Categories
мэдээ цаг-үе

Физикийн шинжлэх ухааны доктор Цэдэнбалжирын Энхбатынд өнжлөө

Монгол Улсын Их сургуулийн Цөмийн судалгааны төвийн захирал, физикийн шинжлэх ухааны доктор Цэдэнбалжирын Энхбатынд өнжлөө. Түүний “Скалар лептокваркууд ба LHC дахь хигс бөөмийн хос төрөлт” эрдэм шинжилгээний бүтээл нь Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнгийн шилдгээр тодорсон юм. Мөн энэхүү бүтээл нь их энергийн физикийн олон улсын нэр хүнд бүхий “Journal of high energy physics” сэтгүүлд хэвлэгдсэн байна. Физикийн эрдэмтэн маань “Шинжлэх ухаан” номын орчуулагч билээ.

Тэрээр Увс аймгийн Улаангом суманд төржээ. Аав нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын харьяат бол ээж нь Хэнтий аймгийн Биндэр сумынх гэнэ. Хоёулаа барилгын инженерийн мэргэжилтэй учир алба ажлын эрхээр танилцаж гэр бүл болцгоосон аж. Цэдэнбалжир гуайнх далаад оны эхээр Улаангом руу гэр бүлээрээ томилогдон ажиллах үед хүү Энхбат нь мэндэлсэн гэдэг. “Би чинь Увс аймгийн Улаангом сумын Ю.Цэдэнбал даргын нэрэмжит I сургуульд бэлтгэл ангид явж байлаа. Дархан хотын бүтээн байгуулалт ид өрнөж байх үед буюу 1981 онд манайх нүүж ирсэн. Аав Орон сууц, нийтийн аж ахуйн дарга, инженерээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад суусан. Ээж мөн хөдөлмөр хамгааллын инженерийн хариуцлагатай албыг бүхий л насаараа хийсэн хүн” гэж тэрээр ижий аавынхаа тухай товч танилцуулав. “Манай хадам аав, ээж үнэхээр сайхан хүмүүс байдаг. Ухамсарт амьдралынхаа туршид инженерээр ажилласан хүмүүс амьдралд илүү бодитой, шударга ханддаг юм” хэмээн гэргий Ж.Отгонтуяа нь цай цүй бэлдэх зуураа хэлэв.

Ц.Энхбат багын л техник, технологид сонирхолтой хүүхэд байж. Үүнд аав, ээжийн нөлөө их байсан гэв. Зөөлөн аядуу дуутай энэ эрхэм “Би эхээс дөрвүүлээ. Надаас бусад нь барилгын инженер мэргэжилтэй. Аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн гэсэн үг л дээ.

Ээж, аав минь орос ном их авчирдаг байлаа. Манайх дүүрэн ном болсон л айл байсан. Биднийг багаас л номтой нөхөрлүүлж өсгөсөн дөө. Тэр дундаа хүүхдүүдээ шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр хөгжүүлье гэсэн зорилготой байсан шиг санагддаг юм. Тэр үед оросын “Квант” гэж сайхан сэтгүүл байсан. Янз бүрийн физикийн бодлого, багаж төхөөрөмж, хүүхэд хийж болохоор загваруудын тайлбартай. Түүнийг их сонирхон, уншдаг байв. Одоо ч аавындаа очиход тэр орос сэтгүүл номын шүүгээнд нь байж л байдаг юм” хэмээн өгүүлэв. Дунд сургуулийн сурагч байхдаа залуу зохион бүтээгчдийн дугуйланд явдаг байснаа мөн сонирхуулсан юм. Нисэх онгоц, автомашин, усан онгоц, радио холбооны төрөл гээд хэд хэдэн чиглэлээр хичээллэнэ. Дөрөвдүгээр ангиасаа автомашины төрлөөр хичээллэж, түүндээ хорхойсч эхэлсэн байна. Дур сонирхолдоо хөтлөгдөн хичээлээ орхиж, сүүлдээ муу дүн аваад эхэлсэн гэнэ. Түүнийг нь аав, ээж нь анзаарч физикийн сонгоны ангид оруулчихаж. Маш сайн багш нартай таарсан нь түүнийг ирээдүйн физикийн шинжлэх ухааны доктор болох суурийг нь тавьжээ. Наймдугаар анги төгсөх жил нь “Монгол Улсын их сургуулийн харьяа гүнзгий сургалттай дунд сургуульд хүүхдүүд шалгаруулж авна” гэх яриа гарчээ. Ингээд уг сургуульд суралцахаар математик, физикийн дэвтрээ цүнхэлсээр аавыгаа дагуулан хотод ирсэн түүхтэй.

