Categories
мэдээ цаг-үе

Хөгжлийн банкинд үүссэн 13 их наядын зөрчил юунаас үүдэлтэй вэ?

Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг өнгөрсөн наймдугаар сарын 17-ны өдөр байгуулсан билээ. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус банкийг шалгаад хэд хэдэн ноцтой зөрчил илрүүлсэн тухай танилцуулсан. Тэд Хөгжлийн банкийг үүсгэн байгуулагдсанаас хойших хугацаанд татан төвлөрүүлсэн нийт санхүүжилтийн эх үүсвэр, төслүүдийн сонгон шалгаруулалт, зарцуулалт, хэрэгжилт зэргийг шалгасан байна.

Ингээд Хөгжлийн банкинд хийсэн шалгалтаар ямар, ямар зөрчил илрэв, тус банкны санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал нь ямар байгаа талаарх мэдээллийг дэлгэрэнгүй хүргэж байна.

УИХ, ЗАСГИЙН ГАЗРААС БАТЛААГҮЙ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛДЭГ БАЙЖЭЭ

Хуульд зааснаар Хөгжлийн банк нь нь Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой төрийн өмчит хуулийн этгээд юм. Тиймээс Үндэсний аудитын газар, УИХ-аас томилогдсон ажлын хэсэг өмнөх онуудад хяналт шалгалт хийж байжээ. Үндэсний аудитын газрын 2014 оны шалгалтын дүнгнэлтээс харахад Хөгжлийн банк нь зарим хувийн бизнесийг дэмжиж, компанийн зарчмаар ажиллаж байгааг анхааруулж байсан байна. Улмаар тус банкны үйл ажиллагааны эрх зүй, зохицуулалт хангалтгүй байгаа нь шударга бус өрсөлдөөнийг дэмжих үндэс болж байна гэж тодотгож байжээ. Тооцоо муутай олгосон зээлүүд нь эргээд Монгол Улсын төсөвт ихээхэн дарамт учруулж байна гэдгийг ч тайландаа тусгаад Засгийн газарт хүргүүлж байсан аж.

Мөн 2015 онд Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг Хөгжлийн банкны “Чингис”, “Самурай” бондын зарцуулалт шалгалт хийж байжээ. “Чингис” бондыг авахад үйл ажиллагааны зардалд 2012 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Монголбанк 5.4 сая ам.доллар төлсөн байна. Гэтэл үүнээс хорь гаруй хоногийн дараа Засгийн газрын тогтоолоор бондын зардалд дахин 5.4 сая ам.долларыг гаргуулжээ. Төсвийн тухай хууль зөрчиж, нэг ажлын үйл ажиллагааны зардлыг хоёр удаа төлсөн энэ зөрчилд өнөөдрийг хүртэл арга хэмжээ аваагүй гэнэ. “Самурай” бондын 290 сая ам.долларыг авахдаа нийт зээлийн 20 хувь буюу 55.7 сая ам.долларыг зээлийн зуучлалын хөлс, хүүгийн төлбөрт шууд суутгуулсан байна. “Чингис” бондын нийт санхүүжилтийн 50 хувь буюу 1.1 их наяд төгрөгийг ойрын хугацаанд эргэн төлөгдөх баталгаагүй автозам барих, Гудамж төсөл, Улаанбаатар хотын дэд бүтцийн төсөлд зарцуулсан гэж үзжээ. Нийт бондын хөрөнгийн 62 хувийг улсын төсвөөс эргэн төлөгдөх зээлд зарцуулсан нь ойрын жилүүдэд төсөвт асар их дарамт учруулах эрсдэлтэй гэдгийг ҮАБЗ 2015 онд зөвлөмжөөр Засгийн газарт хүргүүлж байсан удаатай гэнэ. Гэвч үүнийг үл тоомсорлож байсан нь Хөгжлийн банкийг өнөөгийн хүнд байдалд хүргэснийг сүүлд байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтэд дурджээ. Мөн Хөгжлийн банк нь УИХ, Засгийн газраар батлуулаагүй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг ноцтой алдаа гаргадаг байсныг шалгалтын дүн харуулав. Тухайлбал, Яармаг дахь орон сууцны хорооллын санхүүжилтийг хууль бусаар гаргасан гэнэ. Мөн Хөрөнгийн биржид 1.49 сая ам.долларын зээл дур мэдэн олгосон байна. Энэ нь Монгол Улсын хөгжлийн банкны тухай хуулийн 8.1, 10.1 дэх хэсэгт заасан УИХ-аас шаардлага хангасан төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг баталсны дагуу санхүүжүүлэх ёстой үндсэн чиг үүргээ зөрчсөн үйлдэл болжээ. Мөн зээл олгох шийдвэрийг Засгийн газар бус Хөгжлийн банкны Зээлийн хороо хуульд заасан нэгжүүдийн саналыг үндэслэн гаргах заалтыг ч зөрчсөн байна.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ӨӨРИЙН ХӨРӨНГӨ -319.6 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЭХЭРСДЭЛТЭЙ БОЛЖЭЭ

Шалгалтын явцад Хөгжлийн банк нь арилжааны банкуудад битүүмжлэн байршуулсан 49.8 сая ам.долларын хадгаламжийн хүүг авахгүй байгаа нь ажиглагджээ. Тэр байтугай хадгаламжийн хүүгийн тухай арилжааны банкуудтай байгуулсан дөрвөн талт гэрээнүүдэд тусгаагүй байсан гэнэ. Мөн арилжааны банкуудад байршуулсан хадгаламжийг нэмэх боломжтой байтал Улаанбаатар хотын банк, Капитал, Чингис хаан банкинд харилцах хадгаламжийн хэмжээг хэтрүүлсэн байна. Нийт хадгаламжийн 75.1 хувийг Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан нь банкны эрсдэлийн түвшинг нэмэгдүүлсэн гэж үзжээ. Зээлийн эрсдэлийн санг 352.4 тэрбум төгрөгөөр нэмж байгуулах, хуримтлуулж тооцсон зээлийн хүүгийн авлагыг 146.3 тэрбум төгрөгөөр бууруулж, хүүгийн орлогоос буцаах тохируулгууд хийгджээ. Энэ нь тухайн жилийн ашгийг 498.7 тэрбум төгрөгөөр бууруулснаар Хөгжлийн банкны өөрийн хөрөнгө алдагдаж -319.6 тэрбум төгрөгт хүрэхээр байгааг ажлын хэсгийнхэн дүгнэлтдээ онцолжээ. Үүгээр зогсохгүй Хөгжлийн банк нь 2014 онд Худалдаа хөгжлийн банктай гурван сарын хугацаатай 22.6 сая ам.доллар, еврогийн своп арилжаа хийж, 8.1 тэрбум төгрөгтэй тэнцэх алдагдал хүлээжээ. Гадаад валютаар илэрхийлэгдсэн актив, пассивын ханшийн тэгшитгэлээр нийт 155.3 тэрбум төгрөгийн алдагдал иений ханшаас шалтгаалан хүлээсэн байна.

ХАДГАЛАМЖ ТАТАХЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАНКУУДАД ИХХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ БАЙРШУУЛСАН НЬ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЭРСДЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ

Хөгжлийн банкны нийт активын 79.6 хувийг зээл, 5.6 хувийг үнэт цаас, 7.7 хувийг гадаад, дотоодын арилжааны банкуудад байршуулсан харилцах хадгаламж, 6.6 хувийг бусад хөрөнгө эзэлж байгаа аж. Тус банк энэ оны эхний хагас жилийн байдлаар маш их алдагдалтай ажиллахад гурван хүчин зүйл нөлөөлсөн гэж хяналт, шалгалтын багийнхан дүгнэжээ. Тухайлбал, ханшийн тэгшитгэлийн алдагдал, үйл ажиллагааны зардлын өсөлт, болзошгүй эрсдэл, хасагдуулгын өсөлт Хөгжлийн банкийг эрсдэлийн түвшинд аваачсан байна. Үүгээр зогсохгүй хадгаламж татах зөвшөөрөлгүй Чингис хаан банкинд 8.8 тэрбум төгрөг, 2.5 сая ам.доллар, 1.0 сая евро, Богд банкинд 2.0 сая еврогийн хадгаламж тус тус байршуулсан байна. Энэ нь Хөгжлийн банкны эрсдэлийн түвшинг улам нэмэгдүүлж байна гэж үзжээ.

ЦАЛИНГИЙН ЗАРДАЛ 12.4 ДАХИН НЭМЭГДЭЖ, СУРТАЛЧИЛГААНЫ АЖИЛД АСАР ИХМӨНГӨ ЗАРЦУУЛЖЭЭ

Хөгжлийн банкны үйлчилгээний зардал 2012-2016 онд 66 хувиар нэмэгдсэн байна. Үүнийг дотор нь задлан сонирхуулахад, нийт систем программ хангамжид 84 удаагийн санхүүжилт хийжээ. Даатгалын үйлчилгээний хөлсөнд гэрээгээр 554 тэрбум төгрөгийг зарцуулсан байх юм. Олон нийтэд мэдээлэл түгээхтэй холбоотой зардалд 2013 оноос 2016 оны зургадугаар сар хүртэл хоёр тэрбум 566 сая 606 мянган төгрөг, мөн 816 мянган ам.доллар зориулсан байна. Банкны үнэлгээ хийлгэхэд 2015 онд зээлжих зэрэглэл тогтоолгох зорилгоор нийт 453 сая 640 мянган төгрөгийн гэрээ хийсэн байна. Шууд худалдан авалт 2011-2016 онуудад нийтдээ 36 тэрбум 365 сая 628 төгрөг болжээ. Таван жилийн хугацаанд аудитын үнэлгээний төлбөрт 826 сая, 459 мянган төгрөг зарцуулсан гэнэ. Үүнээс гадна Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тушаалаар 2011-2016 онд гадаад сургалт, урамшуулал шагнал, уралдаан тэмцээн, томилолт зэрэг зардалд нийт гурван тэрбум 794 сая 224.479 мянган төгрөг зориулсан байна. Гадаад томилолтын тухайд 2013 онд 47 сая 125.100 мянган төгрөг, 13 мянга 819 ам.доллар байсан бол 2015 онд 318 сая 710 мянган төгрөг зориулсан аж. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын Санкт-Петербург хот руу явсан гурав хоногийн томилолтын зардал нь гэхэд 20 сая гаруй төгрөг, мөн ийм хугацаатай Хонгконгт ажиллахад 14 орчим сая төгрөг болжээ. Тэгвэл БНХАУ руу нэг хоног томилолтоор ажиллахад 14 сая төгрөг тус тус төсөвлөн баталж байсан нь шалгалтаар ил болов. Харин цалингийн зардал нь 2011 онд 373.8 сая төгрөг байсан бол 2015 оны эцэст дөрвөн тэрбум 700 сая төгрөг болж нэмэгджээ.

13 ИХ НАЯДААР ХЭМЖИГДЭХ САНХҮҮГИЙН ЗӨРЧИЛ ЮУНААС ҮҮСЭВ?

“Чингис” бондын хөрөнгийг Хөгжлийн банкинд ам.доллараар байршуулаагүйгээс эргэн төлөлтийн нийт хүүгийн зөрүүнээс Засгийн газрын хүлээж байгаа алдагдал 694 тэрбум төгрөг болжээ. Мөн Монголбанкнаас шаардсаар байхад нь биелүүлэхгүй байсаар векселийн 1.9 тэрбум төгрөгийн алдагдлыг Хөгжлийн банк үүрсэн байна. “Шинэ төмөр зам” төслийн ажлын төсөв гүйцэтгэлийг харахад хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2 сая ам.доллар, техникийн зөвлөх үйлчилгээнд 3.0 сая ам.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам.доллар, Хаан банкны зээл, хүүгийн төлбөрт 6.5 сая ам.доллар зориулжээ. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн энэ төслийн нэгжийн санхүүжилт сард дунджаар 120 сая төгрөг, зээлийн зориулалтад нийцэхгүй гадаад улсад оюутан сургасан гээд 112.6 сая төгрөгийн зардал гаргасан байна. Бас Таван толгойн цахилгаан станц, төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган ам.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд нэг сая 414 мянган ам.доллар төсөвлөн баталсан гээд өндөр дүнтэй мөнгө яригдаж байна. Дээрхээс гадна төсвөөс эргэн төлөгдөх “Эгийн усан цахилгаан станц” төслийн үйл ажиллагааны зардлыг хэтрүүлсэн байдал баримтаар харагдаж байна. Зөвхөн цалингийн зардлын хувьд гэхэд нэг сая 484.800 мянган төгрөгийг давхар тооцжээ.”Амгалан” дулааны цахилгаан станцын төсөлд Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орох хүртэлх хугацаанд гурван удаа гэрээгээр 45.54 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгожээ.

ХӨГЖЛИЙН БАНКНААС САНХҮҮЖИЛТ АВСАН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮД

Хөгжлийн банк 2012 оноос эхлэн санхүүжилт олгож эхэлсэн байна. Энэ оны арваннэгдүгээр сарын 24-ний байдлаар нийт 5.373.3 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Нийт олгосон зээлийг эргэн төлөгдөх нөхцөлөөр нь авч үзвэл улсын төсвөөс төлөгдөх төсөл, арга хэмжээ нь 54 хувь буюу хамгийн өндөр дүнтэй байна. Мөнгөн дүнгээр 2.679.9 тэрбум төгрөг ажээ. Төслийн орлогоос эргэн төлөгдөх шууд олгосон зээл нь нэг 1.483.7 тэрбум төгрөг гэнэ. Харин арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээл нь 1.209.8 тэрбум төгрөг байна.

Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээг салбараар танилцуулъя.

ŸАвтозам: 114 төсөлд 1.157.4 тэрбум төгрөг,

ŸГудамж төсөл: 95 төсөлд 134.3 тэрбум төгрөг,

ŸИнженерийн дэд бүтэц: 68 төсөлд 349.4 тэрбум төгрөг,

ŸЦахилгаан, хий, уур, агааржуулалт: таван төсөлд 349.4 тэрбум төгрөг,

ŸУул уурхай: хоёр төсөлд 5.5 тэрбум төгрөг,

ŸТөмөр зам: нэг төсөлд 347.1 тэрбум төгрөг,

ŸҮл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа: нэг төсөлд 80.0 тэрбум төгрөг,

ŸБоловсруулах үйлдвэрлэл: нэг төсөлд 7.9 тэрбум төгрөг,

ŸСанхүүгийн үйл ажиллагаа: нэг төсөлд 2.7 тэрбум төгрөг,

ŸУлсын төсвөөс шилжин ирсэн төслүүд (автозам, дэд бүтэц, бусад): 57 төсөлд 254.1 тэрбум төгрөгийг тус тус олгосон байна.

Төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй шууд зээлийн 59 хувийг төрийн өмчит компаниудад олгосон бол үлдсэн 41 хувийг хувийн хэвшилд олгосон байна. Үүнээс 17.5 хувь буюу 259.8 тэрбум төгрөг нь МАН-ын гишүүдтэй холбоотой байгаа юм. Харин 23.3 хувь буюу 345.8 тэрбум төгрөг нь АН-ын гишүүдтэй холбоотой ажээ.

ТӨСЛИЙН ОРЛОГООС 1.483.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ШУУД ЭРГЭН ТӨЛӨГДӨНӨ

Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан аж ахуйн нэгжүүдийн шууд эргэн төлөгдөх зээлийн хэмжээ нь 1.483.7 тэрбум төгрөг байгаа аж. Энд нийтдээ төрийн өмчит болон хувийн хэвшлийн 16 компанийн нэрсийг жагсаажээ. Хэн, хэн хэдэн төгрөгийг ямар төсөлд санхүүжилт хэлбэрээр зээлснийг сонирхуулъя.

1. “Монголын төмөр зам ТӨХК шинэ төмөр зам” төсөлд 14.3 тэрбум төгрөг,

2. “ДЦС-4 “ТӨХК- хүчин чадал нэмэгдүүлэхэд 19.2 тэрбум төгрөг,

3. Эрчим хүчний яам-“Амгалан” дулааны станц барихад 3.0 тэрбум төгрөг,

4. “Мон-Лаа” компани-Төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэрлэлдээ 5.6 тэрбум төгрөг,

5. “Эрдэнэс таван” толгой ХК- 372.2 тэрбум төгрөг,

6. “Багануур” ХК- Багануурын нүүрсний уурхайн хүчин чадлыг өргөтгөхөд 18.6 тэрбум төгрөг,

7. “Геологийн төв лаборатори” ТӨҮГ- Геологийн төв лабораторидоо 0.4 тэрбум төгрөг,

8. “Кью Эс Си” ХХК- Төмөртэй ордоос Хандгайт хүртэлх төмөр замд 133.7 тэрбум төгрөг,

9. “МИАТ” ТӨХК- Тээврийн үйл ажиллагаанд 152.6 тэрбум төгрөг,

10. ТОСК Буянт-Ухаа-1, 2, аймаг бүрт 1000 айлын хөтөлбөр, Шинэ яармаг орон сууцны хороолол, барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор-292.0 тэрбум төгрөг,

11. “Пи Ай ЭМ ЭМ” ХХК- Яармагийн гүүрний хажуу дахь орон сууцны хороолол-24.9 тэрбум төгрөг,

12. “МАК Цемент” ХХК Хөх цавын цемент – 133.2 тэрбум төгрөг,

13. “Монполимет” ХХК, “Монцемент билдинг материалс” ХХК-126.6 тэрбум,

14. “Эрэл” ХХК “Байшин үйлдвэрлэх комбинат” төсөл- 70.4 тэрбум төгрөг, АН,

15. “Бэрэн групп” ХХК -Барилгын арматурын үйлдвэрлэл төсөлд 32.0 тэрбум төгрөг, АН,

16. “Хөтөл” ХХК- Хөтөлийн цемент үйлдвэрлэл төсөлд 84.8 тэрбум төгрөг.

АРИЛЖААНЫ БАНКУУДААР ДАМЖУУЛАН 1.2 ИХНАЯД ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ

Хөгжлийн банк нь төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр арилжааны 11 банктай “Дамжуулан зээлдүүлэх гэрээ” байгуулан ажиллаж байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар 13 хөтөлбөрийн 1619 төсөл хэрэгжүүлэгчид 1.2 их наяд төгрөгийн зээлийг олгожээ. Эдгээр банкуудаас Голомт банкаар хамгийн их буюу 397.2 тэрбум, Худалдаа хөгжлийн банкаар 318.6 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгосон байна. Энэ дүн нь нийт дамжуулан зээлийн 60 хувьтай тэнцэх ажээ. Энэ хоёр банкнаас зээл авсан компаниудыг танилцуулъя.

Худалдаа хөгжлийн банкнаас дамжуулан зээл авсан томоохон аж ахуйн нэгжүүд:

1. “Баатарууд тэнгэр” ХХК-Мах хөтөлбөрийн хүрээнд 7.0 тэрбум төгрөг

2. “Баатрууд тэнгэр” ХХК –ЖДҮ-ийн зээлийн хүрээнд 2.0 тэрбум төгрөг,

3. “Дархан мийт фүүдс” ХХК-Экспортыг дэмжих, импортыг орлох 300 тэрбум төгрөгийн хүрээнд 2.0 тэрбум төгрөг,

4. “Дархан мийт фүүдс”-Мах хөтөлбөрийн хүрээнд 3.5 тэрбум төгрөг,

5. “Макс хотелс” ХХК, “Макс ложинг” ХХК АСЕМ-ийн хүрээнд нийт 27.0 тэрбум төгрөг,

6. “Монос групп” ХХК экспортыг дэмжих, импортыг орлох 888 төслийн хүрээнд 5.9 тэрбум төгрөг тус тус авсан байна.

Голомт банкаар дамжуулан зээл авсан томоохон аж ахуйн нэгжүүд гэвэл

1. “Номадс резиденс” ХХК – АСЕМ-ийн хүрээнд 13.5 тэрбум,

2. “Эхийн шүүдэр” ХХК-экспортыг дэмжих, импортыг орлох 888 төслийн хүрээнд 5.8 тэрбум төгрөг,

3. “Сүү ХХК”-Голомтын таван салбарын зээлийн хүрээнд 6.0 тэрбум төгрөг тус тус авчээ.

Хөгжлийн банкнаас олгосон зээлүүдийн эргэн төлөлтийн хуваарийг 2024 он хүртэл тооцоолжээ. Нийт зээлийн эргэн төлөлт 2017 онд 1.654.4 тэрбум төгрөг, 2022 онд 16664.7 тэрбум төгрөг буюу хамгийн өндөр төлөлттэй жилүүд байхаар байгаа гэнэ. 2016 оны наймдугаар сарын 16-ны байдлаар олгосон зээлүүд 2016-2024 онуудад нийт 5558.6 тэрбум байхаар тооцжээ.

БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЗӨРЧИЛ БАНКНЫ ҮНЭ ЦЭНИЙГ БУУРУУЛАХАД НӨЛӨӨЛӨВ

Хөгжлийн банкинд хяналт, шалгалт хийсэн үе үеийн ажлын хэсгийнхэн тус банкийг бүтэц, зохион байгуулалт, удирдлага, хүний нөөцийн асуудалдаа анхаарч ажиллах зөвлөмжүүдийг өгдөг байсан гэнэ. Энэ удаад ч хэд хэдэн зөрчил илэрчээ. Тухайлбал, ТУЗ нь бүтэц, зохион байгуулалтыг шаардлагатай судалгаа, шинжилгээ хийлгүйгээр хууль зөрчин өөрчилсөн байна. Мөн оны эцэст баталдаг гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулаагүй шууд томилон ажиллуулсан гэнэ. Бизнес төлөвлөгөөгөө батлахдаа Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны саналыг аваагүй аж. Судалгаагаар Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага мэргэжлийн бус, салбарын хэмжээнд удирдах албан тушаал хашиж байгаагүй, туршлага дутуугаас үйл ажиллагаанд доголдол үүсдэг байна. Хөгжлийн банкны дотоод хяналтын тогтолцоо доголдолтой, үйл ажиллагаа нь хэвийн бус, шаардлага хангахгүй байгаагаас банкны ирээдүйд сөрөг үр дагавар авчрах эрсдэлтэй гэнэ. Дотоод үйл ажиллагаанаас гадна харилцагчтай явуулж байгаа үйл ажиллагаанд хяналт дутагдах, ашиггүй ажиллах, байгууллагын үнэ цэнэ буурах эрсдэлтэй байна гэж ажлын хэсэг үзжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *