Categories
мэдээ нийгэм

Шинэ жилээр ёслолын буудлага буудуулъя гэвэл гурав хоногийн өмнө зөвшөөрөл авах ёстой юм байна

Нийслэлийн Засаг дарга болон Онцгой байдлын газрын тушаалаар нийслэлийн нутаг дэвсгэрт шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилга байгууламжийн галын аюулгүй байдал, үзвэр үйлчилгээ, томоохон худалдааны төвүүдэд пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулж байгаа байдалд хяналт тавих шалгалтын ажлыг арванхоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлүүлсэн билээ.

Тэгвэл Нийслэлийн онцгой байдлын газрын шалгалтын ажлын хэсэг нийт 278 объектыг шалгаж, худалдааны төв, зах, нийтийн эзэмшлийн талбайд шинэ жилийн тоглоом хэрэгсэл худалдан борлуулж буй иргэдээс нийт 16 пиротехникийн хэрэгсэл, бенгалын гал 500 ширхэг, динамик 200 ширхэг, оргилуур салют 55 ширхэгийг тус тус хураан авч, гурван субъектыг 550.000 төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ тооцож ажилласан байна. Мөн өнгөрсөн жил цөөнгүй иргэн гар дээрээс пиротехникийн хэрэгсэл худалдаж байсныг хураан авч, тэдэнд Захиргааны хариуцлагын хуулийн дагуу арга хэмжээ авч байжээ. Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал хяналт, шалгалт хийх аж. Харин Монгол Улсын хэмжээнд пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулах эрхтэй хоёр компани байдаг нь “Очир ундраа”, “Протек” компаниуд юм байна.

Шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас 108126 хүнд Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоол, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 27 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэргэжлийн заавар зөвөлгөөг өгч, баяр, амралтын өдрүүдээр пиротехникийн хэрэгслийг худалдан борлуулахгүй байх, зохих зөвшөөрөлгүй газраас худалдан авч ашиглахгүй байхыг сэрэмжлүүлж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа гэнэ.

Пиротехникийн хэрэгсэл хүний гар дээр дэлбэрч, гэмтээх явдал гарч байсан хэдий ч дээрх арга хэмжээтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд энэ явдал цөөрсөн байна. 2000, 2010 онд зөвшөөрөлгүйгээр гар дээрээс худалдан авч ашиглаж иргэд гар хуруугаа таслах, нүдээ гэмтээх, чихний хэнгэргээ цоолох зэргээр хохирсон явдал гарсан бол 2012 оноос хойш холбогдох байгууллагууд хамтарч ажиллаж байгаагийн үр дүнд ийм төрлийн хэрэг, зөрчил бүртгэгдээгүйг албаныхан онцолж байна.

Албан байгууллагууд ямар нэгэн баяр тэмдэглэхдээ ёслолын буудлага буудуулъя гэх юм бол хүсэлт гаргаж тусгай зөвшөөрөлтэй компаниудтай гэрээ байгуулаад онцгой байдлын байгууллага дээр ирж зөвшөөрөл авдаг юм байна. Мэргэжлийн улсууд нь тухайн байгууллага дээр очиж үзээд мэргэжлийн оператор байгаа эсэхийг хянаад шаардлага хангасан тохиолдолд зөвшөөрөл өгдөг аж. Гурав хоногийн өмнө зөвшөөрөл авсан байх ёстой бөгөөд зөвшөөрөл авсны дараа ёслолын буудлагаа тусгай харуул хамгаалалтад мэргэжлийн оператор гүйцэтгэх ёстой аж.

Пиротехникийн хэрэгслийг үзвэрийн буюу хэрэглээний гэж хуваадаг бөгөөд үзвэрийн гэдэгт 20 метрээс дээш буудлага ордог бол 20 метрээс доошхийг нь хэрэглээний пиротехникийн хэрэгсэл гэж үздэг юм байна.

О.Ариун

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *