Ардчилсан нам орон даяар гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг хийж байгаатай холбогдуулан нийслэлийн АН-аас мэдээлэл хийлээ. Нийслэлийн АН 50 мянга гаруй гишүүнтэй аж. Эдгээр гишүүдээ шинэчлэн бүртгэх ажил эхэлсэн бөгөөд ирэх нэгдүгээр сарын 4-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм байна. Нийслэлийн дүүргийн намын хороод ирэх сарын 5, 6-нд хуралдахаар төлөвлөсөн учраас бүртгэлийн хугацаагаа ийнхүү тогтоожээ.
Шинэчилсэн бүртгэлд хамрагдах хүмүүс тухай харъяаллынхаа намын байгууллагад биечлэн очиж бүртгүүлэх ёстой гэдгийг онцоллоо. Бүртгүүлэхдээ 2016 оны бүтэн жилийн татвар болох 1200 төгрөгийг төлсөн баримт, иргэний үнэмлэх, 4х3 хэмжээтэй хоёр хувь цээж зурагтайгаа ирэх юм байна. Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан гишүүд намын даргын сонгуульд оролцож саналаа өгөх эрхтэй болох юм.