Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэвлэл мэдээлэл хэнийх ч биш байх нь туйлын осолтой

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “МҮОНРТ-ийг Засгийн газрын харьяаны нэг агентлаг болгодог юм уу гэсэн бодол төрөх боллоо. Эсвэл хуулийг нь хүчингүй болгоод шинэ хууль оруулж ирмээр юм. Тэгэхгүй бол энэ газар чинь луйврын үүр болоод байна. Хэрэгждэггүй хууль, хэрэгжүүлдэггүй дарга цэрэгтэй байх юм бол энэ газрыг Засгийн газрын харьяанд л авъя. Ингэж хариуцах эзэнтэй байлгахгүй бол болохгүй нь. Энэ Үндэсний зөвлөлийнхөн хариуцна гэж юу байхав. Та нар ер нь энэ байгууллагын хуулийг хэрэгжүүлж чадах юм уу, үгүй юм уу” гэсэн юм. Ний нуугүй хэлэхэд энэ үнэн үг шүү. Мөн О.Баасанхүү гишүүний “Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа хүн хариуцлагатай байх ёстой. Тэгэхгүй бол ялсан намын төлөө ажиллаад байна. Эсвэл ялсан намын телевиз гээд зарлачих” гэсэн нь бас үнэн. Амьдрал дээр батлагдаад байгаа үнэн. Энэ газар нь хуулиараа Олон нийтийн статустай. Өмнөх өдрийнх нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр “МҮОНРТ-ийн өмч хэнийх вэ” гэсэн асуудал босч гишүүдийн дунд яриа хөөрөө болоход “Олон нийтийн өмч” гэсэн хариулт гарч ирсэн. Өмчийн эзэн Олон нийт нь тэгээд хаана байна гээд хайгаад давхитал олдсонгүй. Монголчууд бүгдээрээ юм уу, хаашаа юм. Би лав Үндэсний телевизийн том байрыг миний өмч гэхэд итгэхгүй байна. Та ч мөн адил байх. Тэгэхээр Олон нийтийн өмч гэдэг бол хэний ч өмч биш юм байна. Ингээд УИХ-ын ТББ-ын хорооны гишүүдийг мухардалд орохыг харлаа. МҮОНРТ нь төрийн өмч биш, Олон нийтийн зөвлөлийн өмч биш. Захиран зарцуулах эрхтэйгээрээ захирлын л өмч бололтой. Яагаад гэвэл тус байгууллагын хуулиар тэр нөхөр л бүгдийг мэдэхээс өөр арга алга. Тэгэхээр ялсан намын хэн ч байсан хамаагүй захирлаар нь очиж юу дуртайгаа хийж, юу дуртайг нь захиран зарцуулж байдаг газар байснаас төр өөрийн мэдэлдээ авах нь хамаагүй дээр байлгүй.

МҮОНРТ-ийг Олон нийтийн болгох хуулийг 2005 онд тун яаруу сандруу баталсан нь үнэн хэрэгтээ их гоомой юм болжээ. Энэ том байгууллага эзэнгүй мэт болж байгаа нь цаг хугацаа өнгөрөх тусам ойлгогдох боллоо. Энэ тухай бид цөөнгүй удаа бичиж байсан. Олон нийтийн өмч гэдэг бол хэний ч өмч биш, эзэнгүй юмаа гэж. Жишээ нь энэ том, хүчирхэг телевиз эзэнгүй болсныг, маш хэврэг болсныг эртүүд орой гарсан “Цагийн хүрд”-ийн мэдээнээс ард түмэн харлаа. Гэнэтхэн гол мэдээн дундуураа ерөнхий захирлаа иддэг уудгаар нь, ажлын хариуцлага алдсан хөгийн амьтан, одоо гадаадад тэнэж явна хэмээн мэдээлээд эхэлсэн нь ард түмний нүдийг орой дээр нь гаргав. Монголын хэвлэл мэдээллийн түүхэнд байгаагүй ёс зүйгүй, увайгүй, мэргэжлийн нэр хүндийг шороотой хутгасан үйл явдал болсон. Бод доо, та захирлаар нь ажилладаг телевиз, таныг гадаадад томилолтоор явчихсан хойгуур мэдээний цагаараа таныг “Манай захирал их мөнгө идээд түүгээрээ зугаалаад явчихлаа” гэж мэдээлбэл яах вэ. Ерөөсөө ийм л юм болсон. Эндээс л МҮОНРТ-д хэн дуртай нь очоод, юу ч хийж болох юм байна, эзэнгүй айл шиг газар юм байна гэсэн ойлголт нийгэмд бат ойлгогдсон доо.

