Categories
мэдээ цаг-үе

Х.Бум-Эрдэнийн оффшор компани Төрийн банкны захирал Д.Баярсайхан, Б.Ганбат нарт хамааралтай юу

-2006-2009 ОНД ГАРГАСАН ДЭЭР ДУРДСАН IPO ГАРГАСАН КОМПАНИУД НЬ ДАМПУУРЧ ОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ИРГЭНИЙГ ХОХИРООСОН-

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас дэлгэсэн манай улсын нэр дурдагдсан оффшор данстангуудын зарим нэгтэй нь холбоотой мэдээлэл хууль хяналтын байгууллагуудад ирж буй гэдэг. Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд гэхэд энэ асуудалтай холбоотой хэд хэдэн албан бичиг баримтын хамт хавсрагдан иржээ. Энэ баримт фактууд нь өнгөрсөн хавар дэгдсэн оффшорын дуулианаас хойших материал юм байна. Улсын ерөнхий прокурор асан М.Алтанхуягийн хүү Х.Бум-Эрдэнэтэй холбоотой мэдээлэлд “Оффшор данстай доорх нэр бүхий албан хаагчийг нэн яаралтай шалгуулах” хэмээн онцолж мөн баримт хавсаргажээ. Үүний зах зухаас манай сонин дэлгэж байна.

Дээрх материалд дурдсанаар Х.Бум-Эрдэнэтэй хамт Хууль зүйн яаманд ажиллаж төрийн албанд зүтгэж ирсэн, одоо Төрийн банкны захирлын албан тушаалыг хашиж буй Д.Баярсайхан, тухайн үед Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн гишүүн байсан Б.Ганбат нарыг шалгахыг хүсчээ. Учир нь дээрх гурван эрхэм төрийн албаны гараагаа нэг цэгээс хамт эхлүүлж байсан аж. Өөрөөр хэлбэл, тэд Хууль зүйн яамны Бодлогын хэлтэст хамт ажиллаж байжээ. Тэндээс Д.Баярсайхан нь Санхүүгийн зохицуулах хорооны даргаар анх томилогдсон байна. Тэрбээр тус газар ирээд хамт ажиллаж байсан Х.Бум-Эрдэнийг Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын даргаар томилжээ. Д.Баярсайханы авга ах нь УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан. Х.Бум-Эрдэнэ Улсын ерөнхий прокурор асан М.Алтанхуягийн хүү. Тохиолдлоор ч гэх юм уу, тэд нөхөрлөж ийн нэг нэгнээ татсан байна. Санхүүгийн зохицуулах хороонд ирсэн Д.Баярсайхан, Х.Бум-Эрдэнэ нар харин хамт ажиллаж байсан Б.Ганбатыгаа хяналтын зөвлөлийн гишүүнээр томилуулж чадсан байна. Томилуулж чадсан гэдэг нь тухайн үеийн Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүдийг шинээр сонгоход Хууль зүйн яамнаас УИХ-д Б.Ганбатыг санал болгож чадсан түүхтэй аж.

Хууль зүйн яамны нэг хэлтсээс гар нийлсэн гурван найз ийнхүү Санхүүгийн зохицуулах хороонд ирж, тус газрыг өөрсдийн мэдэлд бүрэн оруулжээ. Энэ нь дараах баримтаар нотлогдож буй гэнэ. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хорооноос Монгол Улсын хөрөнгийн зах зээлд 2006-2009 онуудад иргэд, олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэн шинээр үүсгэн байгуулсан “Туул сонгино усны нөөц” ХК, “Монголиан девелопмент ресорсес” ХК, “Силикат” компаниудын чанар муутай хувьцаа (IPO), ялангуяа “Анод” хувийн банкийг хувьцаат компани болгох үйлдэл нь дээрх гурван найзын “санаа” байсан бололтой. Санаа гэхээсээ илүү зах зээлийн жамаараа хөгжиж хүрээгээ тэлэх гэсэн компаниудын сонирхол дээр “тоглодог” байсан гэдэг нь илүү онох байх. Ингэхдээ “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, “СЗХ-ны эрх зүйн байдлын тухай хууль”, “Банкны тухай хууль”, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”, СЗХ-ны “Нийтэд санал болгон гаргах үнэт цаас бүртгэх тухай журам” болон Монголбанк, Сангийн яам, СЗХ-ны хамтарсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн заалтуудыг ноцтой зөрчсөн тухай өгүүлжээ. Түүнчлэн “Анод” хувийн банкийг хувьцаат компани болгосон 2008 оны тус хорооны 100, 122, 124 дүгээр тогтоолуудаас шалтгаалан хөрөнгийн зах зээлийн нэр хүндийг унагаж, хөрөнгө оруулагч иргэдийг эдийн засгийн болон сэтгэл санааны шоконд оруулж байсан гэдгийг онцолсон байна. Түүнчлэн “Анод” хувийн банкийг хувьцаат компани болгох 100 дугаар тогтоолыг 2008 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Д.Баярсайхан болон Үнэт цаасны газрын дарга асан Х.Бум-Эрдэнэ нар хэлбэржүүлэн гаргасан нь тэднийг эрх ашгийн нэгдсэн санаатайг илтгэдэг гэнэ.

Д.Баярсайхан нарын нэгэн үеийн залуус хуулийн сиймхийг, мөн танил тал, хуулийн хүрээгээ ашиглан нэг баг болсноор Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлүүдийг болон ялангуяа олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлж шинээр хувьцаа (IPO) гаргах зөвшөөрлүүдийг олгосон. Ингэхдээ Монгол Улсын болон салбарын хууль тогтоомжуудыг зөрчин, санаатайгаар эс үйлдэхүйг гаргаж тэдгээр компани, удирдлагуудад хяналт тавих боломжгүй болсноос 2006-2009 онд гаргасан дээр дурдсан IPO гаргасан компаниуд нь дампуурч олон хөрөнгө оруулагч иргэнийг хохироосон. Энэхүү дампууралтай зэрэгцэн Д.Баярсайхан нь баруун дөрвөн замын “Max Mall”-ын ард “Колорада бизнес центр” гэх том барилгыг барьж, Х.Бум-Эрдэнэ нь (СЗХ-ны гишүүн асан Шаравжамц гуайн хэлснээр эхлээд хаус барьж байгаа гэдэг) хаустай болж дараа нь Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо ил болгосноор хоёр ч оффшор данс нээлгэжээ. Өнөөдрийн байдлаар мэдэгдэж байгаа нь энэ. Эргэн сануулахад Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас Х.Бум-Эрдэнийн оффшор бүс дэх “GUMAX” 2008-2012, “IMPOX” 2008-2012, “TSA­YARS” 2008-2012, “DOLOWAY INTERNATIONAL”2009-2013 компани хэмээн зарлагдсан.

Энэхүү илт хууль бус тогтоолыг гаргасан Санхүүгийн зохицуулах хорооны дарга, одоогийн Төрийн банкны захирал Д.Баярсайхан болон Санхүүгийн зохицуулах хорооны орлогч даргын алба хашиж буй Х.Бум-Эрдэнэ, (хоёр ч оффшор дансыг эзэмшигч) Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн гишүүн Б.Ганбат нар юм.

50 гаруй хуудас бүхий дээрх материалд 2008 онд “Анод” банкны удирдлагуудаас хувьцаа гаргасны урамшуулалд бусдаар дамжуулан хувьцаа болон бусад хэлбэрээр хоёр тэрбум гаруй төгрөгийг авсан. Энэ үед Х.Бум-Эрдэнэ оффшор бүсэд эхнийхээ компанийг байгуулж байсан гэх баримт анхаарал татаж буй.

Монгол Улсын хөрөнгийн зах зээлд 2007 он хүртэл брокер, дилерийн 32 компани үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 2009-2010 оны хугацаанд нэг дор 100 орчим үнэт цаасны брокер, дилерийн хөрөнгө оруулалтын компани шинээр үүсгэн байгуулагдсан. Үүнээс гадна энэ үед маш их банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, бусад тусгай зөвшөөрөлтэй компаниуд байгуулагдсан байдаг. Тухайн үед үнэт цаасны брокер, дилерийн тусгай зөвшөөрөлтэй компанийг худалдан авах ханш 50.0 сая төгрөгөөс дээш, хэсэг хугацаанд бүр 100.0 сая төгрөгт хүрч байсан нь дээрх албан тушаалтнууд төрийн албан тушаалд ажиллаж байсан мөртлөө оффшор данс нээлгэж үндсэн хөрөнгийг үүсгэсэн гэх баримт. Энэ нь хууль бус замаар хөрөнгөжсөний илрэл хэмээсэн байна. Учир нь 2008 оны Санхүүгийн зохицуулах хорооны 100, 122, 124 дүгээр тогтоолууд нь илт хууль бус төдийгүй холбогдох салбарын дүрэм журмуудыг зөрчин гаргасан дээрх албан тушаалтнуудтай холбоотой 30 орчим үйлдэл байдаг гэнэ.

Үүнийг өнгөрсөн хоёрдугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, “Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны илт хууль бус 100, 122, 124 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах” нэхэмжлэхийн шаардлага бүхий Захиргааны хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоосон гэнэ. Энэ мэтчилэн баримт дэлгэн Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчиж, хөрөнгө оруулагч иргэдэд 9.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан.

Иймд СЗХ-ны гишүүн, СЗХ-ны орлогч дарга Х.Бум-Эрдэнэ нь энэхүү оффшор дансыг яг хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр нээснийг болон энэхүү оффшор дансанд тодорхой ямар цаг хугацаанд, ямар үе шаттайгаар орлого шилжигдэж байсныг, мөн энэхүү дансны орлогын эх үүсвэрийг тогтоох учиртай. Х.Бум-эрдэнийн нэр дээр оффшор компани байдаг хэдий ч Д.Баярсайхан, Б.Ганбат нарын хамтарсан хөрөнгө байршиж байсныг хэлэх хүн бий. Иймд хамтатган шалгах ёстой хэмээжээ.

Төрийн албан тушаал хашиж, хамтарч тушаал шийдвэр гаргаж, өөрсдөд ашигтай байдлаар мөнгө бусдаас завшиж байсан гэх үндэслэлүүдийг гарган тэр мөнгөний эх үүсвэрүүдээр оффшор бүсэд компани байгуулсан байж болзошгүй хэмээн ийнхүү баримттайгаар дэлгэжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *