Categories
мэдээ нийгэм

Төвбанк Лондонгийн металлын биржийн ханшаар алт авахаар шийдвэрлэжээ

Монголбанк Лондонгийн металлын биржийн ханшаар алт худалдан авах шийдвэр гаргав.

Лондонгийн металлын биржийн үнээс хоёр ам.доллараар доогуур үнээр худалдан авч байсныг Төвбанкны шинэ удирдлагууд ийнхүү өөрчилжээ. Ингэснээр алт тушаалтыг нэмэгдүүлж 20 тоннд хүргэх зорилт дэвшүүлсэн байна. 11 дүгээр сарын байдлаар Монголбанкинд тушаах алтны хэмжээ түүхэн дээд буюу 17.6 тоннд хүрчээ.

Албан бус тооцоогоор Монгол Улс жилд 40 тонн алт олборлодог гэсэн тооцоо бий. Үүний 50 хувийг Монгол банк худалдан авах зорилт дэвшүүлж алт худалдан авах үнийг өсгөжээ. Улмаар Төвбанкны зүгээс алт олборлогчдод хандан цөөн хэдэн төгрөгийн илүүг харж эрсдэлтэй алхам хийлгүй Лондонгийн металлын биржийн ханшаар алтаа нийлүүлэхийг уриалав.

Иргэдийн Монголбанкинд тушаах алтны хэмжээ өссөн байна. Тодруулбал эхний 11 сарын байдлаар давхардсан тоогоор 2,973 иргэн Монголбанкинд 10.6 тонн алт тушаасан байна. 2013 онд 3 иргэн нийт 6 кг алт тушааж байжээ. Ийнхүү Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэж байгаа нь Монголбанкны Гадаад валютын албан нөөц нэмэгдэх гол хүчин зүйл болж байгааг Монголбанкны удирдлагууд онцлов. Тодруулбал 2016 онд Монголбанкны худалдан авсан алт 650 сая орчим ам.доллартай тэнцэж байгаа нь Гадаад валютын албан нөөцийн 65 хувьтай тэнцэх дүн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *