Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээн энэ сарын 14-18-ны өдрүүдэд Сингапур улсад боллоо. Тус тэмцээнд нийт 30 орны 232 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд 3 өдрийн турш оюунаа уралдуулжээ.
ДАШТ-д нийт 30 орны 232 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр оюун ухаанаа уралдуулсан бөгөөд Монгол Улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 23 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцлоо. Манай тамирчид хүртэх боломжит 69 медалиас 8 алт, 11 мөнгө, 8 хүрэл медаль буюу нийт 27 медаль хүртсэн байна.
Мөн манай тамирчдаас өсвөр болон бага насны ангилалын “Хоёртын тоолол” төрөлд Б.Шижир-Эрдэнэ, Н.Намуундарь, “Тооны Марафон” төрөлд Э.Пүрэвжав, “Түүхэн үйл явдал” төрөлд Н.Энхшүр, “Олон багц хөзөр” төрөлд Н.Мөнхшүр нар дэлхийн 5 дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
Тус тэмцээний нийлбэр дүнгээр Хятадын баг түрүүлсэн бол манай баг тамирчид цөөн онооны зөрүүтэйгээр хоёрдугаар байрт орсон байна.