Categories
мэдээ нийгэм

Гадаадаас авах санхүүжилтээ яаралтай шийдэхгүй бол Монгол Улс дампуурч магадгүй

2016 онд эдийн засгийн өсөлт нь бараг тэг хувьтай гарч, төсвийн алдагдал нь ДНБ-ий 20 хувьд хүрэх төлөвтэй байгаа Төв Азийн Монгол Улс өр зээлээ буцаан төлөхийн тулд ирэх онд гадаад улс орнуудаас зээл авах зайлшгүй шаардлагатай байгаа талаар “Eurasia” группын ахлах шинжээч Эмили Стромкист http://www.cnbc.com/ сайтад бичжээ. Тэрээр Монгол Улсад хөнгөлөлттэй зээл олгож магадгүй цорын ганц улс нь БНХАУ гэж дүгнэжээ.

Саяхан болсон далай ламын айлчлалтай холбогдолтойгоор Хятадын тал Монгол Улсад үзүүлэх зээл тусламжийн асуудалдаа хориг тавиад байна. Үүнээс болж гуравдугаар сард Монголын Хөгжлийн банкнаас гаргасан 580 сая ам.долларын бондын өрийг Улаанбаатар эргэн төлж чадахгүйд хүрэх эрсдэл үүсээд байна.

“Хятадын талаас хэлэлцээг хойшлуулсны улмаас Монгол Улс ирэх хавар гэхэд “дампуурах” эрсдэл бий” гэж Эмили Стромкист хэлж байна.

Шинжээч Э.Стромкист хэлэхдээ “Хятад улс хөнгөлөлттэй зээлийн асуудлаарх хэлэлцээг сэргээнэ гэдэгт Монголын тал найдсан хэвээр байна. Гэхдээ хүлээгээд суулгүй санхүүжилтын өөр хувилбаруудын эрэлд гарах хэрэгтэй. Тухайлбал, Хятадын санал болгож байсан хүүтэй багатай зээлийг хөөцөлдөх хэрэгтэй” гэсэн байна.

Монголын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын засгийн газар тусламж хүсэн бусад улс орнуудад хандсаар байгаа хэдий ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа талаар тэрээр дурдаад “Сингапуртай өмнө нь хэлэлцээ хийсэн боловч бүтэлгүйтсэн. Учир нь, Сингапурын зээлийн нөхцлийг хэтэрхий хязгаарлагдмал бөгөөд хүү нь хэтэрхий өндөр байна гэж Монголын тал үзсэн. Мөн Япон улс санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн билээ. Харин Монгол Улс оролцооны стандарт дүрэм журмуудыг дагаж мөрдсөн тохиолдолд зөвхөн Азийн Хөгжлийн банк, ОУВС зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудаар дамжуулан тусламж дэмжлэг үзүүлэхээ Токио мэдэгдсэн“ гэлээ.

Түүний хэлснээр, Монголын зүгээс тусламж хүсэн холбоо барьсан улсуудын дотор АНЭУ, ОХУ болон Энэтхэг зэрэг улс байна. Гэхдээ эдгээр улс БНХАУ-аас ялгаатай нь Монголд таатай нөхцлөөр зээл олгохгүй байж магадгүй. Мөн эдгээр улс Монголд туслахыг төдийлөн эрмэлзэхгүй байна.

ОУВС-тай Стэндбай хөтөлбөрт ирэх хоёрдугаар сараас хамрагдах талаар ярьж байгаа боловч энэ нь зээлийн эргэн төлөлтийг хангаж чадахгүй хэмээн тэрээр дүгнэжээ. Тэрээр үргэлжлүүлэн “Хятадтай ойрын хугацаанд хэлэлцээ хийж эхлэхгүй, өөр улс орнуудаас санхүүгийн тусламж авч чадахгүй бол Монгол өрийн хямралд орж дампуурах эрсдэлд орно” гэж бичжээ. http://www.cnbc.com/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *