Categories
мэдээ цаг-үе

Охидын цагаан даашинз, гүнжийн титэм, сахиусан тэнгэрийн далавч эрэлт ихтэй байна

Хүүхэд багачуудын хувьд шинэ жилийн баяр бол хүсэн хүлээдэг хамгийн сайхан баяр билээ. Сурсан, мэдсэнээ багш нар болоод эцэг, эхдээ үзүүлдэг энэ баяраар хүүхдүүд хамгийн гоё хувцсаа өмсөж гангардаг. Тун удахгүй буюу энэ сарын 20-ноос эхлэн ихэнх цэцэрлэг, сургуулийн шинэ жилийн баяр болох тов гараад буй. Энэ сургаар томоохон худалдааны төвүүдэд охидын цагаан даашинз, гүнжийн титэм, сахиусан тэнгэрийн далавч, төрөл бүрийн амьтны хувцас, баг, хөвгүүдийн ёслолын хослол эрэлт ихтэй байгаа аж. Хүүхдийн шинэ жилийн гоёл ямар үнэтэй байгааг сурвалжлахаар Дүнжингарав худалдааны төв дээр очлоо. Тус төвийн дунд хэсэгт хүүхдийн хувцасны төрөлжсөн лангуунууд байдаг юм байна. Цагаан өнгийн хүүхдийн гоёлын даашинзууд лангуу болгон дээр дэлгээстэй харагдав. Зарим хэсэгт нь ягаан, улаан, цэнхэр өнгийн даашинзыг төрөлжүүлэн хүний нүдэнд харагдахаар өлгөжээ. Мөн хөвгүүдийн хослолыг өнгийн сонголттой дэлгэсэн байв. Лангууны хажуугаар эцэг, эхтэйгээ өнгөрөх охид даашинзуудыг сонжин харж, зарим нь өмсөж үзэн толины өмнө эргэлдэнэ. Худалдан авалт хийхээр охиноо дагуулж явсан Баянзүрх дүүргийн иргэн Г.Учрал “Ганц охины маань цэцэрлэгийн шинэ жил болох гээд цалин буумагц таалагдсан даашинзыг нь авч өгөх санаатай дагуулаад явж байна.

Сонголт их болохоор бид хоёр алийг нь авахаа мэдэхгүй эргэлзээд л явна. Охин маань өөрөө энэ 75 мянган төгрөгийн даашинзыг л сонирхоод байна. Эхний ээлжинд цагаан триког нь авчихсан л даа. Одоо ямар даашинз авахаасаа шалтгаалаад гутал, титэм, сахиусан тэнгэрийн далавчаа сонгоно. Эхнэр маань завгүй ажилтай болохоор зургийг нь явуулчихаад саналыг нь хүлээнгээ өөр зүйлс хараад явж байна” гэв. Түүний охин У.Солонго “Би цэцэрлэгтээ цасан охиноос хөөрхөн сахиусан тэнгэр болох гэж байгаа. Аав надад авч өгнө. Тийм ээ” гээд зальтай нүд гарган инээмсэглэв. Аав, охин хоёр ийн ярьж, шинэ жилийн гоёлоо өмсөж үзсээр үлдсэн юм.

Ерөнхийдөө “Дүнжингарав” худалдааны төвд хүүхдийн гоёлын даашинзын үнэ 45-95 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байв. 95 мянган төгрөгөөс илүү үнэтэй даашинз авах нь тун ховор учир бараг авчирдаггүй юм байна. Энд гүнжийн титэм 5000-7000 төгрөг, сахиусан тэнгэрийн далавч 7000, 8000, 10000 төгрөг, охидын цаа бугын эвэр, туулайн чихтэй үсний даруулга 2000, 5000 төгрөг, гоёлын бээлий 5000 төгрөгөөр худалдаж байгаа аж. Мөн амьтны хувцас 12000, 23000, 28000 төгрөг, баг 5000, 8000 төгрөгийн үнэтэй борлуулж байна. Эрэгтэйхүүхдийн ёслолын хослолыг хар, саарал, хөх, бор өнгийн сонголттойгоор 65 мянган төгрөгөөр худалдаж байлаа. Цагаан сорочкин цамц 15-25 мянган төгрөг байсан бол өмд 18-25 мянган төгрөгийн үнэтэй борлуулж байна. Охидын туфль 25000-45000 төгрөгийн үнэтэй байсан бол эрэгтэй ботинк 35000-50000 төгрөгийн сонголттойгоор өрсөн харагдав.

Худалдагч М.Дэлгэр “Арванхоёрдугаар сар гарах үед Бээжин рүү шинэ жилийнхээ бараанд явдаг. Голдуу л охидын цагаан даашинз, элдэв гоёл, хөвгүүдийн ёслолын хослол авчирдаг юм. Энэ жил өмнөх жилээ бодвол юань өссөн учраас барааны үнэ бага зэрэг өссөн байна. Гэхдээ хэрэглэгчээ алдахгүйн тулд зарим барааг хуучин үнээр нь зарж байгаа. Бидний хувьд ч бараа таталтаа эрс багасгасан. Ерөнхийдөө арванхоёрдугаар сарын 10-д гаргаад худалдан авалт эрс сайжирдаг. Хүмүүс хямралтай байсан ч гэсэн хүүхдүүддээ гар татдаггүй. Шинэ жилийн гоёлын хувцаснаас үлдсэнийг нь хавар үсэглэлийн баяр болон хүүхдийн баяраар гаргаж зардаг” хэмээн ярилаа.

Худалдагч нараас энэ жил охид ямар даашинзыг илүү сонирхож байгааг асуухад “Жаахан хүүхдүүд учраас голдуу ганган, олны дунд онцгойрохуйц хээнцэр даашинз сонгодог. Материал, загвараасаа шалтгаалаад даашинзуудын үнэ өөр өөр байгаа ч охид голдуу гүнжийнх шиг бөмбөгөр хормойтой цагаан даашинз авдаг. Харин хөвгүүд ёслолын хослолоос гадна сорочкин цамц, өмд худалдаж авдаг” гэлээ.

Эндээс гараад “Бөмбөгөр” худалдааны төвийг зорилоо. Энд “Дүнжингарав” худалдааны төвийг бодвол үйлчлүүлэгч арай их, сонголт өргөн байсан юм. Үнийн тухайд хүүхдийн гоёлын даашинз 25-100 мянган төгрөг байв. Энд охидын титэм шүдтэй, шүдгүй, нөмрөгтэй гэх зэрэг олон сонголттой бөгөөд 3000, 5000, 10000 төгрөгийн үнэтэй худалдаж байна. Мөн хөвгүүдийн ёслолын хослол өнгө өнгийн сонголттойгоос гадна 48, 50, 55 мянган төгрөгийн үнэтэй байсан юм. Мөн охидын гоёлын даашинзанд тохируулан зүүх хослол 10-25 мянган төгрөгийн үнэтэй байсан бол дан бөгж өнгө үзэмж, хэмжээнээсээ шалтгаалаад 5-10 мянган төгрөгөөр худалдаалж байгаа юм байна. Мөн амьтдын хувцас 20-25 мянган төгрөгөөр худалдаалж байгаа бол багуудыг 5000-8000 төгрөгөөр борлуулж байв. Тус худалдааны төвийн худалдагч А.Оюун-Эрдэнэ “Энэ жил худалдан авагчдын чадвар эрс муудсан нь мэдэгдэж байгаа шүү. Үнийн хувьд дундажлан 55 мянган төгрөгийн даашинз авч байгаа. Өмнөх жилүүдэд тав, зургаан сая төгрөгөөр бараа татдаг байсан бол одоо гурав, дөрвөн саяар л бараагаа татдаг болсон. Үлдэгдэл үлдээхгүйн тулд аль болох дундаж үнэтэй даашинз сонгодог” гэлээ. Харин худалдан авагч Сүхбаатар дүүргийн иргэн Ү.Жаргалмаа “Ажил хажууд байдаг учраас цайны цагаараа орж ирээд хоёр охиндоо даашинз харж байна. Хөөрхөн загвартайгийнх нь үнийг дийлэхгүй янзтай. Амралтын өдөр зах орж үздэг юм бил үү гэж бодож байна” гэсээр гарч одсон юм. Худалдааны төвүүдийн хүүхдийн хувцасны лангуунуудад охидын цагаан даашинз нэлдээ шүхэр мэт бөмбийн цайрч харагдана. Аав ээждээ хөтлүүлсэн танхил бяцхан охид тэрийг ч авна, энийг ч авна гэж зааж, сонголтоо хийсээр үлдлээ.

Гэрэл зургуудыг Г.Лхагвадорж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *