Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг нь Монгол Улсын Засгийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 68 дугаар тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шинээр байгуулагдаж, үйл ажиллагаа эхэлж байна. Тус эмнэлэг нь Шүүх, прокурор, цагдаа, хилийн цэрэг, гааль, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шүүхийн шинжилгээний байгууллагын алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн, чөлөөнд гарсан ахмадууд зэрэг нийт 130 гаруй мянган хүнд эрүүл мэндийн тусламжийг, нийслэлийн Чингэлтэй дүүргийн 110 мянга орчим иргэнд мэс заслын тусламжийг үзүүлнэ. Өнөөдрийн байдлаар эмнэлгийн амбулаторит үндсэн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн 21, оношлогооны 13 кабинетыг стандартын шаардлагад нийцүүлэн байгуулж, эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааг Монгол Улсын стандарт “Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа” MNS 5095:2013 стандартын дагуу явуулахаар бэлэн болжээ.
Тус эмнэлэг нь бүрэн хүчин чадлаар ажиллахдаа жилд дунджаар 7500-8000 үйлчлүүлэгчийг төрөлжсөн мэргэжлээр (дотор, мэдрэл, мэс засал, гэмтэл, эмэгтэйчүүд, хавдар) хэвтүүлэн эмчилж, 2000-2500 хүнд мэс заслын тусламж үзүүлж, амбулаторийн үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн 21 кабинет, оношлогооны 13 кабинет, нэгдсэн лабораториор хоногт дундажаар 300 орчим хүнд, жилд 100000 орчим хүнд тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай байна.