Ингэхээр л энэ байгууллагыг эзэнтэй, өмчийг нь эзэнтэй болгох арга хэлбэрүүдийн нэг нь Ц.Нямдоржийн хэлээд байгаа “Засгийн газар мэдэлдээ авъя” гэсэн санаа юм. Өөр олон арга хэлбэр байж болно. Статус нь олон нийтийнх, өмч нь төрийнх байж болно. Төр-хувийн хэвшил хамтарсан байж болно. Ер нь хуульд нь өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай болчихож. Өнөөдрийн энэ олон хувийн хэвлэл, телевиз, радиод ч Олон нийтийн статусыг оруулж болно шүү дээ. Жишээ нь сонины голын дөрвөн нүүр Олон нийтийнх байж болно. Телевизийн цагийн хэдэн хувь ч байдаг юм, олон нийтийнх байя. Тэр нүүр талбай, цагийн хөлсийг төрийн татаасаас өгдөг юм байгаа биз. Харин өнөөдрийн МҮОНРТ-ийн статус бол дэлхийн хаана ч байхгүй хэлбэр гэдгийг л олон нийт ойлголоо. Олон эзэнтэй айл эзэнгүйддэг гэдгийг өнгөрсөн нийгмээс харсан даа. Соц нийгэмд бүх өмч ард түмний нэрийн дор, бид юу ч үгүй хувхай хоосончууд л 70 жил амьдарсан. Эхнэр нь төрөхөд шөлний ганц хонь нэгдлийн даргаар цохуулж авах гэж үүдэнд нь дугаарладаг байсныг өнөөдрийн шинэ үеийнхэн мэдэхгүй. Ард түмний өмч биш даргын өмч байсан байгаа биз дээ.

Ер нь бол МҮОНРТ-ийн хууль анх гарах болсон шалтгаан нь 1999 онд “Ардын эрх” сонинг хувьчлах гэж яаруу сандруу боловсруулсан Хэвлэлийн эрх чөлөөний дөрвөн заалт бүхий хуулиас үүдэлтэй юм. Энэ хуулийн гол заалт нь “Төр засаг өөрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэсэн заалт. Өнөөдрийн шинэ нөхцөл байдалд бол төр өөрийн мэдлийн хэвлэл мэдээллийн байгууллагатай байх хэрэгтэй болжээ.

Эцэст нь хэлэхэд өнөөдөр Хэвлэл мэдээллийн байгууллагууд, сонин, телевиз, радио нь нийгэмд онцгой чухал байр суурь эзэлсэн хэвээрээ байна. Улам ч үнэ цэнэтэй, итгэл үнэмшилтэй, хуулийн хариуцлагатай болж байна. Яагаад үүнийг хэлэх болов гэхээр, нийгмийн сүлжээ буюу сошиал сүлжээ бий болсноор нийгмийн зарим хэсгийнхэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг үгүйсгэх хандлагатай болж төөрөлдсөн. Эдгээр төөрөлдсөн хэсгийнхэн одоо л өөрийн редакцийн бүтэцтэй хэвлэлийн байгууллага нь өөрсдийнх нь өмнө хариуцлага хүлээдэг болохыг ойлгож байна. Нийгмийн сүлжээ, сошиал нь хэвлэл мэдээлэл биш. Хувь хүний хоолны ширээнийхээ ардаас үзэл бодлоо илэрхийлдэг, юу дуртайгаа бичдэг тийм л бичил суваг. Тэд юу ч ярьж бичиж, хэнийг ч доромжлон гутааж болно. Хуулийн хариуцлага хүлээхгүй. Энэ нь амьдрал дээр батлагдаж байна. Сошиалаар муулж буй зүйл амьдрал дээр эсрэгээрээ зөв байгааг бид байнга харж байна. Харин зөв гэж нийгмийн сүлжээ тэр чигээрээ шагшин шуугьж буй зүйл нь амьдрал дээр хамгийн буруу, аюултай зүйл байх нь олонтаа. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийгэмд онцгой үүрэг гүйцэтгэж буй үнэ цэнэ бол тэд зөвхөн үнэн бодитой, эргээд хуулийн хариуцлага хүлээх, маш их хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарж бий болгосон контентуудыг нийгэмд хүргэж, үр дүнг нь үзэж байгаад юм.

