Categories
мэдээ спорт

“Тусгаар тогтнол”-ын өдөрт зориулсан 128 шигшмэл бөхийн барилдаан болно

Олон нийт, бөх сонирхогчдын шимтэн хүлээдэг “Тусгаар тогтнол”-ын өдөрт зориулсан 128 шигшмэл бөхийн барилдаан арванхоёрдугаар сарын 29-нд буюу пүрэв гаригт Бөхийн өргөөнд болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх энэхүү барилдаан 2011 оноос эхлэн жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нд буюу монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн өдөр болдог уламжлалтай билээ.

Өнгөрсөн жилийн барилдаанд Улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзнээр хоёр дахь удаагаа тодорсон юм. Тэрээр 2013 оны барилдаанд Улсын начин цолтой түрүүлж байв. Тус барилдаанд Улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэж байсан юм.

Харин хамгийн анхны 2011 оны барилдаанд Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болж байсан бол 2012 онд Улсын заан М.Өсөхбаяр түрүүлж, Улсын гарьд Д.Рагчаа үзүүрлэж байжээ.

2013 онд Улсын начин Б.Пүрэвсайхан түрүүлж, Улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэж, 2014 онд Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг хоёр дахь удаагаа гардан авч Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэж байжээ.

О.ӨНӨР


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *