Ардын армийн хурандаа болон Монгол Улсын дархан аварга нарын ханагар эрчүүд эмэгтэй хүнийг голдоо суулгаж байгаад элдвээр хэлж байгаа харагдах юм даа.
Саяхан Онцгой комиссын хурал дээр Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийг хоёр талаас нь зандарч доромжилсон үйл явдал болсон. Эд бол адилхан Засгийн газрын гишүүд. Хэн хэндээ албан тушаалын зэрэг зиндаагаар илүүрхэж, ихэрхэж, омогшоод байхааргүй, эрх тэгш улс. Гэтэл өнөө хоёр эрхэм “Асуудлыг шийдэх гэж сайд болдог юм” гэж ирээд л эмэгтэй сайдыгаа олны нүдэн дээр ичиж зовох ч юмгүй аашилж байлаа. Тэдний ингэж сэлэм сугалж давшлах нь үнэхээр бүдүүлэг харагдаж байв. Орчин үеийн соёлт ёсонд ямар ч эр хүн хамт ажилладаг доод тушаалын эмэгтэй хүнтэй жентелмэн биш өнгө аясаар харьцдаггүй. Ялангуяа цэргийн офицер гэдэг бол эр улсын, жентелмэний хамгийн дээд хэлбэр байдаг. Ядарсан, зүдэрсэн хэн нэгнийг өмгөөлнө, тусална, тухайн үйл хэргийн төлөө тэмцдэг тийм л үлгэр жишээ хүний илэрхийлэл байх ёстой. Тэр хэрээр офицер хүнийг ард түмэн хүндэлж, бахархдаг. Монгол бөхийн хувьд ч ялгаагүй ёс, жудаг, хуудуугүй зангаараа түмэн олондоо дээдлэгдсэн эрхэм хүн байхыг хэлдэг. Тэр дундаа дархан аварга гэдэг бол монгол эрчүүдийн сор нь байх учиртай. Тэгээд ч Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Монголын ард түмэнд төрийн тэргүүний дайтай хүндлэгдэж ирсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн бөгөөд ялалт байгуулахад хэдхэн хувийн санал дутсан шүү дээ.
Ийм хоёр эрхэм бээлийн чинээ эмэгтэй хүнийг элдвээр хэлэх нь залуучууд болоод нийгэмд буруу үлгэр дуурайлал болно. Ухамсрын өндөр түвшинд хувийн ааш авир гаргах нь зохимжгүй. Доод тушаалын хүнээ загнаж доромжлоод зогсохгүй тэр бүдүүлэг авир гаргасан бичлэгээ зохион байгуулалттайгаар нийтийн сүлжээнд тараасан нь бүр ч муухай харагдаж байна. Үүнийг сошиалын ухамсар дорой ертөнцөд өлгөж аваад л сүйд болцгоох юм. Муу эр дайнд хөөрнө гэгчээр “Манай дарга мундаг сэлэм эргүүлсэн байна” гээд онгирч дахин, дахин тэрийгээ тарааж байна.
Үнэндээ энэ бол онгирч, сагсуураад байх үйл явдал биш л дээ. Эрхэм сайд нар мундаг байгаа ч юм биш. Эмэгтэй хүнийг доорд үзэж буй ийм үзэгдэл соёлт хүн төрөлхтөнд байж болохгүй. Тэгэхээр Монголын энэ хоёр ханхар эр сайд эмэгтэйн нэр хүндийг гутааж байгаа үйлдэлдээ уучлал гуймаар байна. Төрийн сайд хүн байж танхимынхаа гишүүнд хүйс, нэр хүнд, алдар цол, эр бяраар аархсаныхаа хариуд уучлал гуй. Хэрэв үгүй гэвэл энэ олон эмэгтэйчүүдийн байгууллага Шадар сайд У.Хүрэлсүх болон Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нарыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгээс уучлал гуйхыг албан ёсоор шаардах хэрэгтэй байна.
М.ЦЭЦЭГ