Categories
мэдээ нийгэм

Хүүгийнх нь амиа алдсан талаар хуулийн байгууллага хууль бус шийдвэр гаргасан гэв

“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр 19 настай хүүгээ замын ослоор алдсан эх мэдээлэл хийлээ. Уг осол өнгөрөгч долдугаар сарын 10-ны орой Замын цагдаагийн газрын урд талын зам дээр гарчээ. Тухайн үед хүү мопедтойгоо найзтайгаа уулзахаар явж байсан гэнэ.

Гомдолтой байгаа зүйл нь хүүгийнх нь амиа алдсан хэргийн талаар хуулийн байгууллага хууль бус шийдвэр гаргасан учраас хэвлэлийнхэнд хандаж буй нь энэ аж.

Талийгаачийн ээж Н.Дэжидмаа хэлэхдээ “Өнгөрсөн долдугаар сарын 10-нд шилжих шөнө энэ хэрэг гарсан. Би тэр шөнө Хэнтий аймаг явчихаад харих замдаа тэр ослыг харсан. Гэхдээ миний хүү байна гэж даанч санаагүй. Би тэр ослыг харсан. Тэгээд гэртээ ирээд удаагүй байтал хүүгийнхээ талаар сонссон. Үхсэн хүн үг хэлэх биш гэсэн шиг миний хүүг 100 хувь буруутгасан байгаа нь шударга бус юм” гэв.

Тэрбээр үргэжлүүлэн “Би Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэсийн байцаагч Ц.Ганболдод ослын камерны бичлэг үзэх хүсэлтээ удаа дараа тавьсан. Гэтэл хоёрын хоёр камер байгаа гэсэн атлаа надад нэг ч камерны бичлэг үзүүлээгүй. Үнэхээр миний хүү замын урсгал сөрж явсан бол тэр камерыг нь үзүүлээд өгөөч гэсэн. Тэгтэл намайг үл ойшоож, уулзсан. Миний хүүг дайрсан А.Батбилэг гэгч залуу надтай нэг удаа ч уулзаагүй. Надад хэлэхгүйгээр хэргийг прокурорт шилжүүлсэн байсан. Уучлалт ч гуйгаагүй байхад хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн дүгнэлтүүд нь гарчихсан байгаа юм.” хэмээн нулимс дуслуулан ярилаа.

Энэ хүн “Пэйнт технологи” компанид менежер хийдэг залуу юм билээ. Баян, мөнгөтэй хүний талд хуулийн байгууллагууд ингэж үйлчилдэг юм байна” хэмээн гомдолтой байгаагаа нэмж хэлэв.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *