Өнөөдөр (2016 оны 12 дугаар сарын 19) Анкара хотод зохион байгуулагдсан үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Андрей Карлов зэвсэгт халдлагад өртөж харамсалтайгаар амь насаа алдсан таагүй мэдээг хүлээн авлаа.
Энэхүү жигшүүрт халдлагыг зэмлэн буруушааж байна. Халдлага үйлдсэн этгээдийг устгасан. Уг хэрэг явдлыг хамгийн өргөн хүрээнд бүхий л чиглэлээр шалгах бөгөөд хариуцагч нарыг Туркийн шударга ёсны шүүхээр цээрлүүлэх болно. Элчин сайд Карлов маш хүнд хэцүү цаг үед Турк Улсад амжилт гарган ажиллаж байсан. Хувийн зан чанар болоод мэргэжлийн ур чадвараараа төр засгийн өндөр хүндлэл хүлээсэн шилдэг дипломатч байсан. Түүнийг бид үргэлж дурсан санаж байх болно. Энэхүү халдлагаар Турк-Оросын найрамдалт харилцаанд толбо суулгахыг хүлээн зөвшөөрөхгүй.
Хүнд хэцүү үеийг туулж буй Оросын ард түмэн, Оросын төр засагт чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлж байна. Тус халдлага нь терроризмын хамгийн жигшүүртэй бөгөөд харгис нүүр царайг дахин харууллаа. Турк Улс нь Орос Улстай төдийгүй өөрийн бүх түншүүдийн хамтаар терроризмтэй тэмцэхэд бүхий л хүчин чармайлтаа дайчлах болно.
ТУРКИЙН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