Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Алдар цолтой ахмадуудын нэмэгдэл буурахгүй байхаар хууль дэмжигдлээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

Чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийсэн. Үүнтэй холбогдуулж Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулиас алдар цолтой ахмад настанд үзүүлэх мөнгөн тусламж, хөнгөлөлттэй холбоотой зохицуулалтуудыг Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуульд тусгах шаардлага гарчээ.

Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуулиар улс эх орноо хөгжүүлэх, бүтээн байгуулах үйлсэд гарамгай хувь нэмэр оруулсан ахмадуудын алдар гавьяаг төр засгаас үнэлэн төрөөс сар бүр нэмэгдэл олгодог. Иймд алдар цолтой ахмад настнуудад чиглэсэн тус тусдаа хуулиар зохицуулж байсан ижил төрлийн тусламж, хөнгөлөлтийг нэг хуулиар зохицуулах зорилгоор Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж: Гавьяат цол авсан хүн Хөдөлмөрийн баатар болоход төсвөөс хэдэн төгрөг авч байна вэ гэдэг тооцоог нарийвчлан гарга. Сэтгэлийн хөөрлөөр янз бүрийн юм хийсэн байх. Засгийн газрын тогтоолоор нэг удаагийн арга хэмжээ авч болдог болохоос биш насан туршийн арга хэмжээ авч болдог юм биш. Энд тэнд ийм маягийн шагнал өгдөг нь ямар учиртай юм.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Улсын хэмжээнд Ударник тэмдэгтэй 36 ахмад бий. Дайны хүнд жилүүдэд мөн улс эх орныхоо бүтээн байгуулалтад орлцож төлөвлөгөөгөө 200 дахин давуулан биелүүлсэн хүмүүст Хөдөлмөрийн баатар тэмдэг гараагүй байхад энэ шагналыг олгож ирсэн. Монголын төр улсын баатрууддаа байр олгосон, Ударник шагналтныг тэдний нэгэн адил улсаас харж үзэх бодлого хэрэгжүүлж болох уу. Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдууд маань тухайн салбарынхаа гавьяаттай л адил. Гэвч тэдэнд цолны нэмэгдлээс өөр урамшуулал олгодоггүй. Тэдний хийсэн бүтээснийг үнэлэх боломж байна уу хэмээн асуулаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр: Ц.Нямдорж даргын асуусан асуулт зарчмын хувьд бодож үзэх асуудал. Энэ хуультайгаа уялдуулаад олимпийн тамирчдынхаа асуудлыг нэгмөр шийдэх боломжтой гэж үзэж байна. Тамирчдын цолыг дагаж олгодог цалинд зориулж сар бүр 10.5 сая зарцуулдаг. Тив дэлхийн тэмцээн, олимпод амжилт гаргасан тамирчинд насаар нь цалин олгох асуудлыг 2014 оны Засгийн газрын тогтоолоор шууд шийдсэн. Н.Алтанхуяг сайдын үед шийдсэн асуудал юм. Засгийн газрын тогтоолоор насан туршдаа гээд шийдэх нь эрх зүйн хувьд буруу л болоод байна.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учраас анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *