Categories
мэдээ нийгэм

Тээврийн сайд нарын бага хурал Москва хотноо зохион байгуулагдаж байна

Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн орнуудын Тээврийн сайд нарын бага хурал Москва хотноо энэ сарын 5-9-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Тус бага хуралд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат тэргүүтэй төлөөлөгчид оролцож, салбарын олон улсын төлөөллүүдтэй холбоо тогтоон, харилцан хамтран ажиллах боломжийг судалж байна.

Айлчлалын хүрээнд сайд Д.Ганбат Евразийн эдийн засгийн комиссын Эрчим хүч, дэд бүтцийн сайд А.О.Жунусовтой өчигдөр албан уулзалт хийлээ. Энэхүү уулзалтаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын тээврийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, “Монгол, Орос, Хятадын хооронд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан тээвэр, дэд бүтцийн салбарын төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо. Мөн Монгол Улсын ачааг Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэх нөхцлийг хөнгөвчлөх, Монгол Улсын төмөр зам, авто замын дамжин өнгөрөх тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлд хамтарч ажиллахаар тохиролцлоо.

Сайд Д.Ганбат уулзалтын үеэр зам, тээврийн салбарт Евразийн эдийн засгийн комисстой хамтын ажиллагаагаа бодитоор өргөжүүлж, гишүүн улсуудаар төмөр зам, авто замаар тээвэрлэлт хийх, үнэ тарифыг багасгах, гаалийн тариф, үйл ажиллалааг хөнгөвчлөх талаар яриа хэлэлцээ хийх саналтай байгаагаа илэрхийлсэн юм.

Уулзалтын үр дүнд тээврийн салбарын хамтын ажиллагааг идэвхижүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилгоор хоёр талын хооронд тээврийн салбарт хамтран ажиллах баримт бичгийн төслийг ойрын үед боловсруулан хэлэлцэж, хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *