Categories
мэдээ цаг-үе

Биата Транкман: Тогтвортой хөгжлийн зорилтууд Монгол дахь НҮБ-ын ажлын цөм байна

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол Улс дахь Суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкмантай ярилцлаа.


-Энэ жил Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүнээр элссэний 55 жил ой тохиолоо. Өнгөрсөн хугацаанд хэрхэн хамтран ажиллаж ирсэн талаар яриагаа эхлэх үү?

-Юуны өмнө танай сонинд ярилцлага өгөх завшаан олгосонд талархъя. НҮБ байгуулагдсаны 71 жил болон Монгол Улс НҮБ-д элссэний түүхт 55 жилийн ойг энэ онд тэмдэглэлээ. Түүнчлэн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг баталсны нэг жилийн ой болж байна. Монгол Улс 1961 оны аравдугаар сарын 27-нд НҮБ-ын 101 дэх гишүүн орон болсноос хойш үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн. Одоогийн байдлаар хүний эрх, ардчилсан засаглал, эрүүл мэнд, боловсрол, нийгэм эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжих, хүүхэд эмэгтэйчүүд гээд НҮБ-ын 11 төрөлжсөн байгууллага нийгмийн сайн сайхны төлөө олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Монгол Улсын НҮБ-ын үйл ажиллагаанд оруулж байгаа хувь нэмэр асар их. Онцолж хэлбэл, энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон оронд Монголын энхийг сахиулагчдыг илгээж, энх тайвныг тогтооход хувь нэмэр оруулж байна. Өнөөдөр Суданы Дарфур, Конго, Баруун Сахар зэрэг оронд 950 гаруй монгол цэрэг энхийг сахиулж байгаа нь бахархууштай.

НҮБ-ын хувьд Монголд 1960-аад оноос хойш идэвхтэй ажиллаж ирсэн, хөгжлийн тусламжийн чиглэлээр нийтдээ 420 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Олон улсын байгууллагуудын сүлжээ, мэдлэг туршлага, зөвлөгөө тусламжийг хүртээмжтэй болгоход НҮБ томоохон хувь нэмэр оруулсан. Зах зээлийн эдийн засагт суурилсан ардчилсан нийгэм байгуулж шинэ бүтцийг бий болгож, хөгжлийн сорилтуудыг даван туулах явцад нягт түншлэн ажиллаж ирлээ. Түүнчлэн Монгол бүс нутагтаа ардчиллын хөтөч бамбар болж, бусад улс оронд үлгэр дуурайлал болж байгаа. Танай улс бол НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн идэвхтэй гишүүн, далайд гарцгүй орнуудын эрх ашгийн асуудлаар байр сууриа идэвхтэй илэрхийлэн манлайлдаг. Өнгөрсөн жил гэхэд Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. Монгол Улстай бидний хөгжүүлсэн сайн харилцаа, түншлэл хамгийн чухал үнэт зүйл юм. НҮБ-ын гүйцэтгэж ирсэн үүрэг, амжилтын түүх бол юуны өмнө Монгол орны амжилтын түүх. Цаашдаа ч олон жил амжилттай хамтран ажиллах нь дамжиггүй.

Монгол дахь НҮБ-ын байгууллагуудын гол зорилго нь Монгол Улсыг хөгжлийнхөө үр шимийг нийт ард иргэддээ тэгш хүртээж, ирээдүйн хойч үедээ байгалийн баялгаа хадгалж үлдээж чадахуйц эдийн засгийн өсөлтийг бий болгоход нь тусалж, дэмжин ажиллах явдал. Үүний тулд бид бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж, өөрсдийгөө ч өөрчлөн, хөгжлийн бодлого боловсруулах түвшинд цаг алдалгүй, оновчтой шийдэл гаргахад зөвлөж, хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд итгэмжлэгдсэн түнш байхын төлөө зорьж байгаа.

-Одоогоос нэг жилийн өмнө Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассемблей дэлхий дахинд 2030 он хүртэл хэрэгжүүлэх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг баталсан. Үүнд манай улс ямар үүрэгтэй байх вэ?

-Дэлхийн 193 улс орны удирдагчид ирэх 15 жилд ядуурлыг бүр мөсөн устгах хөгжлийн хөтөлбөрийг олон түвшинд хэлэлцэж зөвлөлдсөний эцэст баталсан. Энэ бол хэнийг ч орхигдуулалгүй ядуурлаас ангижирч, хөгжлийн үр шимийг бүгдэд хүртээх, түүнчлэн дэлхийгээ хайрлан, уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалах, тэгш бус байдлыг багасгах, энх амгалан, хүн бүр ажилтай, тэгш эрхтэй сайн сайхан амьдрах боломжоор хангах, илүү тогтвортой нийгмийг цогцлоохын төлөө дэлхий дахины уриалга юм. Түүхэндээ анх удаа дэлхийг уур амьсгалын өөрчлөлтөөс аварч, экосистемийг хадгалахын төлөө дорвитой алхам хийхэд нэгдэн, хүн төрөлхтөн болон ирээдүй үедээ зориулж алсыг харсан нэн чухал түүхэн шийдвэр болсон.

Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг Монгол Улс хамгийн түрүүнд хүлээн авч идэвхтэй оролцож байгаа орнуудыг манлайлж байгаа. Урт хугацааны хөгжлийн чиг, баримжаагаа тодорхойлж, энэ онд УИХ-аар “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” баримт бичгийг баталлаа. Түүнээс гадна холбогдох зорилтуудын хүрээнд шинэ Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө хөтөлбөрт уялдуулан ажиллаж байгаа. Тогтвортой хөгжлийн зорилт хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний жилүүд шийдвэрлэх ач холбогдолтой. Ялангуяа хөрөнгө, нөөц бололцоог нэн түрүүн нийгмийн салбарт чиглүүлэх, өмнөх Мянганы Хөгжлийн Зорилтуудын хугацаанд хүрсэн амжилтыг баталгаажуулж, улам ахиулах нь эдийн засгийн бэрхшээлтэй энэ үед нэн чухал.

Монгол Улс МХЗ-ын хүрээнд хагас сая хүнийг ядуурлаас гаргасан. Эх, нярайн болон таваас доош насны хүүхдийн эндэгдлийг эрс бууруулж чадсан цөөхөн орны нэг. Гэвч хүн амын хувьд 1998 онд ядуурлын түвшин 38,7 хувьтай байсан бол 2014 онд 21,6 хувь болж буурсан. Гэхдээ одоо таван хүн тутмын нэг нь ядуугаас доод түвшинд амьдарч байгаа гэсэн тооцоо бий. Хүмүүст чанартай боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээг хүртээмжтэй болгож, баталгаатай, зохистой үнэлэмжтэй ажил эрхлэх боломж, хот хөдөөгийн ялгаа, эдийн засгийн үр шимийн хүртээмж хангалтгүй байдал хэвээр байна. Ундны цэвэр ус, ариун цэврийн байгууламжийн нөхцөлийг сайжруулах, хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангах шаардлага бий. Өнөөдөр Монголын эдийн засаг, нийгэм, улс төрд эмэгтэйчүүдийн үүрэг өндөр байсаар байна. Энэ жил болж өнгөрсөн Улсын Их Хурлын сонгуульд Монголын эмэгтэй парламентчдын тоо 14.5 хувь байснаас 17.1 хувь болж нэмэгдсэн. Монголын эмэгтэй улс төрчдийн тоо Ази, Номхон далайн бүсийн дундаж болох 22.9 хувь, дэлхийн дундаж 18.8 хувь руу дөхөж очсон нь дэвшилттэй үзүүлэлт болсон. Тогтвортой хөгжлийн зорилт нь илүү хүртээмжтэй, оролцоог хангасан нийгмийг бүтээх зорилготой.

-Хөгжлийн зорилтуудыг хэрхэн хэрэгжүүлэх талаар та юу гэж зөвлөмөөр байна?

-Улс орон бүр нийтээрээ хөгжин дэвшихийн тулд тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх нь та биднээс хамаарна. Тэгш оролцоотой түншлэл бол хэрэгжүүлэх гол арга зам. Тал бүрийн оролцоо тухайлбал төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, судалгаа шинжилгээний байгууллага, хэвлэл мэдээлэл, иргэдийн санаачилга нь гол түлхүүр байх ёстой. Зөвхөн улсын төсөв болон хөгжлийн туслалцааны санхүүжилт төдийгүй хувийн хэвшлийн үйл ажиллагаанд нэгдсэн бодлогын арга хэмжээ, хөрөнгө оруулалтыг тогтвортой бодлогын орчноор дэмжиж өгөх явдал юм. Монгол Улсын хувьд хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжсэн орчин бий болгох, байгаль орчинд ээлтэй технологи, эрчим хүч, бохирдлыг бууруулах чиглэлд хувийн хэвшил хөрөнгө оруулахад анхаарах хэрэгтэй гэсэн үг.

Хүн бүрийн хийж чадах, өөрсдөөсөө эхлэх зүйлс их бий. Хөгжлийг шинэ арга хэлбэрээр хэрэгжүүлэх хэрэгтэй болж байна. Хувь хүмүүс эрсдэлтэй зан үйлээ өөрчлөх, бизнес, ажил хэргээ өөрөөр явуулах, үйлдвэрлэл, хэрэглээний хэв маягаа өөрчлөх шаардлагатай болж байна. Хүн бүр хог хаягдлаа багасгах, хоол хүнсний зүйл хаяхгүй байх, ажилдаа явахдаа машин унах биш нийтийн тээврээр зорчдог байх зэрэг алхам байж болно. Энэ үйл явцад бүх хүн оролцох шаардлагатай болоод байна л даа. Харин Засгийн газар энэ бүхнийг хэрэгжүүлэх үндэс суурийг нь бэлдэж, хүн бүр хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлж өгөх ёстой юм.

Иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн хувь нэмэр чухал ач холбогдолтой. Алслагдсан орон нутаг, эмзэг бүлгийн хүн амд хүрч, тэдний дуу хоолой, саналыг бодлогод тусгахын зэрэгцээ мэдлэг, мэдээллийг иргэдэд хүргэх гүүр болж манлайлах үүрэгтэй. Тогтвортой хөгжлийн зорилтууд нь Монгол дахь НҮБ-ын ажлын гол цөм нь байх болно.

-Энэ жил Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх НҮБ-ын “Хөгжлийн тусламжийн хүрээ”-нд гарын үсэг зурсан. Ирэх таван жилд НҮБ Монгол улсыг хэрхэн дэмжиж ажиллах вэ?

-Тийм ээ. Монгол Улсын НҮБ-ын хамтын ажиллагаанд шинэ үе шат эхэлж байна. “2017-2021 онд НҮБ-аас Монгол Улсад үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичиг нь Тогтвортой хөгжлийн зорилтууд болон Монгол Улсын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тусгасан зорилтуудыг хангах, хэрэгжүүлэх арга зам болон хэрэгжүүлэх явц, хяналт, тогтолцоог тодотгож дэмжих зорилготой юм. Үндсэн чиглэлийн хувьд байгалийн нөөцийн хүртээмжтэй өсөлт, тогтвортой менежмэнтийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах, чанартай, тэгш нийгмийн үйлчилгээг дэлгэрүүлэх, олон нийтийн саналыг тусгах, тайлагнах зарчмыг бэхжүүлэх гэсэн гурван үндсэн чиглэлийг баримтална. Нийтдээ Монгол Улсад 79 сая ам.долларын хөгжлийн санхүүжилтийн үзүүлнэ. Ядуу болон эмзэг хүн ам, байгалийн болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшгийн үр дагаврыг бууруулах чадварыг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой.Нийгмийн хамгааллын оновчтой тогтолцоо, ундны ус, ариун цэвэр, эрүүл ахуй, эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн үйлчилгээнд тэгш, шударга хамрагдах нь ТХЗ болон “хэнийг ч орхигдуулахгүй” байх дэлхий дахинызорилтуудыг хэрэгжүүлэхэд гол хүчин зүйл хэмээн НҮБ үздэг.

Эдгээр ажлыг явуулахад цогц хамтын ажиллагаа, их хүчин чармайлт шаардагдах учир бидэнд НҮБ-д хөгжлийн олон салбар, нийгмийн хүрээнд хамтран ажиллах, өөрөөр бодох, ажиллах шаардлага тулгарч байна. Монгол өөрөө амжилтын түүх гэж би түрүүн хэлсэн. Танай улс одоо дунд орлоготой орнуудын эгнээнд дэвшин орлоо. НҮБ-ын хувьд энэ нь тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд ажлыг өмнөхөөс өөрөөр явуулах цаг ирсний дохио юм. Одоо шууд үйлчилгээг дэмжих зэрэгт зөвхөн бид үйл ажиллагаагаа чиглүүлэхгүй, энэ чиглэлд Засгийн газар үүргээ гүйцэтгэх бүрэн чадавхитай. Үүний тулд бид Засгийн газар, бусад бүх түншлэгчээ Монгол орны өмнө тулгарч байгаа энэ төрлийн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, тогтвортой, тэгш хөгжлийг хангахад шаардлагатай мэргэжил арга зүйн дэмжлэг, бодлогын зөвлөмж, мэдээллээр хангах чигийг барьж ажиллаж байна.

-Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахын тулд Монгол Улс ямар арга хэмжээ авах ёстой гэж та үзэж байна вэ?

-Газар зүйн онцлог, байршил, далайгаас хол эх газрын орон, экологийн хувьд хэврэг тогтолцоотой Монгол Улс нь уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн эмзэг орон юм. 2014 оны Дэлхийн уур амьсгалын эрсдэлийн индексийн эрэмбээр Монгол Улс 100 гаруй улсаас наймд орж байна. Сүүлийн 70 жилийн хугацаанд агаарын дундаж хэм цельсийн хоёр хэмээс өссөн байгаа нь дэлхийн дунджаас хавьгүй өндөр үзүүлэлт юм. Түүнчлэн дулааралтын улмаас мөнх цаст өндөр уулын мөсөн голын гуравны нэг нь хайлж ширгэж байгаа судалгаа бий. Цаашлаад экологийн тогтолцоонд дарамт учирч, бэлчээр, ой болон усны нөөцийн доройтолд хүргэж байгаа. Үүнээс хамгаалахын тулд нэн даруй арга хэмжээ авах шаардлагатай байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан нь хүний үйл ажиллагааны улмаас агаар мандалд ялгарч байгаа хүлэмжийн хий юм. Уур амьсгалын дулааралт, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчны доройтол цаашид энэ хурдаар үргэлжилбэл улс орны эдийн засгийн тогтвортой хөгжил, хүн амын эрүүл мэнд, амьжиргаанд ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх магадлал улам бүр нэмэгдэх болно. Дэлхийн хүлэмжийн хийн ялгаралтын 77 хувийг эзэлж байгаа 100 гаруй улс орон Парисын гэрээг соёрхон баталсан. Cаяхан Мароккогийн нийслэл Маракешт Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Олон улсын дээд хэмжээний хурал амжилттай болж Монгол зэрэг уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг орнуудын хувьд шинэ итгэл найдвар төрүүлсэн үйл явдал боллоо. Дэлхийн 50 улс 2030-2050 он гэхэд сэргээгдэх эрчим хүч рүү 100 хувь шилжинэ хэмээн мэдэгдэл хийлээ.

Уур амьсгалын өөрчлөлт нь байгалийн нөхцөлөөс ихээхэн хамааралтай малчид, тариаланчид, ард иргэдийн ажил, амьжиргаанд сөрөг үр дагавар үзүүлэх тул юуны өмнө уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, дасан зохицох ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна. Тухайлбал, нөлөөллийг бууруулах тал дээр нүүрсний хэрэглээг багасгах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх гэх мэт арга хэмжээг авах боломжтой. Мөн орон сууцанд дулааны алдагдлыг багасгах арга хэмжээг авч болно. Эдгээр асуудал дээр НҮБ-ын зүгээс анхаарал хандуулах ажиллаж байгааг дурдах нь зүйтэй. Харин уур амьсгалын нөлөөнд дасан зохицох ажиллагааг идэвхжүүлэх нь ялангуяа хөдөө орон нутагт малчид, тариаланчдын амьжиргааг хэрхэн тогтвортой сайжруулах тал дээр ялангуяа усны хомсдолын эрсдэлтэй үед усны хэрэглээг хэрхэн зохистой болгох тал дээр дэмжиж ажиллаж байна.

Цаашид Монгол Улс нь эдийн засгийн өсөлтөө сэргээх, уул уурхай болон ХАА-гаас хамааралтай байдлаас ангижран эдийн засгаа төрөлжүүлэх, өргөжүүлэх, эдийн засгийн өсөлтийг улам хүртээмжтэй,байгаль орчинд ээлтэй, тогтвортой болгох зэрэг сорилтууд тулгарч байна. Түүнээс гадна орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөг гаргахад байгаль орчны асуудал, уур амьсгалын өөрчлөлтийн дасан зохицох арга хэмжээ, гамшгийн үеийн эрсдэлийг хэрхэн даван туулах вэ зэрэг асуудлыг тооцож ажиллахыг тусгадаг байх нь зүйтэй. НҮБ ч энэ чиглэлд дэмжиж ажиллана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *