Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлийн төсвийг батлав

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит VI хуралдаан өнөөдөр Хангардь ордонд боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2017 оны төсөв батлах тухай, Нийслэлийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, Нийслэлийн өмчөөс 2017 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай, Хувьчлалын жагсаалтаас эд хөрөнгө хасах тухай гэсэн дөрвөн асуудал хэлэлцсэн юм. Төсвийн анхны хэлэлцүүлэг хийсний дараа НИТХ-ын хороод, намын бүлгээр хэлэлцэж, өнөөдөр санал дүгнэлтээ танилцууллаа. Нийслэл улсын төсөвт 89.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.

2017 оны төсвийн төсөлтэй танилцахад төсвийн ихэнх хувийг эзэлж буй нийгмийн халамж, нийтийн тээврийн нөхөн олговрын зардлын асуудлыг холбогдох салбарын яамдын төсөвт тусгуулах асуудлыг шийдвэрлэх нь нэн тэргүүний тулгамдсан асуудал болсон нь харагдаж байна.

Нийслэлийн орон нутгийн төсвийн нийт орлогыг 542.1 тэрбум төгрөг, нийт урсгал зарлагыг 295.7 төгрөгөөр тус тус хянаж Төсвийн тухай хуулийн 56 зүйлийн 56.2.2 дахь заалтын дагуу 89.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тусгажээ. Нийслэлийн орон нутгийн сангийн хөрөнгийг 2016 оны батлагдсан дүнгээс 2.2 тэрбум төгрөгөөр бууруулж 12.1 тэрбум, Улсын тусгай шилжүүлгээр санхүүжүүлэх нийслэлийн боловсрол, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, хүүхэд хөгжил, хамгаалал, газрын харилцааны салбарын санхүүжилтийг өмнөх оноос 17.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 321.7 тэрбум төгрөг байхаар баталсан байна.

НИТХ-аас Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015-2017 онд он дамжин хэрэгжүүлэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын хойшлогдож буй 13.711.9 сая төгрөгийг нийслэлийн 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсөвт тусгаж батлуулахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод даалгалаа.

Өөрөөр хэлбэл Нийслэлийн 2017 оны төсөв нь бүхэлдээ иргэдийнхээ тав тухтай амьдрах орчин нөхцӨлийг бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хот тохижилт, бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлэх, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн салбарт ахиц авчирч чадахуйц төсөв боллоо гэж үзжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *