Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалд шинээр томилогдсон шүүгчдэд өнөөдөр үнэмлэх гардууллаа. Энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр уншиж сонсгов. С.Амардэлгэр, Б.Батбаатар, М.Баясгалан, Б.Цолмонбаатар, Н.Одонтуул, Б.Мөнхбаяр, Ц.Оюунчимэг, Б.Сайханцэцэг нарын 36 шүүгч Монгол Улсын Ерөнхийлөгчөөс үнэмлэх гардан авсан юм. Үнэмлэх гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэдэнд хандан үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ “Өнөөдөр анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч, анхан шатны шүүхийн шүүгч, мөн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч гэсэн албан тушаалд томилогдож байгаа нийт шүүгч нарт баяр хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 105 жилийн ой тохиож байна. Тэр үед анхлан байгуулж байсан төрийн байгууллагуудын нэг нь шүүхийн байгууллага юм. Шүүхийн 105 жил, дээд шүүхийн 90 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.
Өмнө нь Ерөнхийлөгч шүүгчдэд үнэмлэх гардуулдаг уламжлал байгаагүй. Би Ерөнхийлөгчийн албан тушаалыг аваад шүүгчид маань онцгой ажил үүрэг хүлээж байдаг учраас уулзаж үнэмлэхийг нь гардуулж өгдөг байя гэж бодсон. Энэ нь ард түмний нэрийн өмнөөс та бүхэнд үзүүлж байгаа итгэлийг илэрхийлж байгаа хэлбэр гэж үзэж байна.
Нөгөө талаас шүүх, хууль хяналтын байгууллагад хийж байгаа шинэчлэлийн талаар өмгөөлж, хамгаалж нэлээд ярьж байгаа. Та бүхний ажил бол тийм амар ажил биш. Тийм учраас төрийн зүгээс энэ хэцүү ажлыг хийж байгаа хүмүүсийг би хамгаалж, аль болох зөв талаас нь ойлгуулах талаар явах ёстой гэж боддог.
Энэ нь зөвхөн шүүгчдийг хамгаалж, шүүх эрх мэдлийг хамгаалж байгаа ажил биш юм. Нөгөө талаасаа ард түмнээ хамгаалж байгаа ажил гэж хэлж болно.
Манай шүүгчид сайн ажил хийдэг. Тэр нь юу вэ гэхээр аливаа улс оронд ард иргэдийн дийлэнх олонх нь хуулиа хэрэгжүүлээд, биелүүлээд явж байгаа хүмүүс байдаг. Тэр дундаас төрийн тогтоосон хууль тогтоомжийг зөрчиж, буруу үйлдэл гаргаж, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүстэй хариуцлага тооцох ёстой. Тэдэнтэй хариуцлага тооцно гэдэг бол нөгөө талдаа их ард түмнээ хамгаалж байгаа юм гэж ойлгож байна.
Шүүх, хуулийн байгууллагыг шинэчилж, улс орны хөгжил дэвшилд хувь нэмэр оруулдаг бүтэц болгохын төлөө бид ажиллаж байна гэдэг бол улс орныхоо, ард түмнийхээ төлөө хийж байгаа ажил юм.
Ажил яваад, удаад ирэхээр хүмүүс түүнд дасч, шүүмжлэх тал гарч ирдэг. Энэ бол байдаг үзэгдэл. Бид үүнийг зөвөөр ойлгож, хүлээж авч хийх ёстой. Шүүхийн чиглэлээр төлөвлөж байсан хууль, тогтоомжууд нэлээд нь батлагдсан.
Би нэг зүйлд талархалтай байдаг. Шүүх байгууллагад ажилладаг хүмүүс маань хууль, шүүхийн байгууллагад хийхээр төлөвлөсөн, хийж байгаа, цаашдаа ч хийхээр бодож байгаа сэтгэл зүрхээрээ их дэмждэг. Яагаад гэвэл энэ хүмүүс галын фронтод ажиллаж байгаа. Юу хийх шаардлагатай, юу болохгүй байгаа вэ гэдгийг та нар их сайн мэддэг. Энэ тал дээр сайн зүйл гараад, дэвшил гараад ирвэл та бүхэн талархалтай байдаг хүмүүс.
Мэдээж бидний хийж байгаа бүх зүйл онож байгаа гэж би хэлэхгүй. Аливаа ажил төгс байна гэж байхгүй. Аливаа шинэчлэл ч төгс байхгүй. Хэцүү үйл явц дундуур явна. Хүмүүс шинэчлэл хийгээд дуусчихна гэж боддог. Бидний 5 жил, 7,8 жилийн өмнө баталсан хуулиудад эргээд цагийн шаардлагаар тодорхой хэмжээний өөрчлөлт орох шаардлага гарна.
Шинэчлэлийн үйл явц байнга байдаг юм байна гэдгийг ойлгох ёстой. Амьдрал явж байгаа. Алдаа оноо байгаа учраас болж өгвөл бид алдаа бага гаргаж, амжилт руу зүтгэх хэрэгтэй. Одоогийн нийгэмд сорилтой, хүндрэлтэй ч тал бий. Сайн ч тал бий. Үнэхээр шүүгчид мэдлэгээ дээшлүүлье, ажлын ур чадвараа дээшлүүлье гэвэл далай шиг их боломж байна.
Иргэдийн талаас тавьдаг шаардлага бас их өндөр болчихлоо. Төрийн байгууллага, бидэн рүү хандаж тавьж байгаа шүүмжлэлд эмзэглэж, түүнийг буруу санаж хүлээж авахаасаа илүүтэй ойлгож хүлээж авах ёстой гэж би боддог. Энэ биднийг улам сайн ажиллах тал руу түлхдэг. Тайвшраад, тогтчихсон ус шиг байгаад байлгүй ийм байдлаар ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Ард иргэд дуу, хоолойгоо илэрхийлэх, эрх нь зөрчигдөх юм бол эрхээ хамгаалах чиглэл асар өндөр хөгжсөн. Ийм боломж манай иргэдэд байгаа.
Үүнийг бас буруу зөрүү ашигладаг, хүний нэр төрд халддаг, янз бүрийн үйл ажиллагаа гаргадаг хүмүүс бий. Гэхдээ түүнийг алга болгоно гээд том олсон ололтоо алга болгож болохгүй. Тийм учраас жижигхэн, хатгасан зүйлд бид дассан байх хэрэгтэй гэсэн бодлоор би ажилладаг. Та бүхэн ч тэгж ажиллах байх гэж итгэж байгаа.
Шүүхийн салбарт хийсэн бидний хамтын үйл ажиллагаа бол цаашдаа үр дүнгээ өгнө гэж бодож байгаа. Нэг зүйл бол таван хуулийг буцаасныг би буруу алхам болсон гэж боддог. УИХ-тайгаа дахиж ярилцаад, шинээр гарч ирсэн Засгийн газар ажиллаад энэ хуулиуд эргэж өргөн баригдаж байгаа байх. Энэ хуулиуд ойрын үед батлагдвал зүгээр байгаа юм. Та бүхний хэрэглэдэг хамгийн гол хуулиуд шүү дээ. Энэ хуулиуд батлагдвал шүүх эрх мэдлийн салбарт төлөвлөж байсан ажлуудын гуравны хоёроос илүү хувь нь бодит ажил болох боломж байгаа.
Хуулиудаа батлаад хэрэгжүүлээд ирэхэд хүндрэлтэй, өөрчилмөөр шаардлагатай ажлууд гарах юм бол байнгын парламент байна. Хүмүүс харж байна. Амьдрал юм чинь болохгүйгээ шинэчлээд л явчихна. Ерөнхийдөө суурь нь хадгалагдаад, цаашаа нэлээд олон жил явах байх гэсэн бодолтой байна.
Одоо орж байгаа хууль маань ч тиймэрхүү байдлаар гараад ирэх болов уу гэсэн найдвар тавьж байгаа. УИХ-аас гэмт хэргийн, зөрчлийн асуудлууд, тэдгээртэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх бол гээд хуулиуд маань батлагдах байх гэсэн найдвартайгаар хүлээж байна.
Шүүгчдийн цалин мөнгөтэй холбоотой зэрэг зарим асуудалд иргэдийн зүгээс шүүмжлэл гардаг. Тэр бүхнийг, шүүгчдийн хийж байгаа бүх зүйлийг иргэд дэмжээд, ойлгоод байна гэж байхгүй. Гэхдээ бид хүрсэн ололтоосоо ухармааргүй байна. Эдийн засаг, мөнгө, санхүүгийн хүндрэлтэй асуудал байгаа боловч энэ салбарт хүрсэн ололтоосоо ухарч болохгүй гэсэн зарчмаа барьж яваа. Цаашдаа ч энэ зарчим Монголын төрд баримтлагдах байх аа. Та бүхэн ажилдаа эзэн болж яваарай. Ингэж чадна гэж би итгэж байгаа. Хичээж ажиллах шаардлагатай шүү гэдгийг хэлье.
Шүүгчээр ажиллах хугацаанд иргэдийн эдэлдэг зарим эрх хязгаартай байх ёстой гэж би боддог. Уулзаж учирдаг хүн хязгаартай байх ёстой. Ажлын байр өөрийн нарийн дэг журамтай, сахилгатай байх ёстой. Тэгж байж биднийг хүндэлнэ. Шүүх засаглалыг хүмүүс хүндэлнэ шүү. Зохион байгуулалтаараа бусад байгууллагаас бид ялгарах ёстой.
Хэрэгжүүлж байгаа хууль, авч байгаа арга хэмжээ, гаргаж байгаа шийдвэрээрээ бид ялгарах ёстой. Зарим ажлыг өнөөдрийн хүмүүс ойлгохгүй байж магадгүй. Дараа дараагийн хүмүүс судлаад үзэхэд үнэхээр тийм нөхцөлд энэ шүүгч ингэж хуулиа барьж шийдээд явсан байна. Энэ зөв болжээ гэсэн үр дүн үлдээсэй гэж бодож байна.
Бид барьдаг хуультай, хийдэг ажилтай, маш тодорхой үүрэгтэй улсууд. Тийм учраас энэ үүргээ ажиллаж байгаа албан тушаал дээрээ зохицуулаад 100 баллд ойрхон ажиллах хэрэгтэй. Түүнээс доош орж болохгүй.
Ойрын өдрүүдэд шүүх байгууллагын 105 жил, орчин үеийн шүүхийн бүтэц бий болсны 90 жилийн ой болж байна. Та бүхний шагнал бол ард түмний шүүх засаглалд итгэх итгэлээр хэмжигдэнэ шүү. Түүнд онцгой анхаарч яваарай. Тэгш ойн үеэр, оны төгсгөлд уулзаж байгаадаа баяртай байна. Та бүхний ажилд дахин амжилт хүсье. Баярлалаа” гэлээ.