Хотын дарга 12 дугаар сарын 31-ний үдэш нийслэлийн иргэдтэйгээ шинэ оноо угтах баярын цэнгүүнийг зохион байгуулах бэлтгэл ажлаа базааж эхэлсэн хэмээн мэдэгдлээ.
Цэнгүүний бэлтгэл ажил болох Нийслэлийн төв талбайн сүлд модны гэрлийг өчигдөр асааж, Сүхбаатарын талбайд байгуулсан мөсөн гулгуурын талбайг албан ёсоор нээсэн юм. Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон хотын удирдлагууд оролцов.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлэхдээ, “Дэлхийн томоохон хотууд шинэ оноо угтан төв талбайдаа сүлд модоо засч, гэрлээ асаан, бие биендээ сайн, сайхныг хүсдэг. Улаанбаатар хот маань үүний адил сүлд модныхоо гэрлийг асаах ёслолыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Бид өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс хүүхэд залуустаа зориулан мөсөн гулгуурын талбайг нээлээ” хэмээн онцлов.