Categories
мэдээ цаг-үе

Н.Амгалан: Сийлэгмаа бид хоёрын “Ханан сүлжээ нэхээс” дууг ард түмэн сонсохыг хүсдэг

Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин, МУГЖ Н.Амгалан хэдхэн хоногийн дараа “Ардын дуундаа жаргалтай” нэртэй уран бүтээлийн цэнгүүнээ хийх гэж байгаа юм. Түүнтэй уулзаж ярилцсанаа сонирхуулъя.


-Та бол ардын дуугаар дагнасан уран бүтээлч. МУГЖ Б.Сийлэгмаа та хоёрын дуулсан “Ханан сүлжээ нэхээс”-ийг “Монгол тулгатны 100 дуу”-д оруулан дүрсжүүлсэн бичлэгийг саяхан үзлээ. Энэ дууг хамтран дуулах болсон талаараа яриач?

-Энэ бол 1988 онд зохиогдсон дуу. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл бид хоёр дуулж байгаа. Яагаад ийм урт удаан настай дуу вэ гэхээр, бид хоёрт зориулж хийгдсэн бүтээл. Тиймээс өнөөдрийг хүртэл үзэгчид, сонсогчид маань шинэ мэт хүлээж авдаг. 1980, 1990-ээд онд төрсөн хүүхдүүд ч шинэ дуу юм уу гэдэг. Энэ дуу маань үе, үеийн сонсогчдын сонорыг мялааж байгаад баяртай байдаг. “Ханан сүлжээ нэхээс” дуунаас хойш Б.Сийлэгмаа бид хоёрын хамтран дуулсан олон дуу бий. “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Алтан сайхан хоёр луу” гээд. Хамгийн сүүлд Саруулбуянийн шүлэг, Батсүрэнгийн ая “Эрхний хээ” хэмээх дуу дуулсан. Энэ дуугаа хэдхэн хоногийн дараа болох уран бүтээлийн цэнгүүнийхээ үеэр үзэгчдийн хүртээл болгоно.

-Та бие даасан уран бүтээлийн цэнгүүн дээрээ “Ханан сүлжээ нэхээс”-ээ дуулах уу. Энэ дууг яагаад дуулах болсон юм бэ?

-Б.Сийлэгмаа тоглолтод оролцож байгаа л бол “Ханан сүлжээ нэхээс” дууг ард түмэн сонсохыг хүсдэг юм. Бид хоёр хааяа өөр дуу дуулъя гэхээр ард түмэн ч заавал энэ дууг сонсох гээд байдаг юм л даа. Тиймээс дуулалгүй яахав. 1987 онд Б.Сийлэгмаа бид хоёр Хилийн цэргийн ансамбльд хамт орсон. Тухайн үед уран сайхны удирдаачаар нь миний хайртай багш урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Бадарч ажиллаж байлаа. Тухайн үед нэг нь сопран, нэг нь альт хоолойтой хоёр ижилхэн охин яваад байж л дээ. Тэгээд бид хоёрт зориулж нэг дуу хийе гэж бодож. Тэр үед театр зэрэг урлагийн газруудад утга зохиолын ажилтан гэж байлаа. Тэгээд бодлогоор дуу, шүлгийг нь дуучдадаа зохионо. Манайд ийм уран бүтээл хэрэгтэй юм байна гээд бүтээлээ туурвидаг байж. Яг ийм байдлаар бид хоёрт зориулж энэ дууг зохиосон түүхтэй. Яруу найрагч Б.Доржпалам, УГЗ Д.Бадарч гэж энэ хоёр агуу хүн зохиосон. Ингээд дуугаа хийчихээд, хувцасныхаа эскизийг гаргаж, багштайгаа хамт Их дэлгүүр рүү ороод дээлнийхээ өнгийг сонгож авсан. Энэ л өнгө таарна гээд надад ногоон, Сийлэгмаад бор өнгийг авч байлаа. Унждаг сувдан ээмэг, бас сийрсэн малгай авч өгөөд, дээлнийх нь эмжээрийг хүртэл ижилсүүлсэн. Ингэж дуу маань бүтсэн дээ.