Д.Батболд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хэвлэл мэдээлэл хэнийх ч биш байх нь туйлын осолтой​” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин” баасан гаригийн дугаараа хэвлэн уншигч, захиалагчдадаа хүргэлээ. Манай сонины өнөөдрийн дугаарт улс оронд өрнөж буй хамгийн чухал үйл явдлуудыг сурвалжлан, сонирхолтой ярилцлага, шуугиант нийтлэл гарлаа. Энд заримаас нь онцлон, тоймлож хүргэе.


Улаанбаатар хотод шинэ жилийн уур амьсгал орж, албан байгууллагууд сүлд модоо засч эхэлжээ. Айл гэр, албан газрын хоймрыг чимэх сүлд мод, түүний саа чимэг ямар үнэ ханштай худалдаалагдаж байгааг сурвалжлан өнөөдрийн дугаартаа хүргэж байна. Манай сэтгүүлчийн томоохон зах, худалдааны төвүүдээр явж хийсэн сурвалжлагыг нэг, 11 дүгээр нүүрээс уншаарай.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй хийсэн ярилцлагыг тэргүүн нүүртээ онцоллоо. Тэрбээр “Хоёр хөршийн хил
дээр цэрэг байгаа бол манайх ч
цэргээ байлгах ёстой” хэмээн ярилцлагадаа цохон хэлсэн юм. Түүний яриаг нэг, хоёр, тавдугаар нүүрт хэвлэлээ. Мөн улс төрийн мэдээлли йн хоёрдугаар нүүрт “Эмэгтэйчүүдийг дээрэлхэж
гутаасныхаа төлөө Шадар сайд
У.Хүрэлсүх, Батлах хамгаалахын сайд
Б.Бат-Эрдэнэ нар уучлал гуйх хэрэгтэй” хэмээх нийтлэлийг хэвлэлээ.

Манай “Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүр гарсан нийтлэл тэр өдрөө шуугиан тарьж, нийгмийн үзэл санааны хамгийн том талбар болж байдаг аа. Тэгвэл энэ удаагийн дугаарт “Хэвлэл мэдээлэл хэнийх ч биш байх нь
туйлын осолтой” хэмээх нийтлэл хэвлэгдлээ. Нийтлэлийн хэсгээс энд эшилбэл “… Эцэст нь хэлэхэд өнөөдөр Хэвлэл мэдээллийн
байгууллагууд, сонин, телевиз,
радио нь нийгэмд онцгой чухал
байр суурь эзэлсэн хэвээрээ
байна. Улам ч үнэ цэнэтэй,
итгэл үнэмшилтэй, хуулийн
хариуцлагатай болж байна.
Яагаад үүнийг хэлэх болов
гэхээр, нийгмийн сүлжээ буюу
сошиал сүлжээ бий болсноор
нийгмийн зарим хэсгийнхэн
хэвлэл мэдээллийн хэрэгслийг үгүйсгэх хандлагатай болж төөрөлдсөн” гэжээ.

Баримт, үйл явдлын долдугаар нүүрт “С.Зориг агсныг хөнөөсөн
гэх хэрэг мөрдөн
байцаалтад буцах уу“, “Дуучин С.Амармандахын
биеийн байдал хүнд
байгаа гэв” зэрэг мэдээллүүд гарлаа. Харин “Хүмүүс” буланд Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Саруулбуянгийн ярилцлага гарлаа. Тэрбээр ярилцлагадаа “Миний энэ насны шүтээн аугаа их Бурхан Халдун хайрхан” хэмээн онцолсон байна. Мөн “Дэлхийн спорт”-ын буланд Бразилын хөлбөмбөгийн багийнхны аймшигт ослоос золоор амьд гарсан зургаан хүний тухай гадаадын хэвлэлд бичсэн мэдээллийг орчуулан хэвлэлээ.

Эрхэм
уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл
Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн
салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн
биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах
цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19
дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн
“Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг
дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн
сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос
лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно
уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ
БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *