НӨАТ-ын урамшууллын 17 дахь удаагийн тохирлоор хонжвор таарсан азтануудын батламжийг өнөөдөр гардууллаа.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлснээр энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар Татварын алба улсын төсөвт 1.4 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлсний 34 хувь буюу 475.5 тэрбум төгрөг нь нэмэгдсэн өртгийн албан татварын орлого аж.
Оны эхний арваннэгэн сарын байдлаар 611,412 иргэн цахим төлбөрийн баримтын системд хэрэглэгчээр бүртгүүлэн 17 удаагийн сугалааны тохирлоос 81,898 иргэн азтан болж 3.1 тэрбум төгрөгийн сугалааны урамшуулал авчээ. Мөн дээрх иргэд албан татварын 20 хүртэл хувийн буцаан олголтоор 29.4 тэрбум төгрөгийг буцаан авах боломж бүрдээд байгаа ажээ.
Энэ удаад хоёр хүн зуун сая төгрөгийн азтан болсноороо онцлог болжээ. Тухайлбал, Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэн Б.Батдаваа Төмөр замд байдаг KFC-ийн салбараар үйлчлүүлсэн баримтаа бүртгүүлээд 100 сая төгрөгийн азтан болсон бол Улаанбаатар хотын Баянгол дүүргийн иргэн О.Амарсанаа Монос эмийн сангаас худалдан авалт хийсэн баримтаар мөн 100 сая төгрөг хожжээ.
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэн Э.Мөнхбат “Дорнод-Ус” компаниас ус захиалаад 4 сая төгрөгийн азтан болсон байна. Азтануудын батламжийг Сангийн дэд сайд Х.Булгантуяа гардуулан өглөө.
О.ӨНӨР