Ерэн таван онд их сургуулиа төгсөөд ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн босго алхсанаар түүний амьдралын гараа эхэлжээ. “Биднийг оюутан болсон жил ардчилсан хувьсгал ялчихсан. Манай багш нар Социалдемократ нам байгуулчихсан. Гончигдорж гуай манай дээд талын ангийн багш байсан юм. Ид бужигнаж байлаа. Бид чинь яг л шилжилтийн үеийн оюутнууд шүү дээ” хэмээн оюутан ахуй цагийн дурсамжаасаа хуваалцлаа.

Ц.Энхбат 1998 онд магистрын зэрэг хамгаалсныхаа дараа Итали улс дахь Нобелийн шагналт Абдул Саламын нэрэмжит олон улсын Онолын физикийн төвд сурахаар болжээ. Энэ тухайгаа “НҮБ-аас гуравдагч орны эрдэмтдэд боломж олгох дэлхийн хэмжээний төв байгуулах асуудлыг жараад оноос ярьж эхэлсэн юм. Маш олон улс өрсөлдсөний дүнд Италид энэхүү төвийг байгуулахаар болсон. Энэхүү Онолын физикийн төв нь гуравдагч орон буюу шинжлэх ухаан сайн хөгжөөгүй газруудаас ирээдүйд амжилт гаргах залуучууд, эрдэмтдийг цуглуулж дэлхийн хэмжээний судалгааны орчинд авчирч ажиллуулдаг. Нэг жилийн эрчимтэй сургалтад оруулдаг юм. Одоогоор Монгол Улсаас энэхүү төвд арав гаруй залуу суралцсан юм билээ. Би гурав дахь нь болсон. Миний мэдэхээр УИХ-ын гишүүн Ундраа байдаг юм. Манай дээд талын ангийг төгссөн юм шүү дээ” гэв. Тэрээр онолын физикийн их энергийн салбарыг нь сонгон суралцжээ. Энэ сургуульд чиглэл, чиглэлээрээ дэлхийн хэмжээнд судалгаа хийдэг эрдэмтэд хичээл заадаг аж. Харин төгсөгчдөө Европын сургуулиуд руу докторын зэрэг хамгаалуулахыг чармайдаг байна. Дэлхийн хэмжээний олон ч эрдэмтэн төрсөн энэхүү төвд манайхаас мундаг залуучууд их явж байгаа гэсэн.

Тэрээр энэхүү төвдөө чамгүй амжилттай сурч, 2006 онд Америкийн Нэгдсэн Улсын Оклохомагийн их сургуульд докторын зэрэг хамгаалахаар болжээ. Тэрээр “Энэ том сургуульд сурах боломж Онолын физикийн төв болоод багш нарын дэмжлэгтэйгээр нээгдсэн юм. Манай онол, физикийн төвөөс нийт гурван оюутан шалгарч докторын зэргээ амжилттай хамгаалж байлаа. Докторын зэрэг хамгаалсны дараа Итали дахь Онол физикийн төвөөс ирж ажиллах санал тавьсан юм. Энэ байгууллагын докторын дараахь судалгааны ажил болоод бусад шалгуур нь маш өндөр. Харвард, Кембрижийн их сургуулийг төгссөн хүмүүс ч орохын тулд маш их өрсөлддөг. Ийм том газар намайг авъя гэсэн нь маш том завшаан, миний амьдралд тохиосон хамгийн сайхан боломжуудын нэг байсан. Нийтдээ дөрвөн жил ажилласан л даа. Үндсэндээ энэхүү байгууллага нь хоёр жилийн хугацаанд ажиллуулах дүрэмтэй байдаг. Хэрвээ нэмэх шаардлага гарвал нэг жил л нэмэгдэх боломжтой. Гэтэл би бүр дөрвөн жил ажилласан. Миний багш зүтгэсээр байгаад хоёр жил нэмж ажиллуулсан шүү. Маш их зүйлийг сурч, мэдсэн дээ” гэж ярилаа.

Докторын зэргээ хамгаалж ирээд удалгүй эхнэртэйгээ танилцжээ. Одоогоос яг арван жилийн өмнө 2006 оны арваннэгдүгээр сарын 26-нд танилцсан байна. Тэрээр Австри, Унгарын эзэнт улсын гол боомт байсан Триест гэх хотод амьдардаг байжээ. Тухайн хотод Италид суралцдаг оюутнууд улс тунхагласны баяраар уулзалт зохион байгуулсан нь заяаны ханьтайгаа учрах тохиол байсан гэнэ. “Аливаа зүйл учир утга, цаг хугацаатай л байдаг байх. Монголд байхдаа хүнтэй суухгүй байсан мөртлөө гадагшаа яваад л хүнтэй суучихсан.Тэнд л учрах ёстой байж дээ гэж боддог юм. Би Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг төгссөн. Одоогийн Ерөнхий сайд Эрдэнэбат бид хоёр чинь нэг анги байлаа. Хэдий үйлдвэрлэлийн менежмэнтийн чиглэлээр төгссөн боловч Тээврийн байгууллагад есөн жил менежер хийсэн. Тухайн үед гадагшаа сургуульд сурсан нь зүйтэй юм байна гэж бодоод Итали руу явсан юм. Тэр оюутнуудын уулзалтын үеэр бид хоёр ёстой л анхны харцаар дурлалцсан. Хамгийн сонин нь бид хоёр тэнд цугларсан оюутнуудаас хамгийн ахмад нь мөртлөө хоёулаа гэр бүлгүй байсан шүү” хэмээн гэргий нь анх танилцсан үеийнхээ нандин учралыг хуваалцлаа. Анх учирсан цаг үе нь нүдэнд нь харагдав уу гэлтэй тэр хоёр инээд алдан, их л жаргалтай ийн ярив.

Тэд 2010 онд Хангарьд гэж хөөрхөн хүүтэй болжээ. “Сант” сургуулийн нэгдүгээр ангийн сурагч тэрээр эхэндээ биднээс бишүүрхэн буйдангийнхаа араас ээжийгээ дуудаж байв. Хангарьд дүү нэхээд байгаа учир тэд удахгүй хүүхэдтэй болно гэсэн төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Ц.Энхбат 2010 онд Тайваний хамгийн том их сургууль болох Тайванийн Үндэсний их сургуульд уригдан ажиллажээ. Азид төдийгүй дэлхийд алдартай энэ их сургуулийн эрдэмтэд, судлаачид нь бүтээл туурвил ихтэй байдаг гэнэ. Энэ сургуульд гурван жил ажиллажээ. Түүнийг ажилд авах газрууд цөөнгүй байсан ч Монголдоо амьдрах шалтгаан нь олон. “Би анх явахдаа л Монголдоо заавал ирж амьдарна, сурсан мэдсэнээ хойч үедээ зааж сургана гэсэн бодолтой байсан. Юм сурсан бол өөрийнхөө мэдлэгийн хүрээнд үр шимээ гаргах нь зүйтэй гэж бодсон л доо. Түүнээс гадна намайг явахад аав, ээж минь 50 дөнгөж гарсан л хүмүүс байлаа. Гэтэл эргээд ирэхэд үс нь цайчихсан, тэтгэвэрт гарчихсан байсан. Тэр үед л хамт байх ёстой юм байна гэдгийг маш сайн ойлгосон доо. Ер нь ч тэгээд хүний нутгийн хөгжилд баясаад амьдарна гэдэг бол залуу насны л ажил. Гадаадад амьдрах мэдээж сайхан. Гэхдээ хүний нутаг бол хүний л нутаг шүү дээ. Нас 40 гараад эхлэхээр ёстой л сэтгэлийн дуудлага гэдэг нь юм уу, эх орноо үгүйлээд ирдэг юм билээ” гэж хуучлав. Биднийг ийн ярилцаж суух зуур бишүүрхэж байсан Хангарьд хүү “Би Италид төрсөн. Гэхдээ би монгол хүн” гэж хэвлүүхэн хэлэв.

“Монгол гурван сая хүн амтай жижиг улс. Монгол олон эрдэмтэнтэй гэдэг нь өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад худлаа юм. Манайд суурь судалгаа хийж буй эрдэмтдийн тоо 1000 хүрэхтэй үгүйтэй л байна. Нэг сая хүн амд 300 орчим гэсэн үг. Энэ тоо дундаж хөгжилтэй орнуудад 1000, өндөр хөгжилтэй оронд 2000-3000 байдаг. Гэхдээ манай оронд шинжлэх ухааны салбарт сүүлийн 100 жилийн хугацаанд асар том дэвшил гарсан. Гэсэн ч одоогийн түвшинд сэтгэл ханаж болохгүй юм. Эрдэмтдийн тооноос гадаад дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэдэн хувийг судалгаа, инновацид зарцуулж байна гэдгээр нь орнуудыг жагсаадаг. Манайх 0.17 байсан бол саяхнаас 0.23 болж нэмэгдсэн. Дэлхийд Израил таван хувиар нэгдүгээр байрт ордог. Манайх таван хувьтай харьцуулахад инээдэмтэй тоо байгаа юм л даа. Өнөөх Африкийн Зимбабве хавьцаа л яваад байна. Бас эдийн засаг хэцүү үед тийм байх ёстой гээд шаардах ч хэцүү л юм. Тиймээс энэ үед эрдэмтдийн зүгээс залуу үеэ бэлдээд, сургалтаа сайжруулаад л явж байх хэрэгтэй. Эрдэмтэд төгсөөд ирэхээр нь лабораторийг нь байгуулаад өгчих. Мэдээж түүнийгээ дагаад судалгаа нь сайжирна. Энэ мэтчилэн зохицуулаад өгвөл оюутан, залуус судалгаа хийж сурна. Одоогийн байдлаар их, дээд сургуульд сургалт, судалгаа нь салангид байгаад байна. Тэгэхээр иймэрхүү шат дараатай, бодлоготой явах хэрэгтэй юм. Үнэхээр оюунлаг, аливаад шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сонголт хийдэг ард түмэнтэй байхын тулд энэ салбарт хөрөнгө зарцуулах л хэрэгтэй. Цаг алдахгүй, зөв бодлогоор дэмжээд л явчих юм бол Монголын шинжлэх ухаан хурдан хөгжинө. Монгол Улс зайлшгүй хол харж чадвал эх орноо зөв түвшинд авч явах салбар бол шинжлэх ухаан, технологийн салбар юм” гэж ярилаа.

“Би шинжлэх ухаан сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ энэ салбарт хань минь сэтгэл зүрхээ зориулж яваа болохоор асуудлыг нь чихнийхээ хажуугаар өнгөрүүлээд сууж чаддаггүй юм. Шинжлэх ухааны академид дадлагажигч ажилчдын цалин бол маш бага. Ер нь эрдэмтэн, докторуудынх нь ч мөн адил. Банкны теллер тэгэхэд хавь илүү авч байна. Гадаадад физикийн чиглэлээр доктор хамгаалсан нэлээд хүн бий. Гэхдээ манай хүн шиг хүрээлэндээ ирж ажиллаж байгаа нь маш цөөн. Тиймээс ийм хүмүүсээ алдахгүй байх л хэрэгтэй. Улсаас мөнгө авч сураагүй хэрнээ л эргээд Монголдоо ажиллаж байгаа юм” гэж гэргий нь хэлэв. Тэрээр эрдэмтдийн өмнөөс их бухимддаг нь ажиглагдаж байв. Харин Ц.Энхбат “За Туяа минь бухимдаад яахав. Болно, хөгжинө. Уурлаж бухимдаад хувьсгал гаргаад бүх зүйл сайн сайхан болно гэж байдаггүй юм. Бодлоготой, төлөвлөгөөтэй байж л бүтдэг. Хурдан, гоомой хийсэн юм үр дүнгээ өгөхгүй” хэмээн инээмсэглэж харагдсан.

“Манай хүн бол салбараа өмөөрнө. Бодит үнэнийг нууна шүү дээ. Гэхдээ ханиараа маш их бахархдаг. Их сургуулийн оюутнуудад ганцхан цагийн хичээл заахын тулд шөнөжин сууж судалдаг. Тайваньд байхдаа хоногийн 24 цагийн, 18-19 цагт нь ном, компьютер шагайгаад л суудаг байлаа. Хэрэв нөхөр маань бизнесмэн хүн байсан бол тийм их цагийг ажилдаа, мөнгө олохын тулд зарцууллаа гэж би бухимдах л байх. Номын хүн гэдэг цаанаа л өөр байдаг. Ёстой л гэрэл цацруулсан сайхан хүн дээ миний хань. Мэдэхгүй юм их ховор шүү дээ. Хэн ч мэдэхгүй улсын Ерөнхийлөгчийг асуухад ч мэднэ. Нөгөө “80 саяын уналт” нэвтрүүлэгт хамтрагч олоод орвол яадаг юм бол гэж бодоод байгаа юм” гэхэд Ц.Энхбат “Тийм биш ээ, манай хүн намайг илүү магтаж байна” гээд даруухнаар хэлсэн юм.

Энэ гэр бүл зундаа дугуйгаар аялах, бассейнд сэлэх тун дуртай гэсэн. Харин амралтын өдрүүдээр тогтмол кофе шопт орж гурваас дөрвөн цагийг ном уншиж, хичээлээ давтан, ер нь хийх дуртай зүйлээ хийн өнгөрүүлдэг аж. Энэ нь бүр хэвшчихсэн учир амралтын өдрөөрөө кофе шопт ороогүй бол шинэ долоо хоног урам муутайхан эхэлдэг гэж байв. Ц.Энхбат доктороос судалгаа, бүтээлийнх нь талаар асуухад ийм хариулт өгсөн юм. “Би Шинжлэх ухааны академийн физик, технологийн хүрээлэнд судалгаагаа үргэлжлүүлж байна. Их энергийн физикийн судалгаа хийдэг. Тэр дундаа хигс бөөмийн судалгааг хийж байна. Хигс бөөм гэдэг нь материт масс олгодог бөөм гэсэн үг л дээ. Одоогийн байгаа онолыг нь өргөтгөж судалж байгаа юм. Шинжлэх ухаан төдийлөн сайн мэддэггүй хүмүүс хэзээ үр дүнгээ өгөх, эдийн засагт ямар ашигтай талаар асуудаг юм. Энэ талаар тайлбарлая л даа. Альберт Эйнштэн “Харьцангуй ерөнхий онол”-оо 1915 онд дэвшүүлсэн. Энэ нь таталцлын онол л доо. Энэхүү онол нь өнөөдөр бидэнд үр ашгаа өгч байгаа. Тодруулбал, бидний өдөр тутам хэрэглэж буй утсан дахь GPS юм. GPS амжилттай ажиллаж байгаа нь тэр онолуудыг сайтар тооцсонтой холбоотой. Ойролцоогоор зуун жилийн дараа үр дүнгээ өгч байгаа биз. Мөн 1905 онд нэгэн эрдэмтэн 26 насандаа шинжлэх ухааны дөрвөн өгүүллийг бичсэн. Тэр дөрвөн өгүүлэл дөрвүүлээ хувьсгал авчирсан юм. Түүний нэг нь квант механикийн онол. Орчин үеийн бүх хагас дамжуулагч, интеграл системүүд, компьютерийн амин сүнсүүд квант үзэгдэл дээр үндэслэдэг. Хиймэл дагуул, харилцаа холбоо, телевиз ч мөн ялгаагүй. Тэр үед энэхүү үзэгдлийг нээхдээ байгалийн тулгуур хуулийг нээлээ гэж бодсоноос биш өнөөдрийн техник технологийн хөгжилд маш чухал үүрэгтэй гэдгийг мэдэхгүй л байсан. Түүнээс хойш зуун жилийн хугацаанд технологийн тал дээр их судалгаа шинжилгээ хийгдэж, бүхэл бүтэн том салбарууд ч бий болсон. Яг үнэндээ суурь судалгааг нь хийсэн хүн ийм өндөрлөгт хүрнэ гэдгийг мэдэхгүй. Тэгэхээр эрдэмтэд, судлаачдад таньж мэдэх, байгалийн зүй тогтлыг нээх зорилго тэмүүлэл л байна уу гэхээс мөнгө, эдийн засгийг нь бодож судалдаггүй юм. Шинжлэх ухаан яаж хөгждөг вэ гэхээр тухайн хүнд танин мэдэхүйн судалгаа хийх эрх чөлөөг нь олгоход байдаг. Харин тэр судалгааны үр дүнгээс эдийн засгийн ашиг олох нь тусдаа асуудал. Технологийг хөгжүүлдэг хүмүүс нь тусдаа юм шүү дээ. Гэхдээ гинжин холбоотой байх нь гарцаагүй. Түүнчлэн олон нийтэд шинжлэх ухааны ололт, амжилтыг таниулахын тулд Засгийн газраас хөрөнгө зарж байх ёстой. Тийм мэргэшсэн хүмүүс ч байх хэрэгтэй юм. Шинжлэх ухааныг таниулаагүй учраас нэгэн эмэгтэй мөнгө дуудна гэхэд л бөхийн өргөө дүүрэн хүн цугларч, духандаа 20 мянган төгрөг наачихаад мөнгө дуудлаа гэж итгээд байгаа юм шүү дээ. Дээрээс нь тэр хүнд итгүүлэх авьяас байгаа нь мундаг юм л даа. Гэхдээ ард түмнээ муулах нь хаашаа юм. Бид л ард түмэндээ духандаа хиртэй түрүйвчээ наагаад баяждаггүй юм аа гэдгийг ойлгуулаагүй байна” гэсэн юм.

Тэднийх 15 жилийн турш Итали, Америк, Тайваньд амьдарчээ. Монголдоо ирээд гурван жил болж байгаа гэнэ. Одоогийн “Marshal town” дахь гурван өрөө байрандаа ороод удаагүй байгаагаа дуулгалаа. Монгол Улсын ирээдүй болсон физикийн шинжлэх ухааны эрдэмтнийд өнжсөн тэмдэглэлээ товчхон хүргэлээ.

О.Ариунцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *