Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн түншүүдтэйгээ зөвлөлдөх уулзалтыг хийлээ. Уулзалтад Сангийн сайд Б.Чойжилсүрэн илтгэл тавьлаа. Тэрбээр, Монгол Улсын эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч урт хугацаандаа өөдрөг байхаар төсөөлөлтэй байгаа гэж хэлсэн. Төгрөгийн доллартай харьцах ханш тасралтгүй буурч, гадаад худалдаа саарч байгаа энэ үед салбарын сайд эдийн засгаа ийнхүү харж байгаагаа илэрхийлэв.
Уулзалтыг нээж үг хэлсэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мөн л эдийн засгийн энэхүү хүндрэлийг богино хугацааных хэмээн дүгнэсэн. УИХ-аар 2017 оны төсвийн төсөл, Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг дөнгөж батлуулаад байгаа Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчид, түншүүддээ анх удаа эерэг мэдээлэл өгч байгаа нь энэ байх.
Ерөнхий сайд, Сангийн сайд, бусад яамдуудын холбогдох албан тушаалтнууд болон Монгол Улсад суугаа Элчин сайдууд, Дэлхийн банк, ОУВС-ийн суурин төлөөлөгчид, Олон улсын банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчид оролцсон тус уулзалтын үеэр харин Хөгжлийн түншүүд буюу хандивлагчид хэрхэн дүгнэж байгаа нь сонирхолтой.
Уулзалтад илтгэл тавьсан Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Берт Хофман манай Сангийн сайдын хэлснийг баталсангүй.Тэрээр “дэлхийн эдийн засагт түүхий эдийн үнэ ноёлж байсан мөчлөг дууссан нь Монгол Улсад сөргөөр нөлөөлж байгаа. Мөн сүүлийн хэдэн жилд эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр болж ирсэн Азид сүүлийн жилүүдэд энэ нь суларч байна. БНХАУ-ын эдийн засаг урт хугацаандаа сайжрах хэдий ч ойрын жилүүдэд савлагаатай байна. Үүнээс Монгол Улсын эдийн засгийг авч үзвэл, өсөлт байнга буурч байгаа бөгөөд өөдрөг байх хандлага харагдахгүй байна” хэмээн ярьсан.
Түүний тайлбарласнаар энэ нь мэдээж манай гадаад зах зээлтэй холбоотой. Ойрын хугацаанд дэлхийн эдийн засгийн эргэлт суларч, худалдаа удааширсан байна. Дэлхий нийтээр санхүүгийн нөхцөл байдал хумигдах хандлага байгааг ч хэлж байгаа юм. Дунд хугацаанд дэлхийн эдийн засгийг авч үзвэл, хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт буурахын зэрэгцээ дефляцийн дарамт нэмэгдэж байгаа аж. Энэхүү дэлхийн худалдааны удаашрал нь Азид түүгээр дамжуулан Монголд ч нөлөөгөө үзүүлэх хандлага байгаа гэж Берт Хофман онцоллоо.