-Энэ дуугаа анх Хилийн цэргийн ансамблийн тоглолт дээр дуулсан гэсэн. Үзэгчид хэрхэн хүлээж авч байв?

-Маш сайхан хүлээж авсан. Энэ дууны үг нь ч тэр, ая нь ч тэр ардынх юм шиг. Бид хоёр ч хүүхэд байсан болохоор хүмүүс их өхөөрддөг байлаа. Шляп малгай тавиад, цагаан ороолт зүүчихээд л. Хүрээ хүүхэн шиг, хувцаслалт ч тэр, донж маягийн хувьд ч тэр нэгэн цаг үеийг санагдуулсан байна л даа. 1980-аад онд энэ дуугүй юм байгаагүй. Дуэт дуу маань үнэхээр олон түмэнд хүрсэн. Өмнө нь бол дуэт зөндөө дуулагдаж байсан л даа. Цэцэгээ, хүүхдийн дууны Долгор гуай нар хоршин дуулсан байдаг. Гэхдээ эмэгтэй хоршил дуу өгүүлэгдэж байсан үе. Б.Сийлэгмаа бид хоёрт ороогүй тоглолт, концерт гэж байгаагүй. 1980-аад онд бол одоогийн хэлдгээр энэ дуу хит болж байлаа.

-Та хоёрын хослон дуулсан “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай” гэж бас нэгэн сайн дуу бий.

-Энэ бас их сайхан дуу. Гэхдээ энэ дууг бид хоёроос өмнө олон сайхан дуучид дуулчихсан байсан. Бид хоёрыг Хилийн цэргийн ансамбльд байсан учир бодлогоор дуулуулсан. Аливаа бүтээл уламжлагдаж байдаг болохоор.

-Сүүлийн үед ямар шинэ бүтээл туурвив?

-Би 23 жил Үндэсний урлагийн их театрт ажиллаж байгаа уран бүтээлч. 1993 оноос эхлэн ажилласан. Хуучнаар бол Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга маань жилд хоёр удаа уран бүтээлээ тайлагнадаг. Тэр бүгдийг алгасдаггүй. Манайх хорин хэдэн дуучинтай, тиймээс ч бүх тоглолтод оролцдог. Бүжгийн дуугаа ч дуулна, гоцлолоо ч дуулна. Миний хамгийн сүүлд гаргасан том бүтээл гэх юм бол 2015 онд найруулагч Ганболдын тавьсан “Оройн дээд” нэртэй дуулалт жүжгийн Дондогдулам их хатны дүрд тоглосон. Энэ бол үнэхээр гайхамшигтай дүр. Ийм мундаг түүхэн хүний дүрд би хоёр дахь удаагаа тоглолоо. Хоёр дахь нь найруулагч Болдын “Үлэмжийн чанар” гээд дуулалт жүжгийн хутагтын баруун гар байсан Дачура хэмээх бодит хүний дүр. Ийнхүү уран бүтээлээ хийгээд ер нь их завгүй л явна. Энэ жил манай Үндэсний урлагийн их театр АСЕМ-ын үеэр тоглолт хийлээ. Монголын нүүр царай болсон энэ театрт хийх ажил зөндөө, тиймээс ч завтай байх нь ховор.

-Та бие даасан уран бүтээлийнхээ тоглолтоор үзэгчдэдээ ямар “бэлэг” барих гэж байна?

-Уг нь бол энэ нууц байсан юм. Гэхдээ яахав хэлье. Би хүүхэд байхаасаа л Д.Бадарч багшийнхаа “Хөх даалимбан тэрлэг”-ийн бүүвэйн дууг хоортой дуулж үзэх юмсан гэж мөрөөдсөн. Энэ мөрөөдлөө биелүүлж байгаа. Цэргийн дуу бүжгийн ансамблийнхаа жаз оркестртой, хоортой дуулна. Өчигдөр би очоод бэлтгэлээ хийхэд багш маань нүдэнд харагдаад хоолой зангирч байлаа. Хүн нас ахиад ирэхээр багшийгаа их санадаг юм байна. Бүтээлээ хийгээд явахаар тэр сайхан багш нарын хүчинд өдий зэрэгтэй яваа даа гэж улам их бодогдох юм.

-Таны багш УГЗ Д.Бадарч бол Монголын урлагт өөрийн хувь нэмрээ оруулсан хүн. Багшийнхаа тухай яриач?

-Миний багш үнэхээр агуу хүн байсан. Түүний зохиосон дуунуудыг одоо ч залуучууд дуулдагт их баярладаг. Би ч багшийнхаа дууг залуучуудад өгч дуулуулдаг. Багш маань эгэл даруу, ихэмсэг сайхан, маш сайхан инээмсэглэдэг хүн байлаа. Би багшийнхаа уурлаж байгааг хараагүй, дандаа л инээмсэглэж явдаг. Ямар ч сайхан царайлаг хүн байсан юм бэ дээ. Их гоё үстэй, сайхан хүн байсан даа. Багш маань нэг их сургаал хайрлаад байдаггүй хүн л дээ. Сайхан дуулах хэрэгтэй л гэж хэлдэг байсан. Дуучин хүн бол дуулж л явах хэрэгтэй гэнэ. Хүн ирээд чамайг дуулаад өгөөч гэвэл гүйж очоод л дуулаад өг гэнэ. Дуулж л байвал сайхан уран бүтээл хийнэ гэдэг байлаа. Тэр үед их дэгтэй байсан. Багшийгаа хараад хамаагүй юм ярихгүй, их хайрлана бас эмээнэ, болгоомжилно. Юу гэж хэлэх вэ, юу гэж асуух вэ гэж их боддог, хүмүүжилтэй байлаа. Багшийгаа бид чинь аав гэж дууддаг байсан. Морины Батбаяр, Сийлэгмаа бид хэд ингэж дуудна. Багш маань ч яг л аав шиг минь байсан. Биднийг “Миний охид” гэнэ. Тухайн үед намайг ирэхэд Ардын жүжигчин Д.Лувсаншарав гуайд “Чамд хоёр сайхан охиноо өглөө. Миний хоёр охины уран бүтээлийг нь дэмжиж байгаарай” гэж захисан байдаг. Би чуулгад ирэхдээ Цэргийн дуу бүжгийн ансамбльд орлоо гээд худлаа хэлсэн юм. Тэгэхгүй бол тухайн үед намайг бас явуулахгүй байсан. Гэтэл багш маань аль хэдийнэ мэдчихсэн, цаагуур нь захиж байсан байгаа юм. Бүр сүүлд нь Д.Лувсаншарав гуай надад түүнийг нь хэлсэн.

-Таны хүү морин хуурч гэж сонсон юм. Таны тоглолтонд оролцох уу?

-Би урьд урьдынхаа тоглолтонд хүүгээсээ гадна ахыгаа оролцуулдаг байлаа. Ах маань манай театрт эвэр бүрээчин, саксфон, бишгүүр тоглоно, надаас илүү авьяастай хөгжимчин бий. Энэ удаад ах, хүү хоёроо оруулахгүй гэж бодож байгаа. Урьд нь үзсэн тоглолт мэт болчихно. Тиймээс энэ удаад ЦДБЭЧ-ын уран бүтээлчидтэй, манайд тавигдсан дуулалт жүжгүүдээсээ толилуулна. Зөвхөн дуулаад байдаггүй бас дуулалт жүжгүүдэд тоглосон юм шүү гэдгээ харуулахыг хичээсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *