Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр Хэмжих хэрэгсэл шалгалт баталгаажуулалтын газар /ХХШБГ/-ын Шалгалт тохируулгын албаны “Механик, хүч хатуулгийн хэмжлийн лаборатори”-ийн нээлтэд оролцож, тус газрын үйл ажиллагаатай танилцан албан хаагчдад зарим үүрэг чиглэлийг өглөө.
Манай улсын барилга, автозамын бүтээн байгуулалтад ашиглаж байгаа хүчний хэмжих хэрэгслүүдийг шалгалт тохируулгад хамруулах чиг үүрэг бүхий эталоны баазыг шинэчлэн бүрдүүлж, хэмжих хэрэгслийн шалгалт, тохируулгын ажлыг тогтоосон стандарт, олон улсын зөвлөмжийн дагуу гүйцэтгэх шаардлагатай тулгараад байсан юм.
Тиймээс Шадар сайд У.Хүрэлсүх уг асуудлаар БНХАУ-аас Манай Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдад хандан хүсэлт гаргаад байсан юм. Шадар сайдын хүсэлтийн дагуу БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр тус лабораторид барилгын хавтан, цементийн марк, асфальтны даац тодорхойлох хүчний машин шалгах 5-200 тн-ын даацтай динамометрүүд, барилгын бэлдэцний бат бэхийг шалгадаг шмидтийн алх шалгах 80 мпа/эталон төхөөрөмжийг нэмж суурилуулсан байна.
Өмнө нь шалгалт тохируулгад хамрагдаагүй хэмжих хэрэгслийг ашиглан автозам барьж байгаа нь шинээр тавьсан өндөр өртөгтэй автозамын чанарт сөргөөр нөлөөлж амархан эвдрэх, хуурч хагарах зэрэг зөрчил үүсдэг байсан. Ийм лаборатори бий болсноор барилга, автозамыг чанартай барих нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Дахин төлөвлөлт буюу гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах төсөл”, “Жижиг, дунд үйлдвэрлэл дэмжих төсөл”, ”Орон нутгуудыг хатуу хучилттай автозамаар холбох төсөл”-ийг хэрэгжүүлэхээр тусгагдсан. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд Стандарт Хэмжилзүйн газар ихээхэн үүрэг гүйцэтгэх ажээ.