Categories
мэдээ нийгэм

Авлигатай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн НҮБ-аас тунхагласан билээ. Авлигын эсрэг НҮБ-ын далбаан дор нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, Авлигын эсрэг конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулах учиртай юм.

Авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц арга хэмжээг тусгасан НҮБ-ын Конвенцийг дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл хэмээн үздэг. Монгол Улс 2005 оны аравдугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийг соёрхон баталсан. Ингэснээр манай улс авлигын эсрэг олон улсын үйл хэрэгт “алхаа” нийлүүлэх болжээ. Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар байгуулагдсанаар Авлигын эсрэг олон улсын өдрийг Монгол Улсад албан ёсоор өргөн хүрээнд арав дахь удаагаа тэмдэглэж байна.

Энэ жилийн хувьд авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан авлигатай тэмцэх үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэг, хяналтыг бий болгоход анхаарч байна. Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо, Авлигатай тэмцэх газар, Гадаад харилцааны яам хамтран “Авлига ба хүний эрх” сэдэвт бага хурлыг зохион байгуулах гэж байна. Бага хуралд Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Авлигатай тэмцэх газар, “Эмнести интернэшнл” төрийн бус байгууллагын төлөөллүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *