Герман Улсын Физик технологийн хүрээлэн(PTB)-ийн санхүүжилтээр явагддаг MEDEA төслийн хүрээнд 2016 оны арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд Ази Номхон Далайн Орнуудын Хууль эрхийн Хэмжил Зүйн Хөтөлбөр (APLMF), ХБНГУ-ын Физик-техникийн хүрээлэн (PTB) хамтран Малайз улсад зохион байгуулсан “Автомат бус жин. Хэмжил зүйн болон техникийн шаардлага” сэдэвт сургалтад ХХШБГ-ын ХХШТА-*ны дарга П.Цэрэн-Очир зохион байгуулагч талын зардлаар хамрагдаж амжилттай оролцоод ирлээ.
Энэхүү сургалтаар мэргэжлээ дээшлүүлэх, олон улсын түвшинд түгээмэл ашиглаж буй автомат бус жингийн шалгалт, баталгаажуулалтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар судлан, сургалтад хэрэглэсэн хичээлийн материал, оролцсон бүх улсуудын хэмжилзүйн байгууллагын танилцуулга, презентаци болон хэмжил зүйн чиглэлээр хөгжлийн өндөр түвшинд хүрсэн Малайз улсын Үндэсний хэмжил зүйн хүрээлэнгийн танилцуулга 2 видео материал авчирсан.
Эдгээр материал нь хэмжүүрийн улсын шалгагчдын мэрэгжлийг дээшлүүлэх, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын ажлын чанарыг сайжруулах замаар хэрэглэгчдийн эрхийг хамгаалах үйл ажиллагаанд чухал хувь нэмэр болно.
Цаашид шинээр олж авсан мэдлэгээ төв, орон нутгийн улсын шалгагч нарт болон мэргэжлийн сургалтад хамрагдах ажилтнуудад түгээх, видео хичээл болгон байгууллагын сайтад байршуулахаар төлөвлөж байна.
Азийн 11 орны хэмжил зүйн байгууллагын танилцуулгыг авчирсан нь тухайн улсуудын хэмжил зүйн хөгжил ямар түвшинд байгаа болон цаашид хэмжил зүйн салбарт хамтран ажиллахад чухал дэмжлэг болох хүчин зүйл юм. Ялангуяа өндөр хөгжилтэй Малайз улсын хэмжил зүйн салбарт хүрсэн амжилт нь манай хэмжил зүйн салбарын алсын хараагаа тодорхойлоход нөлөөлнө гэж үзэж байна.