Categories
мэдээ цаг-үе

Фидель Кастро

Кубын удирдагч асан Фидель Кастро таалал төгсөв. Хувьсгалын удирдагч хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Кубад арванхоёрдугаар сарын тавны өдөр хүртэл гашуудал зарласан байна. Гавана хотын төв болох Хувьсгалчдын талбайд орших Хосе Мартийн нэрэмжит дурсгалын төвд түүнтэй салах ёс гүйцэтгэх ёслол болсныг мэдээлсэн билээ. 47 жил Кубыг удирдсан түүний бие муудсан тул 2006 онд дүү Рауль Кастродоо ажлаа шилжүүлэн өгсөн. Түүнээс хойш арван жил нам гүм амьдарч дэлхийн улс төрийн байдал ч эрс өөрчлөгдсөн билээ. Кубын хувьсгалын удирдагч одоогоос 10-15 жилийн өмнө хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бол түүнийг улстөрчийнх нь хувьд өнөөдрийнхөөс огт өөр хандах байсан хэмээн Испанийн “El Pais” сонинд бичжээ. Ямар ч байсан Куба төдийгүй Латин Америкийн орнуудын хувь заяаг өөрчлөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн энэ хүн ХХ зууны түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн юм.

Фидель Алехандро Кастро Рус нь коммунист үзэлдээ тууштай үнэнчээр үлдсэн улстөрчдийн нэг. Гаванын их сургуульд хуульч мэргэжлээр суралцаж байхдаа империализмын эсрэг үзэлтэй болжээ. Газрын эзний хүү тэрээр оюутан ахуйдаа барууны үзлийг баримталдаг Доминикан болон Колумбийн эрх баригчдыг эсэргүүцэх бослогод идэвхтэй оролцсон. 1953 онд Монкада хэмээх цэргийн хотыг эзлэн авах нууц ажиллагаанд оролцсон боловч энэ нь бүтэлгүйтэж баривчлагдсан байна. Тэр жил Фидель Кастрог шүүх хурал болоход “Та нар намайг буруутга, надад хамаагүй. Тэртэй тэргүй түүх намайг зөвтгөнө” гэж хэлж байсан гэдэг.

Шоронгоос суллагдсаныхаа дараа тэрээр Мексикт очиж алдарт Эрнесто Че Гевартой нэгдсэн юм. Дүү Руаль Кастро, Эрнесто Че Гевартай хамтран “Долдугаар сарын 27” хэмээн нэрлэдэг хөдөлгөөнийг удирдсан. Кубад ирснийхээ дараа Батистийн дэглэмийн эсрэг тэмцлийг өрнүүлсэн түүхтэй. Сьерра-Маэстра ууланд үзэл бодол нэгт нөхдийнхөө хамт нуугдаж байхдаа тэмцлээ үргэлжлүүлжээ. Батистүүдийн ирээдүй бүрхэг болох хэрээр Фидель Кастро улам нэр хүндтэй болсон гэдэг. Ердөө нэг жил гаруйн хугацаанд босогчдоос бүрдсэн арми байгуулж чадсан байна. Ингээд 1959 оны нэгдүгээр сарын нэгний өдөр түүний удирдсан цэргүүд Гавана хотыг эзлэн авчээ. Түүнээс хойш Фидель Кастрог Кубын хувьсгалын удирдагч гэх болсон. Ер бусын зоригтойгоороо гайхагдсан, уран илтгэгч тэрээр хэдэн цагаар үг хэлж цугларсан олныг байлдан дагуулах чадвараараа бусдыг үнэнхүү гайхшруулдаг байв. Үүнд гаднах байдал, дүр төрх нь нөлөөлсөн хэмээн зарим судлаач тайлбарласан байдаг. Зарим судлаачийн үзэж байгаагаар Фидель аргагүйн эрхэнд марксист болсон гэнэ. Улс орон нь хуучин ЗХУ-аас эдийн засгийн хувьд хараат байсантай холбоотой аж. Харин Америкийг үзэн ядах үзэл нь Фиделийн яс маханд шингэсэн гэх. 1958 онд тэрээр нэгэн танилдаа бичсэн захидалдаа “Энэ дайн дуусахаар (Батистуудын дэглэмийн эсрэг) миний хувьд өөр, илүү удаан хугацаагаар үргэлжлэх агуу дайн эхэлнэ. Тэдний (америкчууд) эсрэг дайныг эхлүүлнэ. Энэ бол миний жинхэнэ хувь заяа байх болно” гэжээ. Тухайн үед Куба нь америкчуудын очиж амарч зугаалж цэнгэдэг газар байсан. Ерөнхийлөгч агсан Ж.Кеннедигийн туслах тухайн үед Гавана хотод америкчууд хэрхэн зугаацан цэнгэдэг байсан талаар бичсэн байдаг. Фиделийн үзэн ядалт нь үүнээс улбаатай бололтой.

Кубын хувьсгалын удирдагч хуучин ЗХУ-тай ихэд дотно харилцаатай болсон нь АНУ-ын эрх баригчдад огтхон ч таалагдаагүй. Тиймээс хэд хэдэн удаа Фиделийг устгах нууц ажиллагааг зохион байгуулсан боловч бүгд бүтэлгүйтсэн юм. Кубын эсрэг эдийн засгийн хориг тавих зэрэг янз бүрийн арга хэмжээ авсан нь зөвхөн тус хоёр улсын хоорондох тэмцэл байсангүй. Капитализм, коммунизм хоёрын дундах үзэл суртлын дайн байсан юм. 1961 он нь энэ тэмцлийн оргил үе байв. Ийнхүү тэмцэл хурцдах тусам Кубын хувьсгал улам социалист өнгө аястай болж байсан гэдэг.

ЗХУ задарч, социалист гэгдэж байсан улс орнууд ардчиллыг сонгоход Кубын байдал эдийн засгийн хувьд нэлээд хэцүүдсэн. Харин саяхнаас АНУ-тай харилцаа харьцангуй сайжраад байгаа.

Кубын хувьсгалын удирдагчийг үзэл бодолдоо үнэнч байсныг нь судлаачид үнэлдэг. Гэвч нөгөө талаас нь авч үзвэл хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байсан дарангуйлагч болон хувирсан аж. Үүний уршгаар Кубаас хэдэн сая иргэн дүрвэн гарч, улс орон нь ядууралд автсан юм.

Фидель Кастрогийн аав Анхел Кастро нь Испаниас Кубад дүрвэн очиж нишингийн тариалан эрхэлдэг, нэлээд том газартай байсан гэдэг. Хүү Фиделийг нь 1926 онд төрсөн хэмээн албан ёсны бичиг баримтад дурдсан боловч үнэндээ 1927 онд мэндэлжээ. Сургуульд оруулахын тулд насыг нь нэмсэн боловч сүмд адислахад нь төрсөн он, сарыг бичсэн нь одоо ч байдаг гэнэ. Маш сурлагатай, зорьсондоо заавал хүрдэг хүү коллежоо онц дүнтэй дүүргээд Гаванагийн их сургуульд хуульч мэргэжлээр суралцсан байна. Сургуулиа дүүргээд мэргэжлээрээ ажиллаж байхдаа ядуу хүмүүст ихэд тусалдаг байсан гэдэг. Тухайн үед Кубын ардын намын гишүүн болж парламентад дэвшүүлэхээр яригдаж байтал Ф.Бастист засгийн эрхийг булаан авсан тул Кубын Конгрессыг тараажээ.

Карибийн хямрал нь Ф.Кастротой холбоотой бас нэгэн үйл явдал. 1962 онд АНУ, Кубын харилцаа нэлээд хурцадсан. Кубын эрх баригчдыг Венесуэлийн хувьсгалчдад дэмжлэг үзүүлдэг хэмээн буруутгаж тус улсын эсрэг худалдааны хориг тавьсан түүхтэй. Энэ явдал нь тухайн үедээ нэлээд шуугиан тарьсан. Кубын удирдагч байхдаа манай улсад айлчилж байсан түүний талаарх сонин баримтуудыг толилуулъя.

Кубын удирдагч агсан түүнийг төрснийх нь дараахан сүмд адисласан гэдгийг дээр дурдсан. Тэгвэл 1962 онд Католик шашны тэргүүн Иоанн XXIII түүнийг сүмийн гишүүнээс хассан байна. 1964 онд дүү Хаунито Кастро нь АНУ руу дүрвэн гарч Флорида мужид суурьшиж 1960-аад оны эхээр ТТГ-тай хамтран ажиллаж байсан гэдэг. Фидель Кастро Гиннесийн номд бичигдсэн. Тэрээр НҮБ-ын индрээс хамгийн олон цаг үг хэлсэн хүнээр тодорчээ. 1960 оны едсүгээр сарын 26-нд НҮБ-ын хуралдаанд оролцохдоо дөрвөн цаг 29 минут цаг үг хэлсэн байна. “Reuters” агентлагийн уламжилснаар Кубын Коммунист намын III их хурал дээр долоон цаг 10 минутын турш үг хэлжээ. Америкийн хоёр ч кинонд тоглосон тэрээр зөвхөн “Rolex”-ийн бугуйн цагийг зүүдэг байсан гэнэ. Кубын удирдагчийн амь насанд бараг зуун удаа халдахыг завдсан хэмээн бичдэг. Татдаг тамхи, тоглодог бейсболын бөмбөгөнд нь хүртэл хор шингээж байсан удаатай. Амь нас нь байнга дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан удирдагчдын нэг бол Фидель Кастро. Аманд нь байнга навчин тамхи зуугаастай байдаг тэрээр 1980-аад он энэ зуршлаасаа салжээ. 2000 онд Майн нэгний баярын арга хэмжээнд оролцохдоо цагаан өнгийн пүүз өмссөн байсан нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд орсон удаатай. Бүтээгдэхүүнээ сурталчлуулсан компани хариуд нь Кубын хүүхдүүдэд үнэгүй гутал тараасан гэдэг.

Фидель Кастро Нобелийн шагналт зохиолч Габриэль Гарсиа Маркес хоёр дотнын найз байсныг хүмүүс сайн мэднэ. Алдарт зохиолч Кубын удирдагчийн талаар нэгэн найздаа ийнхүү ярьжээ. Г.Маркесийн хэлснээр Ф.Кастро бол эхнээсээ л засгийн эрхийг булаан аваад түүнийгээ ямар ч хамаагүй үнээр хадгалан үлдэх зорилготой байсан гэдэг.

Ингээд нэгэн жижигхэн арал улсыг 47 жилийн туршид удирдсан. Засгийн эрхэнд удаан байх тусам улс орон нь өөрийнх нь нэгэн хэсэг мэт санагдах болжээ. Шударга ёсыг тогтоож, ард иргэдээ эрх чөлөөтэй болгох гэсэн хүн яваандаа дарангуйлагч болон хувирсан. Засгийн эрхэнд улам ганцаардах болж төрсөн дүүгээс нь өөр халааг нь авах найдвартай хүн түүний хувьд байгаагүй.

Нэгэн судлаачийн бичсэнээр Фидель Кастро бол аймшигтай чөтгөр биш гэхдээ ариун хүн ч биш байж. Тэрээр эрх мэдлийг гартаа байлгахад бүх амьдралаа зориулсан аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *