манайд байгаа. Үүнийг социализмын үед Хятад, Финланд зэрэг улсад экспортолдог байсан юм. Одоо дэлхийд гаргаж болно. Энэ нь хамгийн өндөр чанартай, оригнал уураг байгаа юм.