“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аас хэрэгжүүлж буй “ТӨРИЙН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ” хөтөлбөрийн хүрээнд Хангай хотхоны 223 айлын орон сууцанд түрээсэнд хамрагдсан иргэд өнөөдөр түлхүүрээ гардан авлаа. Засгийн газрын 2016 оны 298 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороонд байрлах “ХАНГАЙ” хотхоны 223 айлын орон сууцыг “Төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлжээ. Улмаар дээрх журмын хүрээнд 2016 оны наймдугаар сард иргэдийг сонгон шалгаруулах, түрээсийн гэрээ байгуулах үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Түрээсийн орон сууцанд амьдрах иргэнээс болзошгүй эрсдэлийг нөхөх зорилгоор барьцаа төлбөр авах бөгөөд уг төлбөрийн хэмжээ нь гурван сарын түрээсийн төлбөртэй тэнцүү байна. Нэг метр квадратын түрээсийн үнэ орон нутагт 4,000 төгрөг, Улаанбаатар хотод 5,500 төгрөг аж. Хангай хотхоны түрээсийн байрнууд 21, 37.9, 39.9, 41.9 метр квадрат хэмжээтэй юм байна. “ХАНГАЙ” хотхон нь нийт 2,880 айлын орон сууцны барилгаас бүрдэх бөгөөд үүнээс 223 айлын орон сууцыг төрийн түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн юм. Тус хотхон нь 130 хүүхдийн хоёр цэцэрлэг, 150 хүүхдийн хоёр сургуультай юм байна.