УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хилийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал бодлоо хуцаалцсан юм. УИХ-ын гишүүн Л.Болд “Монгол Улс дэлхийн жишигт нийцсэн дэвшилттэй ололтоосоо ухарч байгаад харамсаж байна. Гадаадын иргэн харьяатын газар хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлээд жигдэрч байхад дахин салгалаа. Би энэ ухралтыг засах хуулийн төслийг боловсруулж өргөн барина” гэсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Хилийн алба шалган нэвтрүүлэх үүргээ гүйцэтгэж, Гадаадын иргэн харьяатын газар виз болон ачаа тээшний зөрчилтэй тохиолдолд хяналт тавьж, мэдээллээ харилцан солилцож урьдын адил уялдаа холбоотой ажиллана” гэж тайлбарлав.
Ингээд хуулийн төслийн зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулсан юм. Дараа нь нийт гишүүдийн 88.2 хувийн саналаар Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулиудыг баталлаа. Харин энэ хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлэгдсэн Жолоочийн даатгалын тухай, Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төслүүдийг УИХ-аас “Хэлэлцэх боломжгүй” гэж үзсэн учраас төсөл санаачлагчид буцаалаа. Үүгээр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байна.
Хилийн тухай хууль нь 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх юм. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын хилийн халдашгүй, дархан байдлыг хангах зорилгоор хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулах. Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, улсын хил хамгаалах байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх, улсын хил хамгаалалтад иргэн, байгууллагын оролцоог тодорхойлж, хилийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино.