Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн (МХМЗ) Радио Телевизийн Ёс зүйн хороо 2016 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа “Ийгл” телевизийн “Ийглийн мэдээ” болон Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн “ММ агентлагын “Цагийн хүрд” нэвтрүүлэгтэй холбоотой хоёр гомдлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Ийгл телевиз ёс зүйн зөрчил гаргаагүй
“Ийгл” телевизийн “Ийглийн мэдээ” хөтөлбөрөөр гарсан Хэл яриа, харилцааны чадварыг хөгжүүлэх хүүхдэд зориулсан сургалтын талаар асуудал хөндсөн нэвтрүүлэг нь ёс зүйн зөрчил гаргаж, нэр хүндийг нь гутаасан хэмээн нэгэн иргэн Хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол гаргажээ. Уг нэвтрүүлэг нь хүүхдийн хэл ярианы чадварыг хөгжүүлэх сургалтын тухай асуудал хөндөн сурвалжилж, энэ чиглэлийн сургалтын байгууллага, мэргэжлийн багш нарын эрэлт хэрэгцээ, сургалтын арга техникийн талаар өгүүлжээ. Уг нэвтрүүлэг нь гомдол гаргасан иргэний нэр хүндэд нь халдаж, эрх ашгийг нь хөндсөн эсэх талаар РТВ-ийн Ёс зүйн хороо хэлэлцэв.
Тухайн иргэн тус нэвтрүүлэг нь “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягтлах, мэдээнд үзэл бодлоо оруулахгүй байх, мэдээллийг шударга бус аргаар авахгүй, зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар түгээхээс татгалзах, хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй байх, мөн буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгох, мэдээллийг мушгин гуйвуулж, гүтгэн доромжлохгүй байх, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй байх, мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авахаас татгалзах гэсэн ёс зүйн зарчмуудыг зөрчсөн” хэмээн үзэж гомдол гаргасан байна.
Радио, телевизийн ёс зүйн хороо нь уг гомдлыг “Ийгл” телевизийн редакциас нэвтрүүлгийн талаар ирүүлсэн хариу тайлбарын хамт авч үзэн, нягтлан хэлэлцээд уг нэвтрүүлгийг Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг “илт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэлээ.
“Ийгл” телевизийн тус нэвтрүүлэг нь олон нийтийн эрх ашгийн төлөө тодорхой сэдэв хөндөн эрх бүхий байгууллага болон мэргэжлийн багш нараас авсан албан ёсны эх сурвалж бүхий мэдээ, нотлох баримтад тулгуурласан, олон талын эх сурвалж ашигласан мэргэжлийн сэтгүүл зүйн хүрээнд хийгдсэн байна гэж үзэж, Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын хил хязгаарыг хэтрүүлээгүй гэж дүгнэжээ. Түүнчлэн уг нэвтрүүлгээр буруутгагдсан хэл яриа заслын сургалтын төвийн багшаас тайлбар авахаар очиход тухайн багш ярилцлага өгөхөөс татгалзсан нь “шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоогүй гэж гэж үзэх үндэслэл байхгүй” гэж хороо үзсэн. Тухайн сургалтын төвийн багшийн үг үйлдлийг баримтад тулгуурлан үзүүлснээс хувь хүнийх нь хувьд ялгаварлан гадуурхсан, сэтгүүлч өөрийн хувийн үзэл бодлоор хандсан байдал нэвтрүүлгээс харагдахгүй байгаа бөгөөд мэдээллийг мушгин гуйвуулсан, гүтгэн доромжилсон гэж үзэх үндэслэл байхгүй байна гэж дүгнэсэн байна.
ММ агентлаг ёс зүйн алдаа гаргажээ
Радио, телевизийн Ёс зүйн хорооны авч хэлэлцсэн дараачийн гомдол нь Монголын үндэсний олон нийтийн телевизээр 2016 оны арван нэгдүгээр сарын 08-ны өдрийн оройн 20.00 цагаас нэвтрүүлсэн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн дундуур нэвтрүүлсэн “Шуурхай мэдээ”–ний талаар байлаа. Гомдол гаргасан иргэн өөрийнх нь алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг гутаасан, хэт нэг талыг барьсан, тэнцвэргүй, мэдээллийн үзэн зөвийг шалгаж нягтлаагүй, баримт нотолгоогүй мэдээллийг орон даяар цацсанд гомдолтой байгаагаа илэрхийлсэн байна.
Харин ММ агентлагын редакциас Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирүүлсэн хариу тайлбартаа “МҮОНРТ нь төсвийн дэмжлэгээс гадна олон нийтийн хураамжаас санхүүждэг байгууллага тул энэ байгууллагын санхүүгийн болон бодлогын алдаа, үзэгчдийг үл хүндэтгэсэн үйлдэл, баримт мэдээллийг олон нийт мэдэх эрхтэй. Энэ утгаар МҮОНРТ-ийн ажиллагсдын түр хорооноос гаргасан шаардлага, зарим санхүүгийн баримт мэдээллээр “Цагийн хүрд” хөтөлбөрт мэдээ бэлтгэн оруулах хүсэлтийн дагуу уг “шуурхай мэдээ”-г нэвтрүүлсэн бөгөөд энэ мэдээлэл нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс байгуулсан Ажлын хэсэг болон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос томилсон ажлын хэсгийн дүгнэлтүүдээр нотлогдож байгаа болно” гэжээ.
“Шуурхай мэдээ”-гээр Ажиллагсдын түр хорооны мэдэгдлийг шууд уншсанаас гадна уг мэдэгдлээр эх сурвалжаа хийсэн дүрсжүүлсэн мэдээлэл харуулах, зарим баримтаар баталгаажуулах, “за кадр” унших зэрэг хэлбэрийг ашиглан уг мэдээг бэлтгэсэн байсан байна.
Радио, телевизийн ёс зүйн хороо нь уг гомдлыг редакциас энэ нэвтрүүлгийн талаар ирүүлсэн дээрхи хариу тайлбарын хамт авч үзэж, нягтлан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргасан байна.
Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.5 дахь заалтын “Нөлөөллийн болон мэдээллийн бүтээлийг ялгаж, мэдээнд үзэл бодол оруулахаас татгалзана” гэснийг, 1.6 дахь заалтын “Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурьдана” гэснийг, 1.8 дахь заалтын “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно” гэснийг, 4 дахь заалтын “Аливаа мэдээллийг зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар түгээхээс татгалзана” гэснийг, 4.2 дахь заалтын “Шүүх гэм буруутайг нь нотлоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй” гэснийг, 5 дахь заалтын “Мэдээллийг мушгин гуйвуулах, бусдыг гүтгэх, доромжлох, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй” гэснийг тус тус зөрчсөн байна гэж дүгнэлээ.
Энэ дүгнэлтийг үндэслэн Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гомдол хүлээн авах, барагдуулах журмын 6.2.4 дахь заалтад зааснаар МҮОНТВ-ийн “Монголын Мэдээ” сувгийн нэрийг нь дурьдаж гаргасан зөрчлийн талаар олон нийтэд мэдээлэх шийдвэрийг гаргасан байна.
Ёс зүйн хороо шийдвэр гаргахдаа “Цагийн хүрд” нь үндэсний хэмжээнд нэвтрүүлгээ түгээдэг, өргөн хүрээний үзэгчидтэй, олон нийтийн өмнө онцгой хариуцлага хүлээсэн олон нийтийн телевизийн мэдээллийн суваг гэдгийг харгалзан үзжээ.
Хэвлэл мэдээллийн зөвлөл нь 2016 онд нийт 41 хэвлэл мэдээллийн байгууллагад хаягласан 12 гомдлыг иргэд, байгууллагуудаас хүлээн авч хэлэлцсэнээс ёс зүйн зарчмыг зөрчөөгүй гэж үзсэн 1, зөрчсөн гэж үзэн олон нийтэд тухайн хэвлэл мэдээллийн нэрийг нь дурьдаж зарласан 2, нэрийг нь зарлахгүйгээр тухайн редацид нь сануулсан 5 шийдвэрийг гаргасан ба 3 иргэн гомдлоо буцаан татаж, 1 гомдлыг үндэслэлгүй хэмээн үзсэн байна.