Categories
мэдээ нийгэм

Сугалааны мөнгөөрөө хотод байр авна

“Үнэндээ 100 саяыг хожсондоо итгээгүй. Эхлээд утсанд маань “Та НӨАТ-ын сугалаанд азтан боллоо” мессэж ирсэн. Гэхдээ хэдийг хожсоныг нь бичээгүй байсан. Гэртээ очиж баримтаа тулгахад 100 сая төгрөг хожлоо гэсэн байсан. Нэг л итгэж өгөхгүй байлаа. Баримтаа хэсэг хайсан. Гэтэл түрийвчнээс гарч ирсэн. Хотод ирээд төмөр замын KFC–гийн салбараар үйлчлүүлсэн баримтаараа азтан болсон байсан. Сугалааны мөнгөрөө хүн бүрийн мөрөөдөл, хүслэн болсон байр худалдан авна. Манай гэр бүлийнхэн Улаанбаатарт байртай болох мөрөөдлөө биелүүлэхээр шийдсэн” хэмээн өгүүлж буй хүн бол Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэн Б.Батдаваа юм. Тэрбээр худалдаа, үйлчилгээний газруудаас баримтаа үргэлж авдаг ч заримыг нь бүртгүүлж амждаггүй байжээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард гурван л баримт бүртгүүлсний нэг нь түүнийг 100 сая төгрөгийн эзэн болгосон байна.

НӨАТ-ын урамшууллын 17 дахь удаагийн сугалаа өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-ны өдөр явагдаж, нийт 6234 азтан тодорсны дотор 100 сая төгрөгийн азтан хоёр, дөрвөн сая төгрөгийн азтан тав, 500 мянган төгрөгийн азтанаар 69 хүн , 100 мянган төгрөгийн азтанаар 561 хүн, 20 мянган төгрөгийн азтанаар 5597 хүн тодорсон. Тэдгээр азтаны төлөөлөл болсон зарим хүмүүст батламж гардуулах ёслол өчигдөр (2016.12.09) Сангийн яаманд болсон юм. Азтан болсон хүмүүсийн олонх нь залуучууд байгаа бөгөөд тэдний дотор Дорноговь, Дорнод аймгийнхан ч багтжээ.

100 саяын азтанаар Дорноговийн иргэн Б.Батдаваагаас гадна Улаанбаатар хотын Баянгол дүүргийн иргэн О.Амарсанаа бас тодорсон юм. Тэрбээр Моносоос эм худалдан аваад 100 сая төгрөг хожжээ.

Дөрвөн сая төгрөгийн азтан болсон Э.Мөнхбат Дорнод аймгийн Цагаан-Овоо сумаас гэр бүлээрээ ирж, батламжаа гардан авсан юм. Э.Мөнхбат “Дорнод-Ус компаниас цэвэр ус захиалаад 4 сая төгрөгийн азтан болсон. Баримтаа байнга бүртгүүлдэг ч өмнө нь азтан болж байгаагүй. НӨАТ-ын урамшууллын талаар бараг мэддэггүй. Баримтаа бүртгүүлбэл сугалаанд оролцдог гэж сонсоод л бүртгүүлж эхэлсэн” хэмээн ярьж байна.

Одоогийн байдлаар 611’412 иргэн цахим төлбөрийн баримтын системд хэрэглэгчээр бүртгүүлснээс 17 удаагийн сугалааны тохирлоос 81’898 иргэн азтан болжээ. Нийтдээ 3.1 тэрбум төгрөгийн сугалааны урамшуулал олгоод байгаа ажээ. Ирэх оны эхний сард олгох буцаан олголтоор иргэдэд 29.4 тэрбум төгрөгийг буцаан олгох юм байна.

НӨАТ-ын азтанууд ар араасаа тодорсоор байна. Энэ жилийн хамгийн сүүлчийн сугалаа ирэх долоо хоногийн ням гаригт буюу арванхоёрдугаар сарын 18-ны өдөр тохиох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *