Categories
мэдээ цаг-үе

Я.Санжмятав: Монголд ойлголцол үнэхээр хэрэгтэй байна, үе дамжсан хонзогнол бий болчих вий дээ

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятавтай ярилцлаа.


-Ардчилсан намын зургадугаар Их хурал болоод өнгөрлөө. Намын хурал нэлээд ширүүхэн болж өнгөрсөн ч таныг хурлын төгсгөлд гал унтраасан гэдэг зүйл яригдаад байгаа. Намынхаа хурлын талаар өөрийн бодлоо хуваалцахгүй юу?

-Ардчилсан нам ажин түжинтэй, яриа хөөрөөтэй бүх зүйлээ хэлэлцдэг. Тийм л хурал болж өнгөрлөө. Бодлогын хувьд том бодлого дэвшүүлсэн тул үүнийг хоёр өдөр хуралдаад шийдчихдэггүй юм байна гэдгийг мэдэрсэн. Намын дүрмийн шинэчлэлийг намын гишүүдийнхээ саналыг авч, хэлэлцүүлэг явуулж байж Монголын төрд, Монголын ард түмэнд хэрэгтэй зөв бодлого гарах юм байна гэж үзсэн. Тэр утгаараа манай нам хурлаа хаагаад дараагийн Их хурлаараа үргэлжлүүлэхээр болсон. Хурлын үеэр янз бүрийн яриа гарсан. Хурлын наана, цаана, зөвтэй, буруутай олон зүйл яригдсан. Ардчилсан нам бол том нам. Энэ бодлогыг хуралд ирсэн 1210 хүнээр хэлэлцүүлчихээр ард нь байгаа хүмүүс шинэ содон, алсын бодлогын зүйлд санаа оноогоо тусгалгүй өнгөрчих гээд байсан тул та бүхэн хурлынхаа асуудлыг орон нутагтаа очиж хэлэлцүүлээд эргэн хуралд ирэхдээ яривал яасан юм гэдэг санал гаргасныг маань манай намынхан дэмжсэн. Ерөнхийдөө хайрцагласан, фракцын зарчмаар явчихлаа гэдэг яриа гарсан. Үүнийг ардчиллын төлөө 10, 20 жил зүтгэсэн намын жирийн гишүүд хийдэггүй. Фракцын толгойлогчид хийдэг гэдгийг ч мөн хэлсэн. Энэ хурлыг авч гарах, гарахгүйг та нар л шийднэ. Учир нь та нар ар ардаа 10 хүнтэй. Тэр хүмүүс чинь ардаа таван хүнтэй, ийм байдлаар явахаа боль. Ардчилсан намыг чөлөөтэй, бодлогын нам болгож явуулахын төлөө анхаарлаа хандуулах ёстой гэсэн юм. Тэгсэн ч болиогүй. Энэ Их хурлыг нэг тийм сайхан задгай чөлөөтэй хурал болчихсон гэж би хэлэхгүй. Захиалгатай ярианууд байнга гарсан. Ийм л хурал болсон. Ер нь нам бол нам, бодлого бол бодлого байх ёстой. Ардчилсан намын хурлын зорилго дүрмээ батлах, намын даргын сунгаа хийх. Энэ бүхэнд дэлхийн түвшний олон хэмжээс байдаг. Тэр хэмжээсүүдийн аль хэсэгт Монголын төр явах юм гэдэг хэмжээг заах нам нь Ардчилсан нам юм бол хэлсэндээ хүрэхийн тулд жирийн гишүүддээ ойлгуулах хэрэгтэй. Тиймээс намын даргын сунгаагаа хийчих. Намын дарга нь дүрмээ дахиад оруулж ир, энэ сонгууль зөв шударга явагдах ёстой гэсэн юм.

-Гэхдээ л хэцүү харагдах юм байна шүү дээ?

-Манай намынхан дотроо хагаралдаж, түжигнэлддэг цаг огт биш. Тэрнийх, энэнийх хэмээн талцдаг байдлыг манай нутгийн өвөлжөөндөө байгаа Дорж гуай, Бат гуай, Цэмбэл гуай бүгд мэднэ. Тийм болохоор үнэнээ л хэлсэн нь зөв. Намын үзэл баримтлал, итгэл үнэмшил, ардчилсан үзлийн амин сүнсийг тээгчид нь орон нутагт, нийслэлийн хороод, айлын хашаанд байдаг юм.

-Та намынхаа Их хуралд шүүмжлэлтэй хандаж байгаа юм байна. Хэдэн фракцын дарга нар нь зохион байгуулалттай орсон гэж ярилаа. Ингэхэд та чинь өөрөө “Алтангадас” гэж бүр том фракцын дарга биз дээ. Ингэхээр та өөрөө оролцоод явсан л юм байна ш дээ?

-“Алтангадас” гэж нэг их цүдийсэн гэдэс энэ тэр гээд юм яригдсан шүү. “Алтангадас”-ын явж ирсэн түүх дунд тийм зүйл байсныг би үгүйсгэхгүй. Тийм зүйл байгаа болоод тэр нь илүүдсэн болохоор тэгж ярьсан байх. Гэхдээ “Алтангадас” фракц бодлогыг тээж явсан гол тээгч нь юм шүү дээ.

-Ямар бодлого…?

-Монгол Улсын хөгжлийн төлөөх бодлого. Ардчилсан намыг зөв байлгах бодлогыг хэлээд байна. Магадгүй намайг “Алтангадас” фракцын дарга болсны дараа энэ бодлого алдагдсан. Энэ миний буруу байх. Н.Алтанхуяг даргыг Ерөнхий сайд байхад Г.Батхүү, Ч.Сайханбилэг, С.Баярцогт бид хэд Ерөнхий сайдын уулзалтын өрөөнд яриад сууж байтал “Энэ “Алтангадас” фракцыг Мятав даргадаа даатгая” хэмээн манай Сайханаа, Баярцогтоос эхлээд бүгд л тэгсэн. Тэгэхээр нь “Би авахгүй. Энэ хүмүүст өг” гэтэл Г.Батхүүгээс эхлээд “Яагаад авдаггүй юм. Та л энэ үед авч яв” гэсэн. Дараа нь Н.Алтанхуяг дарга “Бид чамайг гэж байгаа юм. Чи ав” гэсэн. Яахав ээ, “Алтангадас”-ыг хүчгүйдүүлэх үед үүрэг хүлээх хүн нь би байсан юм байгаа биз.

Яг тэр үед намайг “Алтангадас”-ын дарга бол гэсэн хүмүүс надад даргаа өгчихөөд бүгд фракцаасаа гараад явчихсан. Уг нь “Би дарга болчихлоо гэхэд нэг санаатай байх уу” гэхэд бүгд “Тэгэлгүй яахав. Ингээд явчихна” гэцгээж байлаа. Би бол дарга шиг дарга байдаг. Би хариуцсан бол хариуцсан шиг хариуцдаг. Харин хамжлагат ёсны дарга хэзээ ч байгаагүй. Гэтэл төд удалгүй л “МоАН санаачилга” гэж байгуулаад өнөө Н.Алтанхуягийгаа “нухаад” эхэлсэн. Бүр бөөрийг нь гаргачихсан. Н.Алтанхуяг дарга ч нөгөөдүүлдээ яасан их итгэдэг байсан юм. Өнөө хэд нь ч яасан хүн чанаргүй юм. “Та л аваад явбал таны үгэнд орцгооно” гэж байсан хүмүүс юун үгэнд орох болоод явцгаасан. Надад хаячихаад л явцгаачихна гэж бодсон юм байгаа биз. Ам нээвэл уушги нээ гэдэг дээ. Энэ бүхнийг би шулуухан хэлчихье. “Алтангадас” гэдэг фракцаас зугтах тухай асуудал тэр үед яригдсан юм байна гэж одоо бодогддог юм. Гэхдээ би өр нэхнэ.

-Хэнээс ямар өр нэхэх юм бэ?

-Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Г.Батхүүгээс хэзээ ч хүн бай. Үеийн үед хүн бай. Хүн байж чадахгүй бол хойч үеэс чинь чамайг нэхнэ шүү гэх гээд байгаа юм. Би нэг их гавьяатайдаа “Алтангадас”-ын дарга болчихсон юм биш. Мятав муу байсан, Мятав улс төр хийсэн гэж байгаа бол надтай ярь. Надад фракцын даргаа өгөөд зугтчихсан хүмүүсээс хэзээ нэгэн цагт энэ бүхнийг асууна.

-Та “Алтангадас”-т Н.Алтанхуяг, Р.Гончигдорж хоёроос өөр хүн үлдсэнгүй гээд өмнө нь ярьж байсан…

-Тэр чинь хууччуулаас байхгүй юу.

-Р.Гончигдорж дарга байгаа юу. Бас л МоАН-д орчихсон гэж яриад байх юм байна лээ?

-Мэдэхгүй юм. Хашир хүн янз бүрийн зүйлд орж гараад байхгүй байлгүй дээ.

Ерөнхийдөө Н.Алтанхуяг дарга гээд л байгаа юм. Засгийн газрынх нь үеийн бүх протоколыг үзээрэй. Намайг байнга шүүмжилж байсан. Би эр хүн. “Алтангадас”-ын хүн болохоороо Н.Алтанхуяг даргыг дэмжээд байгаа ч юм биш. Туг барьж байхад нь тойрч гүйчихээд тугал хариулаад явж байх үед нь зайгаа бариад явдаг хүмүүст үнэндээ дур гутдаг. Энэ миний араншин.

-Ойр тойрны хүн гэвэл та л байгаа байх…

-Би “Алтангадас”-ын дарга юм чинь ажлаа л хийнэ. Төрд байгаа хүмүүсийг жаахан дээшээ явахаар нь вакумжуулдаг, хараагүй болгодог. Н.Алтанхуяг дарга тэр замаар явчихсан. Тойрсон хүмүүс нь бүгд зугтсан. Өөрийг нь төхөөрөх зүйлийг бүгдээрээ хийсэн. Монгол төрийн төлөө зүтгэсэн, төрийн сайдынх нь хувьд Н.Алтанхуяг даргыг хүндэлдэг юм. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болоход нь би гаж юм яриагүй. Сайханбилэг, Гончигдорж дарга бид гурав сууж байгаад ярьсан юм байдаг. Сайханбилэгийн зүгээс “Та Хөдөлмөрийн сайдаа өгөөд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажилла. Би шийдсэн байгаа. Та татгалзаж болохгүй шүү” гэж ярьсан. Харин эцсийн мөчид асуудлыг өөрөөр шийдсэн. Одоо үүнийг яриад, мэрээд яадаг юм. Ер нь ямар ч хүн төрийн өндөр албанд өгсөх тусмаа тойрсон хүмүүсийнхээ вакумд ордог. Хэнд ч тохиолдож болох зүйл. Хүн гэдэг чинь дэргэдээ байгаа хүмүүсийн л үгэнд ордог юм билээ. Нэг битүү өрөөнд презентаци сонсоод махаа зулгаагаад сууж байдаг юм шүү дээ. Энэ хүмүүс хийхийн төлөөх агуу их зүтгэл байлаа ч тэгээд “суучихдаг”. Өөрт нь очдог мэдээллүүдийг би мэдээлэл гэж хэлэхгүй. Хамгийн ойр байгаа болон өрөөнд нь хамгийн олон орж байгаа хүмүүсийн үгийг үнэн гэж итгэж болохгүй. Одоо Элбэгээ дарга энэрэл хүндлэл дунд вакумтай байгаа. Би эр хүмүүстэй л нөхөрлөдөг, нөхөрлөж ч ирсэн. Элбэгээ даргыг албаа өгөөд, сайхан уужирсан хойно нь эр хүн шиг очиж нөхөрлөнө.

-Сүүлийн үед намын даргын сунгаа ид яригдаж байна. Таныг Ардчилсан намын даргад нэр дэвшиж магадгүй гэж, зарим хэвлэл бүр нэр дэвшинэ гээд бичээд эхэллээ. Та намын даргад нэр дэвших үү. Нэг их тойруулж дүлээд байлгүй шулуухан хэлчих?

-Намайг намын даргад өрсөлдөөч гэсэн янз бүрийн хүмүүс бий. Би чинь одоо өнөөдрийн байдлаар Ардчилсан намынхнаас хамгийн өндөр албан тушаалд очсон хүн.

-УИХ-ын дэд даргыг хэлээд байна уу?

-Яг тийм. УИХ-ын дэд дарга гэсэн энэ том албан тушаалд ирчихээд “Би намын дарга болно оо” гээд зүтгэх сэтгэл алга. Манай намд тодорхой хугацаанд “чанагдсан” хүмүүс намыг авч явах ёстой. УИХ-ын дэд дарга болчихоод “Намын дарга болъё” гэсэн сэтгэл надад байхгүй. Би чинь жирийн ардын хүүхэд төр түшилцэж, УИХ-ын дэд дарга боллоо. Одоо хазаараа татах ёстой. Манай хөдөөнийхөн “Ганц дээлт барилдаанч, ганц морьт уралдаанч” хэмээн ярьдаг. Миний хувьд улс төрийн өндөр албан тушаалд байгаа хүний хувьд барилдаанаа цөөлөх хэрэгтэй. Нэг, хоёр барилдаанд орно. Гэхдээ хаана, хэзээ вэ гэдгээ би өөрөө шийднэ. Тэгэхгүйгээр миний өмнөөс “Мятав намын даргад өрсөлдөнө” энэ тэр гэж яриад байхаар гайхах юм. Ингэж худлаа дэвэргээд хэрэггүй. Миний журмын нөхөд өрсөлдөх ёстой. Бүх зүйл дээр би очих ёстой гэж улайран дайрч болохгүй. Эсвэл би бүгдийг нь авна гэж байгаад үхэж болохгүй. Энэ удаа миний хувьд хүрэх албан тушаалдаа хүрчихээд байна.

Одоо харин намын даргад өрсөлдөж байгаа хүмүүс зөв шударга, намаа хагалчилгүй яваасай, намын даргад өрсөлдсөн хүмүүс ялсан хүнээ дагаад бүжиглээсэй л гэж хүсч байна даа. Тиймээс Санжмятав энэ удаагийн намын даргад өрсөлдөхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Надад өөр уралдаан байгаа. Ер нь бол би “гал тогоо”-ны л хүн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр над шиг намын генсек хийх хүн энэ намд байхгүй л гэсэн үг. Би ер нь намын гал тогооны ажлыг бүх шатанд их сайн хийж ирсэн хүн байгаа юм. Хуулиараа өнөөдрийн миний албан тушаал генсек хийх боломжгүй учраас намын дэд даргад л өрсөлдөх боломжтой. Хэн ч намын дарга болсон би хамтарч ажиллана. “Би намын дэд дарга болъё” гэж хэлнэ. Би тал улс төр хийе, тал “гал тогоо” хийе. Хэн ч намын дарга болсон, үүнийг би хэлнэ. Харин намайг тоохгүй бол болино биз.

-Тэгвэл хэн нэгнийг эртнээс дэмжиж байж намын дэд дарга болох ёстой юм биш үү?

-Би тийм шогийн юм хийхгүй. Манай намын өнөөдрийн дүрмээр дэд даргыг Их хурлаар сонгоно. Намын дарга нэр дэвшүүлэх байх. Миний хувьд заалнаас нэрээ дэвшүүлнэ. Надад өөрийгөө дэвшүүлэх эрх байгаа. Би намын дэд дарга болох чадамжтай хүн. Үүнийгээ ч хэлнэ.

-Би намын дарга болчихвол чамайг генсекээр, дэд даргаар ажиллуулна гэдэг зүйл яваад байгаа юм биш үү?

-Намайг санал болгохгүй бол заалнаас нэрээ дэвшүүлчихнэ. Намын дэд даргад яс үзнэ.

-Зарим хэвлэлээр “Я.Санжмятав намын дарга болох болоогүй” гээд улс төрд дөнгөж ороод буй залуустай харьцуулан бичиж байна л даа. Таныг уг нь МОХ-ноос эхлээд ардчиллын үйл хэрэгт анхнаасаа оролцсон гэж ойлгодог л доо?

-Лидер, зангараг гэдгийг хөмсгөө зангидаж, микрофоноор чанга дуугардаг, хэвлэлээр пиар хийдэг тийм хүн гэж ойлгож магадгүй. Би залуудаа ааштай байсан. Олон ч хүнийг гомдоосон. Сая гадаадад Элчин сайдаар томилогдсон М.Энхсайханд хатуу үг хэлж байснаас болоод сонгуульд дэвшүүлээгүй байх. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг олон удаа цочоож ааштай үг хэлж байсан учраас магадгүй намайг дэмжсэн байх. Алийн болгон ааш аягийг нь тэвчихэв гээд намайг аашилж ч байсан байх. Төрийн золголт дээр л золгож байснаас гэрт нь очиж золгож байна гээд тал засч явсангүй. Ямар нэгэн байдлаар хэн нэгнээр “крандуулж” ирсэнгүй. Би даргын хүүхэд, харцын хүүхэд гэж ялгаж яваагүй.

Улс төр гэдэг тийм ч амар биш. Нэг өдөр гудамжинд эрх чөлөөтэй, нүүр бардам алхах орон зайтай амьдрах нь чухал. Ядаж “Энэ Мятав тэрнийг хорлосон” гэж хэлүүлмээргүй байна. Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр гээд нэг үеийнхэн байна. Улс төрийн хувьд харин би дунд үе. Дунд үеийнхэн нь овоо өсөөд улс төрийн алба хашаад ирэнгүүт нь авлигачаар нь дуудаад шоронд хийдэг байж болохгүй. Дараагийн үе тэгээд хаана төрөх юм. Шинэчлэл, ардчиллын төлөөх хөдөлгөөн ч гэдэг юм уу юм бий болгоод тэнд 20 гаруй хүн орчихсон байхыг хэлдэг юм уу. Монголын төрийн төлөө 20-30 жил зүтгэсэн хүмүүс бүтэн нүүрээ хараад явахын төлөө явах ёстой. Бид нэгдмэл л байх ёстой. Дээрээ ч, доороо ч, нам нь ч, засаг нь ч тэр нэгдмэл байх зайлшгүй шаардлагатай.

-Ардчилсан намын даргад өрсөлдөх хүмүүсээс 250 сая төгрөг авна гээд шуугиан дэгдлээ. Та ямар байр суурьтай байна вэ?

-Дэлхийн жишиг бол хэн энэ намыг авч явж чадах вэ гэдгийг харж байгаад гишүүд нь дэмждэг. Санал өгөх хүн мянган төгрөг хандивлаж болно. Үүнээс айх юм биш. 250 сая төгрөг өгч чадахгүй гээд суух хэрэггүй. Надад байгаа мөнгө нь энэ гээд үнэнээ хэлээд дэмжүүлээд мөнгөө босго. Харин өөрийг чинь дэмжиж хүн мөнгө өгөхгүй бол намын дарга болох найдвар алга гэж ойлго. Үнэхээр рейтинг өндөр байгаа бол хүмүүс 250 сая байтугайг хандивлах байлгүй. Өөр намын хүн ч дэмжиж болно. 250 сая төгрөг цуглахгүй бол миний хэмжээ энэ юм байна гээд зогсчих. Өөрийгөө хэмжих нэг хэмжүүр шүү. 250 сая төгрөг гээд сүртэй юм болгоод байх юм. Үнэндээ энэ чинь аймгуудыг тойрох машины түлш, сурталчилгааны материалын чинь зардал. Өмнө нь далд байсан зүйлийг манай нам ил болгож байгаа байхгүй юу. Далд эдийн засгийг ил болгож байгаа Ардчилсан намын шинэчлэлийн эхлэл юм шүү. Энэ мөнгийг эсэргүүцэж хэрэггүй.

-Та түрүүн “Ардчилсан намынхан дотроос өнөөдөр хамгийн өндөр албан тушаалд байгаа нь би” гэж хэлсэн. Гэтэл таныг бүлгийнхээ хэдэн гишүүдийг аваад явчих зангараг алга гэх юм. Энэ хэд чинь таны үгэнд орохгүй байгаа юм уу?

-Үгэнд орохгүй байгаа юм байхгүй ээ. Би үгэндээ оруулъя ч гэхгүй. Голдрилоороо юм нэгдвэл явдаг. Эрх баригчид 65 гишүүнийхээ 39-ийг цуглуулж чадахгүй байхад есөн хүнийг “Чи чадахгүй байна” гэж хэлэх эрх байхгүй. Тэр дундаа намын дарга, Ерөнхийлөгчийн сонгууль гээд улс төрийн шатлалууд байгаа тул би намынхаа хамгийн өндөр албан тушаалтай хүн гээд хүнд тоогдох гэж өрөөгөөрөө оруулж болохгүй л дээ. Өөрийгөө хамгийн өндөр албан тушаалд хүрсэн хүн гэж ойлгож байх тусмаа хүмүүсийг чөлөөтэй байлгах ёстой. Би аль нэгэн фракц гэдэг юм уу дэд дарга нь гээд бүх зүйлийг шийддэг байхаас ангид соёлыг түгээх ёстой.

Хэзээ, хаана, хэнд зангаргаа гаргах уу, хэнд юу хэлэх вэ гэдгээ би сайн мэднэ. Ардчилсан намыг хүнд байдалтай байх үед шат шатны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан хүн би хэмээн орилохгүй байгаа нь намайг илтгэх байх. Өнөөдөр Ардчилсан намд эв дан, ойлголцол, зохицуулалт, арга зам, арчилгаа хэрэгтэй байна. Түүнээс биш бяртай нь бяргүйгээ нухдаг, би бүгдийг нь мэднэ гэдэгт ийм ойворгон зан байх ёсгүй.

-Та өнгөрөгч Их хурал, орон нутгийн сонгуулиар Завханд үнэмлэхүй ялалт байгуулахад гол үүрэгтэй оролцсон хүн. Сонголт ингэж эргэчихээд байхад намаа ялуулна гэдэг амаргүй байх?

-Айл гэр аавтай, ээжтэй байдаг шиг аль ч газар эзэнтэй байх ёстой. Манай аймгийн ялалт бүх шатандаа эзэнтэй байсных юм. Эхлээд хүн байх ёстой л доо. Тэр утгаараа нам харгалзахгүй саналаа өгсөн гэж боддог. Хүн дээшээ өгсөх тусмаа даруухан, намбатай, хор нь бага байх хэрэгтэй. Ард түмэн минь дэмжээд ингэж яваа шүү гэдгээ байнга бод. Ард түмэн, нутгаа гэсэн сэтгэлтэй байхад болно гэж боддог. Би тийм хүн. Намайг үхэхээр миний шарил дээр Ардчилсан намын туг мандуулж, хөшөөн дээр намын лого зурах юм уу. Тийм юм байхгүй. Тэр утгаараа нам гэж талцах хэрэггүй. Өнөөдөр Монголын улс төрд ойлголцол, эв нэгдэл үнэхээр хэрэгтэй байна. Үе удам дамжсан өшөө хорсол бий болчих вий дээ гэж үнэхээр санаа зовж байна. Би Хуягаа даргыг, Женког очиж уулзаад ойлголцоод явцгаагаачээ гэж олон удаа хэлсэн. Зөөлрүүлэхийг үнэхээр хичээдэг. Тэгээд л болдоггүй. Ганц манай нам ч биш улс төр, бизнесийн гээд Монголын нийгмийн бүх л салбарт улс орныхоо хөгжлийн төлөө зүтгэж байгаа хүн бүхэн эв зүйгээ ололцож, дэлхий хавтгай гэдгийг ямагт бодож, үүний төлөө оюун ухаанаа цацаж биш цуглуулж ажиллаж, амьдрах тийм л цаг үе ирээд байна гэж боддог. Бид зөв л байх ёстой. Тэгж байж л хойч үедээ бүтэн улс, бүтэн нэрээ үлдээнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *